| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0392/И |
| Дугаар | 131/ШШ2017/00412 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00412
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймаг Их тамир 1 дүгээр багт оршин суух, ВК59092111 регистрийн дугаартай, Бат овогт Пааралын Нямсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч П.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1959 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Миний 1981 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар П.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 302 дугаар лавлагаа, тус аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, гэрч П.Саранцэцэгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.Нямсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч П.Нямсүрэн нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Бат овогт Пааралын Нямсүрэнгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
П.Нямсүрэнд шүүх хуралдааны товыг 2017 оны 05 сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4- д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бат овогт Пааралын Нямсүрэнгийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг П.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ