Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2017/00067

 

М.Кын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэртэй,

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Мын Кын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Жт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг. Нөхөр бид хоёр хүү Б, бэр Б нарын дундаас төрсөн Жийг 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дугаар 69 дүгээр захирамжаар үрчилж авсан юм. Миний нөхөр .Бөх 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өвчнөөр /цус харвалтаар/ нас барсан. Одоо үрчилж авсан хүү Ж бид хоёр үлдсэн. Ж нь миний асрамжид одоо хүртэл эрүүл саруул өсөж, Цэнгэл сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд суралцаж байна. Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Миний хүсэлтийг шүүхээс хянан шалган үзээд Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэр ёсоор 2003 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн Бийн Жийг А.Бөх, М.К бид хоёрт үрчлэлтийн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай гэсэн шийдвэрийг албан ёсоор тогтоосон юм. Ингээд миний бэр болох К.Н нь Цэнгэл сумын байцаагч А.Ат холбогдох материалыг бүрдүүлэн өгч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Жийн тэжээгч алдсаны тэтгэмжийг авах зорилгоор өгөхөд К.З гэгч мэргэжилтэн элдэв шалтаг ярьж, тэжээгч алдсаны тэтгэмж тогтоохоос татгалзсан хариу өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу Б.Жт тэжээгч алдсаны тэтгэмж тогтоох үндэслэлтэй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана., мөн хуулийн 55.7-д Сум дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, мөн хуулийн 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэж тус тус заасан. Тухайн үед үрчлүүлэгч Б.Б, Т.Б нарын хүү Жийг үрчлэн авагч А.Бөх, М.К бид хоёрын буруу биш. Өнөөдөр тэрээр үхсэн хүн босож үг хэлэхгүй байдлыг далимдуулан, Б.Жийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоож өгөхгүй байна. Иймд Б.Жт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн Мын Кын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Иргэн М.К нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Жт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгож өгөхийг үүрэг болгуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн байна.

2. Б.Жийг нэхэмжлэгч М.К болон талийгаач А.Бөх нар үрчилж авсан болохыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр тогтоосон боловч 2003 онд Цэнгэл сумын Засаг дарга хууль бусаар үрчлэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Гэр бүлийн тухай хуулиар үрчлүүлэхийг хориглосон хүнд /этгээдэд/ хууль зөрчиж захирамж гарган үрчлэлт хийсэн байна. Бидний зүгээс тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг даргад гомдол гаргаж байна. Хэрэв тухайн захирамж хүчингүй болох юм бол шинээр илэрсэн нөхцөл байдал үүсэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг дахин хянах үндэслэл болох юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Бөхийн Жт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.К нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай" гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Уах шога овогт Сургаганы Н /**********/ би иргэн М.Кын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэн М.Кын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр оролцож байна.

Энэхүү маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байсан ч иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн харьяаллыг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, төлөөлөгч, байцаагч байна" гээд тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа "Нийгмийн даатгалын байцаагч /З/ тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхгүй байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна"-хэмээн өөрийнхөө зөрчигдсөн эрхийн талаар бичжээ. Энэхүү маргаан нь нийгмийн даатгалын байцаагчийн эс үйлдэхүйтэй холбоотой. маргаан болохыг аль аль нь зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу төрийн захиргааны чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан албан тушаалтан байгаа Тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны /мэргэжилтний/ үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол гомдлоо хуульд заасан харьяаллын дагуу дээд шатны байгууллагад гаргаж улмаар шүүхэд хандахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал иргэний хэрэг үүсгэнэ"-гэж тодорхой заасан байна. Энэхүү гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой байсан тул Иргэний хэргийн шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хууль бус болсон юм. Тухайлбал иргэний хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байхад хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн юм. Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.1.4-д " даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмж олгох, төлбөр өгөх үүргийг нийгмийн даатгалын байцаагч зохион байгуулах үүрэгтэй" гэж зааж өгсөн. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын хэлтэс яагаад хариуцлага хүлээх ёстой вэ? Дээрх хоёр байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд гомдол гаргах ёстой. Дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж "эс үйлдэхүйг хууль буст тооцуулж, тэтгэвэр тогтоолгохыг даалгах" тухай шаардлага гаргаж болно. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон шийдвэр гаргах эрхийг хуулиараа Иргэний хэргийн шүүхэд олгоогүй болохыг анхан шатны шүүх анзаараагүй юм. /ИХШХШТХ-ийн 12.1.4-ийг зөрчсөн юм./ Нөгөөтээгүүр, Тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны /мэргэжилтний/ нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн эс үйлдэхүй хийсэн нь хууль бус болох талаар дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр эсхүл Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг үндэслэл болгоогүй нь тухайн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон юм. өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.К нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Б.Жт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ А.Бөх болон М.К нар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Жийг үрчлэн авсан бөгөөд эцэг А.Бөх нь 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т зааснаар Б.Жт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч нийгмийн даатгалын улсын байцаагч татгалзсан хариу өгсөн гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж тус тус тайлбарлажээ.

 

Б.Кын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл, тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-т заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн байгууллага болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, түүний албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой, Б.Жт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд 12.1.4.-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэхээр байна. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагад хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т зааснаар Б.Кын нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад анхан шатны шүүх М.Кын Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т нийцээгүй, хэргийн харьяалал зөрчигджээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Кын хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Б.Жт тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т зааснаар С овогт Мын Кын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК