Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00492

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр                             Дугаар 142/ШШ2017/00492                                                       Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 13а дугаар гудамжны 18 тоотод оршин суух Боржигон овгийн Эрдэнээгийн Лхамсүрэнбаатарын /регистрийн дугаар ЛЮ83052739/ нэхэмжлэлтэй

Ж.Энхгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Лхамсүрэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Лхамсүрэнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уг газар байшинг найз Э.Жамъянмядагийн дүүгийнх өөрсдөө УБ хотод амьдардаг учраас Эрдэнэт хотын газар байшингаа яаралтай зарахын тулд миний бие болох Лхамсүрэнбаатарт шилжүүлэн үлдээсэн болно. Миний бие 2016 оны 11-р сарын 29-ний өдөр өмчлөгч Э.Жамъянмядаг зөвшөөрөл өгсний үндсэн дээр миний нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10-р баг Нарангийн 25-ын 19 тоот хаягт байрлалтай 45м2 талбай бүхий хувийн орон сууцны байшинг 7,000,000 /долоон сая/ төгрөгний гэр бүлийн зориулалттай 900м2 хэмжээтэй газрыг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр тус тус үнэлэн нийт 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг иргэн Ж.Энхгэрэлтэй байгуулж, уг гэрээнүүдийн үндсэн дээр дээрхи объектуудын бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлсэн юм. Ж.Энхгэрэл нь хувийн сууц газрын үнийг нэг сарын хугацаанд буюу 2016 оны 12-р сарын 29-нд төлөхөөр өмчлөгч Э.Жамъянмядагтай тохиролцсон гэсний дагуу Э.Жамъянмядагтай утсаар ярьж лавлахад:

-Байшин, газрын банкны барьцаанд тавьж зээл аваад үнийг телж барагдуулах санал тавиад байгаа юм, гайгүй найдвартай хүн юм шиг байна шилжүүлээд өгчих гэсэн. Би хэдийгээр дургүйлхэн, цааргалж байсан хэдий ч нэгэнт эд хөрөнгийн өмчлөгч нь ийм шийдвэр өгсөн болохоор арга буюу түүний хэлсний дагуу уг гэрээнүүдийг байгуулсан болно. Гэтэл Ж.Энхгэрэл нь гэрээнд заасан хугацаанд худалдаж авсан байшин, газрын үнийг төлж барагдуулаагүй ба төлбөрөө төлөхийг удаа дараа шаардуулж эхний үед жаахан хугацаа өгөөч! Өнөө маргаашгүй зээл бүтэх гэж байна, санаа зоволтгүй гэдэг байсан бол сүүлдээ одоохон мөнгөө шилжүүлнэ мөнгө шилжүүлэх гээд банк руу явж байна, мөнгө шилжүүлчихсэн банк хооронд саатаад байх шиг байна гэх мэтээр удаа дараа худлаа хэлж, уулзахгүй зугтаж утсаа авахгүй болсон ба сүүлийн 2 сар шахмын утсаа таслаад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга боллоо.

Э.Жамъяанмядаг бидний хувьд түүнийг олж уулзаад учир начраа олъё гэж өөрийнх нь эгч Хандаа /Утас:88877790 Хаяг: УБ Налайх дүүрэг 7-р хороо Шинэ Налайх хороолол 2-р байр 32 тоотод амьдардаг/ мөн охин Э.Өгөөмөр /Утас:95341255/ нар руу нь утсаар ярьж асууж тодруулах гэж оролдсон хэдий ч тодорхой зүйл хэлж өгөхгүй байснаа одоо болохоор гадаад руу (Турк) гараад явчихсан мэтээр хэлж ярих боллоо.

Ийнхүү Э.Энхгэрэлийг бид өөрсдөө олж уулзах боломжгүй нь тодорхой болсон учир шүүхийн журмаар эрэн сурвалжуулах хуулийн байгууллага байгаа хаягийг нь тодруулж, олж тогтоосон тохиолдолд түүнд шилжүүлсэн эд хөрөнгө буцааж авах, эсвэл үнийг нь төлүүлэхээр жичид нь нэхэмжлэл гаргах нь зүйд нийцэх болов уу гэж үзэж энэхүү нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авч шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Лхамсүрэнбаатар нь Ж.Энхгэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Э.Лхамсүрэнбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Энхгэрэлтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 25-09 тоот хаягт байрлах 45м2 хувийн орон сууц, гэр бүлийн зориулалттай 900м2 хэмжээтэй газрыг Ж.Энхгэрэлийн өмчлөлд шилжүүлж, төлбөрөө аваагүй нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Э.Лхамсүрэнбаатарын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Ж.Энхгэрэлийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ж.Энхгэрэл нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-94 тоотод оршин суудаг боловч тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж буй нь тодорхойгүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж Ж.Энхгэрэлийг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Намнан овгийн Жанчингийн Энхгэрэлийг /регистрийн дугаар ШВ71080527/ эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ж.Энхгэрэлийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч Э.Лхамсүрэнбаатарт /утас 99556567/ мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Ж.Энхгэрэл Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-94 тоотод /94942524, 91282003/ оршин сууж байсан болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА