Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 10

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.Хг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд томилохоос татгалзсан Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар шийдвэр /хурлын тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, Х.Хг Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулсан ба уг шалгалтад нэхэмжлэгч Х.Хшалгарч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23, 30 дугаар тогтоолууд гарч, 23 дугаар тогтоолоор Х.Хг төрийн жинхэнэ удирдах албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул нөөцөд бүртгэж, тухайн нөөцөөс 1 дүгээрт  шалгарсан гэх үндэслэлээр Х.Хг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, тогтоолыг Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн.

Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Х.Х Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар авч, хамтран ажиллах боломжгүй гэх шийдвэр гаргасан учраас 02 дугаар тэмдэглэлээс Х.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албанд томилохоос татгалзах шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд зааснаар нэг удаа гаргах эрхтэй. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээс үзэхэд Х.Хг ямар үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд томилохоос татгалзсан болохоо тэмдэглэлд тусгаагүй байх ба ингэж үндэслэлээ тусгаагүй нь буруу гэдгийг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичиг, мөн Төрийн албаны зөвлөлийн албан бичгээр тогтоогдсон. Гэтэл хуульд заасан үндэслэл байхгүй байхад татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичигт дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, гаргасан алдаагаа засаж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгасан байхад хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй өнөөдрийн шүүх хуралдаан болж байна.

Иймд Х.Хг Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэр нь хуульд нийцээгүй байх тул Х.Хг Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 164 дүгээр албан бичиг, салбар зөвлөлийн дүгнэлт манайд ирсэн. Гэхдээ салбар зөвлөлийн дүгнэлтэнд Х.Хг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томилуулахыг 100 хувийн саналаар дэмжсэн гэж дүгнэлтдээ дурдсан байсан. Мөн тус албан бичгийн хавсралтанд н.Бишгарамын бичиг баримтууд ирсэн учраас тэдгээрийг эргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлд албан бичгээр буцаан хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг хүндэтгэн үзэж, Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тэргүүлэгчдэд танилцуулж, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан дээр миний бие тухайн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцүүлсэн. Тухайн үед Х.Х өөрөө байгаагүй. Би тэргүүлэгчдийн хуралдаан болох гэж байна гэдгийг 2-3 хоногийн өмнө Х.Хд мэдэгдэж, хуралд өөрөө оролцох ёстой гэдгийг хэлэхэд Улаанбаатар хот руу явж байна гэж утсаар хэлсэн. Ингээд тэргүүлэгчдийн хуралдаан дээр тухайн асуудлыг танилцуулж, миний бие нь Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг дэмжиж санал өгсөн. Харин тэргүүлэгчдийн олонх нь Х.Хг тус суманд оршин сууж, амьдрах нөхцөлийг нь өөрөөс нь тодруулах шаардлагатай, Х.Х-гийн тус суманд амьдрах нөхцөлийг нь Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хангаж чадахгүй гэх үндэслэлээр Х.Хг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Энэхүү татгалзаж шийдвэрлэсэн материалаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргаас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар албан бичиг ирсэн учраас уг асуудлыг хэлэлцүүлэхээр дахин тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан боловч тэргүүлэгчид бидний өмнө гаргасан шийдвэр хэвээрээ байгаа тул хэлэлцэх асуудлаас хасахаар олонхийн шийдвэр гаргаж, хэлэлцэхгүй орхисон.

Тухайн хуралдаан дээр бид нэхэмжлэгчийг оролцуулахаар дуудсан боловч хуралдаанд оролцоогүй. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн олонхийн шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х.Хнь тус шүүхэд Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд холбогдуулан “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны шалгалтанд орж тэнцэж, тухайн ажилд орохоор хандсан өдрөөс буюу 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс хойших цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ас “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х.Хг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн эхний шаардлагаас “Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлийн Х.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан ба шаардлагаа дэмжин оролцов.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр ажилд томилохоос татгалзсанд гомдолтой гэж, хариуцагчаас хуулинд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж  олонхийн шийдвэр гаргасан гэж тайлбарлан маргана.

Маргааны үйл баримтын талаар:

1. Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Нс сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр[1] Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээр сонгон шалгаруулалт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан байна.

 2. Нэхэмжлэгч Х.Х нь Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр буюу 65 оноо авч, нэгдүгээр байраар тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 30 дугаар тогтоолоор тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

3. Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 01-ний өдөр хуралдсан 2 дугаар хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Хг томилуулах саналыг хэлэлцэж хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар дэмжээгүй.[2]

4.  Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 04 сарын 10-ны өдөр хуралдсан 4 дүгээр хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Хг томилуулах саналыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хэлэлцээгүй.[3]

5. Нэхэмжлэгч Х.Х нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөл, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гомдол гаргасныг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 16 дугаар албан бичиг[4],Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 433 дугаар албан бичгээр тус тус хариу өгч, Х.Хг ажилд томилохыг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Нд даалгажээ.    

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь захиргааны байгууллагад хамаарах ба Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 02-ны өдөр хуралдсан 2 дугаар хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Хг томилуулах саналыг хэлэлцэж хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар томилохоос татгалзсан нь эрх зүйн үр дагаврыг бий болгосноороо захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий акт болжээ.

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7-д зааснаар төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул мөн хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогдоно.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 он/- ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн Х.Х нэр дэвшүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. 

2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй” гэжээ.

Хариуцагч Цэцэг сумын Хурлын дарга Г.Н нэхэмжлэгчийг ажилд томилохоос татгалзсан үндэслэлийн талаар шүүхэд тайлбарлахдаа “ Миний бие хуульд заасан шаардлагыг хангуулж, Х.Хортолгойг ажилд томилох талаар Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан. Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь Х.Хг тус суманд оршин сууж, амьдрах нөхцөлийг нь өөрөөс нь тодруулах шаардлагатай, суманд амьдрах нөхцөлийг нь Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хангаж чадахгүй гэх үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэсэн. Сумын Хурал нь улс төрийн албан хаагчдаас бүрддэг, хамтын удирдлагатай байгууллага учраас хамтын шийдвэр гардаг.” гэж тайлбарласныг хууль зүйн  дүгнэлт хийвэл:

нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.”, 8.2-д “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн.” 9 дүгээр зүйлийн 9.2-д “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.” гэжээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь сумын Хурлын чөлөөт цагт нутаг өөрөө ёсыг хэрэгжүүлэх ба төрийн улс төрийн албан тушаалтанд хамаардаг эсэхээс үл хамааран хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх буюу үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлах үүрэгтэй байна.

 хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. “ гэж, Улсын Их хурлын 2003 оны 05 сарын 08-ны өдрийн 13 дугаарын тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.” гэжээ.

Эндээс үзвэл томилох эрх бүхий этгээд албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 22 /төрийн жинхэнэ албанд тавих нийтлэг шаардлага/, 23 /төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага/, 26 дугаар /төрийн захиргааны албан тушаалд томилох шалгуур/  зүйлд заасан шаардлага хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэнээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар ажлын 7 хоногийн дотор холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.

Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 01-ний өдөр хуралдсан 2 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага болон ажлын байрны шаардлага хангаж байгаа эсэх талаар хэлэлцээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.  Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 04 сарын 10-ны өдөр хуралдсан 4 дүгээр хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Хг томилуулах саналыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хэлэлцээгүй байна.

Иймд  нэхэмжлэгчийг ажилд томилохоос татгалзсан нь үндэслэлгүй буюу  хуульд нийцээгүй байна гэж дүгнэв . 

Нэхэмжлэгчийн ажилд томилохоос татгалзсан нь үндэслэлтэй тохиолдолд төрийн албаны байгууллагаас өөр хүнийг санал болгох боломжтой бөгөөд Төрийн албаны төв байгууллага, Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс татгалзал нь хуульд нийцэхгүй байх тул хууль хэрэгжүүлж ажиллах талаар хариу хүргүүлж байсныг дурдах нь зүйтэй. 

гуравдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. “ гэж заасан хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан тул төрийн албаны төв байгууллагаас маргаан бүхий актыг хүчингүй болгохгүйгээр алдаагаа залруулж хууль хэрэгжүүлж ажиллахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох эсэхийг шийдвэрлэх эрх нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах ч захиалагчийн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан Х.Хг ажилд томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийн Х.Хд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Х.Хг уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдахгүй гэж үзлээ  .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийн Х.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Хг Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 


[1] хх-ийн 21 дэх тал

[2] хх-ийн 33-34-т хуралдааны тэмдэглэл

[3] хх-ийн 58-59-т хуралдааны тэмдэглэл

[4] хх-ийн 20 дахь тал