Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 583

 

         Б.Н, О.Г, З.Ш нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Алтансүх,

            хохирогч Х.Н-н өмгөөлөгч Т.Багахүү,

            шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч А.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н, О.Г, З.Ш нарт холбогдох 201625011901 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б-н Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “К” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, өвөг эцэг, эх, ах, дүү нарын хамт .......... дүүргийн ...... дугаар хороо, ... дүгээр хэсэг, ......... гудамжны ... тоотод оршин суух,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: ЗЗ91101811/;

2. Х овгийн О-н Г, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн 4 дүгээр хороо, ....... дугаар хороолол, ... дугаар байр ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;

3. Б овгийн З-н Ш, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ........аймгийн ........суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, “О з” төвд ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... аймгийн ......  дугаар баг, .......... дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..............дүүргийн .... дүгээр хороо, ......... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Б.Н, О.Г, З.Ш нар нь бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” баарны үүдэнд иргэн Х.Н, Б.Б нарыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н, О.Г, З.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н, О.Г, З.Ш нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Г, З.Ш нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.Г, З.Ш нарт 1 жилийн хугацаанд хохирогч Х.Н-т гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Н-т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, О.Г, З.Ш нар нь бус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудад дүгнэлт хэсэгт дурдсанчлан “шүүгдэгч Б.Н нь О.Г, З.Ш нартай бүлэглэн Х.Н-т хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн” талаар нэг ч үг, үсэг байхгүй байна... Х.Н тухайн хэрэгт 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг ба 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “...Г согтоод аваад гарах гэхэд баахан хүмүүс ирээд зодоод, тэгээд хальт гадаа гараад зодуулаад байх шиг байсан, зодсон хүнийг харвал танина...”, мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “...баарнаас гарч ирэхэд миний өмсөж явсан хүрэм болон гар утас алга болсон байсан. Дээрх эд зүйлсээ хэрхэн алга болсныг санахгүй байна, зодооны үед хаясан гэж боддог, би баарнаас гарч ирэхдээ хувцасгүй байсан нь үнэн...” гэж мэдүүлжээ. Б.Б нь 3 удаа хохирогчийн мэдүүлэг өгсөн ба 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “...зодсон хүмүүсээ танихгүй, харвал гадарлах байх... тарган биетэй эрүүн доороо сахалтай...” гэж, 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ямар нэг бичлэг үзээд өгсөн мэдүүлэгтээ “...үүдэнд хагас суугаад О.Г гэж хүнд эрүүн доороосоо өшиглүүлж байгаа нь манай найз Х.Н байна, түүнийг хувцсаар нь таньж байна, Г шалан дээр согтуу сууж байсныг татах гэхэд О.Г гэх залуу түлхээд, хажууд нь бас нэг жижиг залуу байсан, бааранд хэр их зодуулснаа мэдэхгүй байна” гэжээ. Б.З 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...гарах гээд үүд рүү очтол зодоон болсон, гараад сандал дээр очоод суухад араас 3-4 хүн ирээд зодсон, нүүр царайг нь санахгүй байна... миний санаж байгаагаар Н-ыг эхлээд нэг нь цохисон, тэгээд нөгөө хэдтэй нь гайгүй одоо гарлаа гээд ярилцаж байтал зодоон болсон, нөгөө талд эхлээд хоёр хүн байсан цаашаа мэдэхгүй, гаднаас хүмүүс орж ирээд байсан, баарны үүдэнд нүүрээ дарж суугаад зодуулж байгаа нь манай найз Х.Н байна...” гэжээ. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Х.Н-с тухайн хэрэг болох үед Б.Н-той маргалдсан, зодолдсон, түүнд зодуулсан зүйл байгаа эсэхийг асуухад “тийм зүйл байхгүй” гэж хариулсан.

            Дүгнэлтэд дурдсан, хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгийг авч үзвэл:

- Шүүгдэгч З.Ш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “О.Г бид хоёр ажлаа хийж байгаад манайд хүн орж ирэхгүй болохоор нь өөр караоке хэр хүнтэй байгааг харах гээд хажуу бааранд ортол нэг хүний халаасыг ухаж байсан залууг боль гэхэд О.Г-г нэг нь цохиод авсан, намайг Х.Н хүзүүдээд авсан, Б.Н ирээд салгасан”,

- Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “З.Ш бид хоёр хажуугийн бааранд ороход хүний халаас ухаж байгаа хүн таараад боль гэхэд “би энэ баарных” гэхээр нь Б.Н-г дуудаад “энэ танай бааранд ажилладаг юм уу” гэхэд “үгүй” гээд явсан. үүдэнд гараад тамхи татаж байгаад хэдэн залуучууд гараад ирэхээр нь “танай найзын халаасыг нэг хүн ухаж байсан” гээд хэлэхэд өөдөөс маргаад нэг бондгор залуу намайг цохиод авсан, тэгтэл Б.Н ирээд салгасан”, 

- Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Ажил дээрээ байж байтал манай зөөгч ирээд үүдэнд зодоон болоод байна гэхээр нь би салгахаар очтол Б.Б-г газар хэвтэж байхаар нь аваад сандал дээр суулгасан, намайг доромжлохоор нь хэд, хэд цохисон, Б.Н гэж хүнтэй огт харьцаагүй, энэ хүнийг танихгүй, тиймээс зодолдож маргах шалтгаан байгаагүй, түүнд гар хүрээгүй” гэжээ.

Дээрх хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэргийн бодит байдал нь:

- О.Г, З.Ш нар бааранд ажиллаж байгаад хажуу талын баар буюу Б.Н-н ажилладаг бааранд орж, үүдэн хэсэгт нь хохирогч Х.Н нартай маргалдаж, зодоон болсон. Үүнийг харсан тус баарны зөөгч Б.Н-т хэлснээр ажил үүргийн хувьд ирж зодооныг салгасан. Б.Б-г согтуу газар хэвтэж байхад нь Б.Н очиж аван, өргөж гадагш гаргаж сандал дээр хэвтүүлсэн, энэ үед О.Г дотор болсон зодооныг үргэлжлүүлж гадаа сууж байсан Х.Н-н эрүүн тус газар өшиглөсөн. Б.Н эргэн ирж түүнийг салгасан болох нь эргэлзээгүй нотлогддог...

 Камерийн бичлэгт үзлэг үзлэг хийсэн тэмдэглэлд “шүүгдэгч Х.Н нь хохирогч Б.Н-т ямар нэгэн байдлаар халдаж, харилцаагүй болохыг мөн хохирогч Х.Н-г шүүгдэгч О.Г нүүрэн тус газар нь өшиглөж байгаа талаар дурджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт уг бичлэгийг шинжлэн судлахад “...баарны урд талд хана налж зогсож байсан хохирогч Х.Н дээр шүүгдэгч О.Г ганцаар очиж өшиглөж, босож явах үед нь шилэн хүзүүнээс доош дарж, энэ үед Б.Н очиж Х.Н-г салгаж явуулж байгаа” нь бичигдсэн байна. Мөн тухайн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын ар гэрийнхнээс авсан хувийн байдлыг тогтоосноос шүүгдэгч Б.Н бусадтай бүлэглэн Х.Н-т хохирол учруулсан болохыг гэрчилсэн нэг ч мэдүүлэг байхгүй болно.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар...” зэргийг харгалзан үзэх өөрөөр хэлбэл үйлдэл, эс үйлдэхүй учирсан хор уршиг хооронд шууд шалтгаант холбоотой байх хуулийн анхдагч зарчмыг үл хэрэгсэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

...хохирогч Б.Б Б.Н-г доромжилсон үг хэлж Б.Н Б.Б-г хэд, хэд цохисон, дээрх үйлдлүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөр өөр газар болж өнгөрсөн, хоорондоо хамааралгүй, Б.Н-н хувьд эхнээсээ зодооныг салгаж зохицуулж оролцож байгаа нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, камерийн бичлэгээр эргэлзээгүй нотлогдож байхад шүүх анхаарч үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийн зарчим, зүйл, заалтыг огт хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н шүүгдэгч Б.Н өөрт нь халдсан, зодсон асуудал байхгүй гэж мэдүүлсэн, Б.Н хамтран оролцоогүй, салгаж байсан гэдгийг мэдүүлсэн ба камерийн бичлэгээр энэ мэдүүлгүүд нь эргэлзээгүй нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой ойлгомжтой зааж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Б.Н нь бусадтай бүлэглэн, Х.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, уг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлгүйгээр эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хохирогч Б.Б-г цохиж гэмтэл учруулсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, түүнд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.  

  Хохирогч Х.Н-н өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдэд болсон асуудлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Б.Н, З.Ш, О.Г нар нь хохирогч нарыг чирч шатны буланд аваачаад 2-5 минут зодоон болж байгаа камерийн бичлэг авагдсан. Хохирогч Х.Н-н биед учирсан хор уршиг бүрэн арилаагүй, 10 гаруй шүд байхгүй, ам нь далийж гэмтсэн, нүүрний хэлбэр бүрэн алдагдсан байдалтай байгаа. Иймд гэм буруутай этгээдүүдээс хохирогчид учирсан хохирлыг арилгуулах талаар арга хэмжээ авч өгнө үү...” гэв.  

 Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нарыг бүлэглэн бусдыг зодож, хохирогч Х.Н, Б.Б нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай...” гэв.

                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Н, З.Ш, О.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Н, З.Ш, О.Г нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Камел” баарны үүдэнд иргэн Х.Н, Б.Б нарыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Н-н “...Г согтоод бид хэд аваад гарах гэхэд нэг махлаг залуу ирээд өшиглөх шиг болсон. Баахан хүмүүс ирээд зодоод байсан...” /хх 2-н 66, 67/,

хохирогч Б.Б-н “...Бичлэг дээр харагдаж байгаа махлаг биетэй үсээ хойш нь самнасан эрэгтэй дотор анх маргалдсан О.Г гэх хүн мөн байна... хүмүүс дундаас гараад баарны үүдэнд хагас сууж байгаад О.Г гэх хүнд эрүүн доороосоо өшиглүүлж байгаа залуу нь манай найз Х.Н байна...” /хх 2-н 71/,

шинжээч Т.А-н “...Шүдний хугарал болон эрүүний хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар үзэхэд хүндэвтэр гэмтэлд хамаарч байна...” /хх 3-н 111-112/ гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б-н биед хоншоор яс, хамар ясны хугарал, баруун зулай, чамархай, духны зүүн хэсэгт цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд уруулд няцарсан шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14867 дугаартай дүгнэлт /хх 2-н 83/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Х.Н-н биед эрүүний хоёр талын их бие дайрсан хугарал, зүүн талд хугарлын түвшинд ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун талд үений толгой зөрөө ихтэй хугарал, хоншоор ясны түүшин хэсгээс зүүн талын хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, 3 шүдний булгарал, 1 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл, 2 шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зовхинд цус хуралт, зүүн завжинд зулгаралт, баруун алганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 14976 дугаартай дүгнэлт /хх 2-н 89/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Х.Н-т доод эрүүний 2 талын их бие дайрсан хугарал, зүүн талд хугарлын түвшинд ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун талд үений толгой зөрөө ихтэй хугарал, хоншоор ясны түүшин хэсгээс зүүн талын хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, 11, 12, 13, 36, 45-р шүдний уналт, 21, 22, 23-р шүднүүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 14976 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 904 дугаартай дүгнэлт /хх 2-н 100-101/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “....Х.Н-н биед эрүүний хоёр талын их бие дайрсан хугарал, зүүн талд хугарлын түвшинд ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун талд үений толгой зөрөө ихтэй хугарал, хоншоор ясны түүшин хэсгээс зүүн талын хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн доод зургаа, долоо, баруун доод долдугаар шүдний булгарал, дээд зүүн хоёрдугаар шүдний хугаралтай, гуравдугаар шүдний эмтрэл, дээд зүүн хоёр, гуравдугаар шүдний сулрал, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зовхинд цус хуралт, зүүн завьжинд зулгаралт, баруун алганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 901 дугаартай дүгнэлт /хх 3-н 89-90/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн “...Х.Н-н биед учирсан гэмтлүүдээс доод эрүүний хоёр талын их бие, баруун талын үений сэртэнгийн зөрөөтэй, хоншоор ясны түүшин хэсгийн далд хугарал, дөрвөн ширхэг шүдгүй болсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан 14976, 904, 901 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1218 дугаартай дүгнэлт /хх 3-н 148-150/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 56-57/, хохирогч Х.Н-н өвчний түүхийн хуулбар /хх 2-н 153-162/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Н, Г.Г, З.Ш нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба прокуророос шүүгдэгч Б.Н, Г.Г, З.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчмыг баримтлан анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, мөн шүүгдэгч Г.Г, З.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

 Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Б нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх боловч шүүгдэгч Б.Н нь хохирогч Х.Н-т хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байна.

 Анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, Б.Н-ын хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.  

Иймд шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч А.Отгонбаяраас “шүүгдэгч Б.Н- нь хохирогч Х.Н-т гэмтэл учруулсан гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогч Б.Бат-Эрдэнэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Н-ыг хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.