| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0384/И |
| Дугаар | 131/ШШ2017/00411 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00411
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 дугаар баг, 30 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, ВЭ62021803 регистрийн дугаартай, Хайрханыхан овогт Доржийн Бүрэнчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Бүрэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Бүрэнчимэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1986 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын мэргэжлийн сургуульд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?Мөн хугацаанд үйлчлэгч, өлгүүрчин, жижүүр зэрэг ажлыг хийж байсан ч үйлчилгээний ажилчин гэдгээр тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрээ цүнхтэйгээ алдсан тул дахин олдоогүй гэв.
Шүүх хуралдаанаар Д.Бүрэнчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 28-ны өдрийн 2212 дугаар лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Я.Долгорсүрэн, Г.Тунгалаг нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Бүрэнчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Бүрэнчимэг нь 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Хайрханыхан овогт Доржийн Бүрэнчимэгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хайрханыхан овогт Доржийн Бүрэнчимэгийн 1986 оны 04 сарын 10-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргжлийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.Бүрэнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ