Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2017/00398

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум Өвгөнжаргалант 3 дугаар багт оршин суух, ВГ64011518 регистрийн дугаартай, Цагааныхан овогт Лхагваагийн Ганбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-10-48 тоотод оршин суух, Даваадоржийн Батбаярт холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.

2016 оны 12 сарын 22-ны өдөр Д.Батбаяр надаас 1 тонн аарцыг 1 киллограммыг 1300 төгрөгөөр бодож мөнгийг 5 хоногийн дараа өгнө гэж хэлээд авсан. Гэтэл 700.000 төгрөгийг өгөөд одоо үлдэгдэл 600.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул Батбаяраас гаргуулж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Миний аав Л.Ганбат нь Д.Батбаяраас аарцны үнийн үлдэгдэл 600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие Г.Балжмаа нь Л.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус нэхэмжлэлийн 300.000 төгрөгөөс татгалзаж, 300.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрлээ.

Энэ талаар дахин маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Л.Ганбат нь Д.Батбаяраас аарцны үнийн үлдэгдэл 600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие А.Эрдэнэмөнх нь Д.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Л.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгөөс татгалзаж, 300.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрлээ. Энэ талаар маргах зүйлгүй.. гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбат нь Д.Батбаяраас “Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 600.000 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.

Л.Ганбат нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр 1 кг аарцыг 1.300 төгрөгөөр бодож 1 тн аарцыг 1.300.000 төгрөгөөр хариуцагч Д.Батбаярт зээлээр худалдсан болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Д.Батбаяр нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа нэхэмжлэлийн шаардлагаасаа 300.000 төгрөгөөс татгалзаж, 300.000 төгрөг гаргуулахаар, хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх нь 300.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон        

                                                                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа нь “Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх нь 300.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 9325 төгрөг , хариуцагч Д.Батбаяраас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Д.Батбаяр сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ