Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2017/00409

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7 дугаар баг, 22 гудамж, 20 тоотод оршин суух, ВБ82072709 регистрийн дугаартай, Отогной овогт Болормаагийн Ууганбаяр

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянлиг сум 5 дугаар багт оршин суух, ВБ82080619 регистрийн дугаартай, Цэрэнсоном овогт Цэрэннадмидийн Цэндцэвээнд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ууганбаяр, хариуцагч Ц.Цэндцэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Цэндцэвээнтэй 1999 онд танилцан, 2000 онд гэр бүл болсон. Хамтран амьдарч байх хугацаанд 2000 оны 07 сарын 22-ны өдөр охин Ц.Мөнхнасан, 2004 оны 02 сарын 24-ний өдөр охин Ц.Мөнхсоёл нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2005 оноос тусдаа амьдарсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон. Бид анх салахдаа бага охин Ц.Мөнхсоёлыг эцэг Ц.Цэндцэвээн, том охин Ц.Мөнхнасанг би өөрөө авч өсгөсөн. Одоо миний асрамжид өссөн Ц.Мөнхнасан маань сургуулиа төгсөх болоход сургуулийн бүх бичиг баримт нь хойд эцгээр нь овоглогдсон тул овгийн зөрүү гарах гээд байгаа тул миний Ц.Цэндцэвээнтэй батлуулсан гэрлэлтийг цуцлуулах шаардлагатай байна. Би гэрлэлтээ цуцлуулах гэж урьд 1 удаа шүүхэд хандсан ч хариуцагч шүүхэд ирээгүй гэх шалтгаанаар шийдвэрлүүлж чадаагүй. Бид 2 охиноо нэг нэгээр нь авсан тул хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хоёр охины дунд нэг их харилцаа холбоо байхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Цэндцэвээн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Миний бие Ц.Цэндцэвээн нь Б.Ууганбаяртай 2000 оны 09 сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 07 сарын 22-ны өдөр охин Ц.Мөнхнасан, 2004 оны 02 сарын 24-ний өдөр охин Ц.Мөнхсоёл нарыг төрүүлсэн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Би одоо Улаанбаатар хот яаралтай явах болсон. Иймд бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Бид 2 охиноо нэг нэгээр нь асрамжиндаа авч өсгөсөн, эд хөрөнгийн маргаангүй.Манай охин Ц.Мөнхсоёл нь миний сүүлд гэр бүл болсон хүн болон 2 хүүхэдтэй маань энгийн гэр бүлийн сайхан харилцаатай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалд байхгүй. Одоо охин маань Баянлиг сумын сургууль сурдаг. Төрсөн эх, эгч нартайгаа тогтмол харилцаа байхгүй.. гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Ууганбаяр, хариуцагч Ц.Цэндцэвээн нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин Ц.Мөнхнасан, Ц.Мөнхсоёл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Номун-далай цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь хариуцагч Ц.Цэндцэвээнд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр, хариуцагч Ц.Цэндцэвээн нар нь 2001 оны 03 сарын 22-ны өдөр гэр бүл болсныг мөн өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид нь 2000 оны 07 сарын 22-ны өдөр охин Ц.Мөнхнасан, 2004 оны 02 сарын 24-ний өдөр охин Ц.Мөнхсоёл нарыг төрүүлж, эцэг Ц.Цэндцэвээнээр овоглож, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь охин Ц.Мөнхнасан, Ц.Мөнхсоёл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Номун-далай ахлах сургуулийн тодорхойлолт зэрэг бичмэл баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, тус тусдаа хамтран амьдрагчтай болсон зэргээс шалтгаалж гэр бүл цуцлуулах байдалд хүрсэн болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрлэгчид маргаангүй болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид харилцан тохиролцсон, 2 хүүхэд нь эцэг болон эхийн асрамжид тусдаа өсөөд олон жил болсон, энэ талаар маргаан гараагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно... гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн охин Ц.Мөнхнасанг эх Б.Ууганбаярын асрамжид, охин Ц.Мөнхсоёлыг эцэг Ц.Цэндцэвээний асрамжид тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Отгоной овогт Болормаагийн Ууганбаяр, Цэрэнсоном овогт Цэрэннадмидийн Цэндцэвээн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2000 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн охин Ц.Мөнхнасанг эх Б.Ууганбаярын асрамжид, 2004 оны 02 сарын 24-ний өдөр төрсөн охин Ц.Мөнхсоёлыг эцэг Ц.Цэндцэвээний асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар зохигчид маргаангүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болохыг дурдсугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Ц.Мөнхнасан, Ц.Мөнхсоёл нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ц.Цэндцэвээн, эх Б.Ууганбаяр нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэндцэвээнээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ууганбаярт олгосугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-тзааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ