Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0738/З |
Дугаар | 221/МА2023/0295 |
Огноо | 2023-05-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0295
Ж.Т, Д.М, Б.А,
А.Э, Т Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашийны 6 гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0738/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Т, Д.М, Б.А, А.Э, Т Г нараас “нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашны 6 гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж, 11 дүгээр байрны зүүн талд байрлах 17 гарааш гэсний Ж.Т, Д.М, Б.А, Австрали улсын иргэн Т Г /T G C/ нарын 1, 2, 4, 5, 6 тоот гараашнуудад холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Маргаан бүхий гараашны байршил газар нь “Э” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1460500035 дугаар бүхий 480 м.кв газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 1/2125 дугаар албан бичгээр нотлогддог.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн үндэслэл болсон “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, газрын зөрчил арилгах” гэсэн зорилт хэрэгжих боломжгүй байна гэж дүгнэсэн нь маргаан бүхий гараашнууд нь “Э” ХХК-ийн 480 м.кв газартай давхцаж баригдсан бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй газрыг эзэмшиж байгаа нь газрын зөрчил бөгөөд маргаан бүхий захиргааны актын зорилтын газрын зөрчил арилгах гэсэн хэсэгт нийцэж байгаа юм.
3.3. Маргаан бүхий захиргааны акт нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг дарга өөрийн хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт заасан “нэхэмжлэгч нэр бүхий этгээдийн гараашнууд байрлаж буй газар буюу гуравдагч этгээд “Э” ХХК-ийн эзэмшилд олгогдсон 480 м.кв газар нь “контор”-ын зориулалттай байгаагаас үзвэл уг газарт явган хүний зам талбай, эсвэл ногоон байгууламж юм уу авто зам бус харин конторын барилга баригдахаар байх тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зорилт хэрэгжих боломжгүй байна” гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй гараашны барилга барин олон жил ашиглаж байгаа нь газрын зөрчил гэдэг нь тодорхой байхад ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ж.Т, Д.М, Б.А, А.Э, Т Г нараас “нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашийн 6 гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий гараашнуудыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр байгуулж, төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх боловч газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдож байна.
2.4. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18642310507251, 18642310507248, 18642310508245, 18642310506261, 18642310507258 дугаар бүхий гараашийн газрууд нь газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэгдсэн байсан эсэх, хэрэв бүртгэгдэж байсан бол анх бүртгэгдсэн, өөрчлөгдсөн, устгагдсан талаарх түүхчилсэн лавлагааг гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шаардсаны дагуу тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 1/2125 дугаар албан бичигт “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээллийн санд дараах хэмжээтэйгээр бүртгэгдсэн,... мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээлэлд дээрх нэгж талбаруудын байршилд 1460500035 дугаар бүхий 480 м.кв талбайтай газар “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна” гэжээ.
2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашны газрын хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан газрыг нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/834 дүгээр захирамжаар “Э” ХХК-д конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд “М-А” ХХК-д 480 м.кв газрыг конторын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд тус газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар иргэн Б.Г-д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.7. Улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт, байршлын нэрийг өөрчлөхдөө иргэн Б.Г-ын эзэмшиж байсан дээрх газрын байршлыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо болгон өөрчилжээ.
2.8. Эдгээрээс үзэхэд иргэн Б.Г-ын эзэмших эрх бүхий газрын /одоогийн “Э” ХХК-ийн эзэмшлийн/ байршлыг шилжүүлэхдээ нэхэмжлэгч нарын гарааш байрлаж буй газартай давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн “тухайн газрыг бодитоор эзэмшиж буй гарааш эзэмшигч иргэдээс газрыг эзэмших эсэхийг тодруулахгүйгээр бусдын эзэмшилд олгосон байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасныг хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байгаагаас гадна уг газарт конторын барилга баригдахаар байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцсэн гэж үзэхээгүй байна.
2.9. Түүнчлэн гуравдагч этгээд “Э” ХХК-иас “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй буюу захиргааны байгууллага нь хуульд заасан журмыг зөрчиж захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, ... нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа” гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд гуравдагч этгээдээс газар эзэмших эрх нь бусдын газартай давхацсаныг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулах, мөн нэхэмжлэгч нарт тус газрыг эзэмшүүлэх эсэх, эсхүл газрыг чөлөөлөх эсэхийг өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч шийдвэрлэхээр байна.
Иймд “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж, 11 дүгээр байрны зүүн талд байрлах 17 гарааш” гэсний нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН