Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2017/00400

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баацагаан сум 2 дугаар багт оршин суух, ВЖ66081202 регистрийн дугаартай, Боржигон овогт Санжхүүгийн Юндэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч С.Юндэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Би 1981 оноос 1989 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаагаар ажилласан жилээ шүүлгэхэд зарим ажиллаж байсан жил гараагүй.

Иймд тус нэгдэлд хамт ажиллаж байсан О.Лхагвасүрэн, В.Цэрэндорж нарыг гэрчээр асууж, 1981 оноос 1989 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний эхнэр С.Юндэгмаа нь 1981 оны 05 сарын 20-ны өдрөөс илгээлтээр мал маллаж одоог хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумандаа мал малласаар байна. Одоо тэрээр сумдаа байгаа тул хүрэлцэн ирээгүй. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөн тэтгэвэртээ гарах болсон тул 1981 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.Ажиллаж байх хугацаандаа цалин орлого нь нөхрийн нэр дээр бодогддог байсан, хүүхэд төрүүлсэн хугацааны жилүүд бичигдээгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул архивын лавлагаа гаргасан. Зарим онуудад лавлагаа гараагүй тул гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг үндэслэн тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар С.Юндэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 2778 дугаар лавлагаа, 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 324 дугаар лавлагаа, 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 596 дугаар лавлагаа, Б.Доржбат, В.Бадамсамбуу нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.Юндэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.Юндэгмаа нь 1981 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 2778 дугаар лавлагаа, 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 324 дүгээр лавлагаа, 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 596 дугаар лавлагаануудаар С.Юндэгмаа нь 1983-1986 онуудад ажиллаж, цалин авч байсан талаар баримт гарсан бол гэрч Б.Доржбат, В.Бадамсамбуу,х үсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Бат-Очир нар нь С.Юндэгмаатай 1981-1994 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд хамт мал маллаж, ажиллаж байсан талаар мэдүүлжээ.

Түүнчлэн С.Юндэгмаа нь 1985 оны 01 сарын 11, 1986 оны 09 сарын 23, 1989 оны 10 сарын 07, 1996 онуудад тус тус хүүхэд төрүүлж өсгөж байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Энэ нь тухайн үед хүсэлт гаргагч ажиллаж байх үедээ хүүхэд төрүүлж жирэмсний амралт авч, энэ хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдож байсныг илэрхийлж байна.

Иймд Боржигон овогт Санжхүүгийн Юндэгмаагийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Санжхүүгийн Юндэгмаагийн 1981 оны 05 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг С.Юндэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ