Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00496

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр                   Дугаар 142/ШШ2017/00496                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1947 онд төрсөн, 70 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 27а дугаар гудамжны 07 тоотод оршин суух Аранзтан овгийн Загдын Санжпэрэнлээгийн /регистрийн дугаар ФА47110773/ нэхэмжлэлтэй

Ц.Амарзаяагийн эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Санжпэрэнлээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аранзтан овгийн Загдын Санжпэрэнлээ би нэг хүүтэй байсан бөгөөд миний хүү С.Мөнх-Эрдэнэ 2015-08-17-ны өдөр авто ослын улмаас нас барж 4-9 насны 3 хүү нь үлдэж мөн өдрөөс хойш эмэг эх Л.Мягмарсүрэн бид 2-ын асрамжид үлдсэн. Ач хүү нарын маань төрсөн эх Ц.Амарзаяа хүүг маань амьд сэрүүн байхад буюу 2014-05-05-ны өдөр бүх хувцасаа аваад хүүг маань 3 хүүхэдтэй нь орхиод явсан байсан. Энэ өдрөөс хойш нэг жил 4 сарын турш хүүхдүүдийг бид асран хамгаалж харж хандаж байсан бөгөөд хүү маань амь насаа алдах хүртлээ ажпаа хийхийн зэрэгцээ мөн хүүхдүүдээ асрамжилж байсан. Би хүүгээ өнгөрсний дараа бэр Ц.Амарзаяаг олж ирээд өөрийнхөө орон байранд бүх зүйлүүдийг нь бэлдээд байлгаж байтал нэг өдөр хүүхдүүдээ орхиод алга болсон. Хэд хоногийн дараа Цагаанчулуут багийн нутагт айлд байгаа тухай сонсоод цагдаагийн газарт хандаж бэрийнхээ талаар мэдээлэл өгөхөд цагдаагийн ажилтан Ц.Амарзаяаг согтуугаар олж ирсэн боловч дахиад архи уугаад алга болсон. Хэд хоногийн дараа эрүүлжүүлэхэд орсон учир мөнгө төл гэхээр нь мөнгийг нь төлж гаргаж аваад байтал Улаанбаатар хот явна зардал гэхээр нь зардлыг нь өгсөн чинь яваагүй дахиад эрүүлжүүлэхэд орсон байсан. Би дахиад зардал өгч байж хотруу явуулсан цагаас хойш дахиж ирээгүй сураггүй болсон. Би ач нарынхаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн мөнгийг авч ач нартаа зарцуулах гэж араас нь хөөцөлдөж байж 2016-01-07-ны өдөр итгэмжлэл хийлгэж авсан. Ач хүү нарын маань төрсөн эцэг нь нас барсан төрсөн эх нь хаа яваа нь мэдэгдэхгүй архины хамааралтай болсон учир 2015-08-17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өвөг эцэг эмэг эх бид хоёр харж асрамжлан ирлээ. Ач нар маань гэвэл 2007-02-18-ны өдөр том хүү төрсөн М.Ууганбаяр, дунд хүү Билэгсайхан 2008-09-27-ны өдөр төрсөн, бага хүү Мэндсайхан 2012-01-10-ны өдөр төрсөн. Энэ 3 ач нарыг маань төрсөн эх Ц.Амарзаяа 2014-05-05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төрүүлсэн эхийн үүргээ умартаж 2 жил 10 сарын турш хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн.согтууруулах ундаа байнга хэрэглэдэг учир ИХШХШТХ-ийн 135-р зүйлийн 135.2.12-т заасанчлан түүний эх байх эрхийг нь хасуулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд ч хүүхдүүдийн эхийг олж чадахгүй Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ц.Амарзаяаг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргуулж Орхон аймгийн цагдаагийн газарт өгсөн боловч цагдаагийн газар Ц.Амарзаяаг эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Их залуу багийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Цэнд-Аюуш хайгаад олдохгүй байна гэсэн хариугаа шүүхэд өгсөн гэсэн. Бэр болох Ц.Амарзаяа 3 хүүгийнхээ төрөөс өгч байгаа 20.000 төгрөгөөр л амьдарч байгаа байхаа. Энэ мөнгийг ач нар маань ерөөсөө авч байгаагүй. Иймд 2007-02-18-ны өдөр төрсөн хүү М.Ууганбаяр,2008-09-27-ны өдөр төрсөн хүү М.Билэгсайхан, 2012-01-10-ны өдөр төрсөн хүү М.Мэндсайхан нарын төрсөн эх болох Ц.Амарзаяагийн эх байх эрхийг хасаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Санжпэрэнлээ нь Ц.Амарзаяагийн эх байх эрхийг хасуулахыг хүссэн хүсэлт гаргасан.

Ц.Амарзаяа нь С.Мөнх-Эрдэнэтэй 2006 онд гэр бүл болж 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ууганбаяр, 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү М.Билэгтсайхан, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Мэндсайхан нар төрсөн нь 92 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, 187, Г-1533, Г-125 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон.

С.Мөнх-Эрдэнэ 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, Ц.Амарзаяа 2014 оны 05 дугаар сард гэрээсээ явсанаас хойш одоо хаана байгаа нь тодорхойгүй, түүнийг эрэн сурвалжилах шийдвэрийн дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилах ажиллагаа хийж байгаа болох нь, түүний 3 хүү М.Ууганбаяр, М.Билэгтсайхан, М.Мэндсайхан нар өвөө З.Санжпэрэнлээ, эмээ Л.Мягмарсүрэн нарын асрамжинд байж сурч, хүмүүжиж байгаа зэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1468 дугаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 46/05-249 тоот Орхон аймгийн цагдаагийн газрын “...1468 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Санжпэрэнлээгийн гаргасан хүсэлтийн дагуу Цэрэнбал овогтой Амарзаяаг эрэн сурвалжилж ажиллахад оршин суугаа хаяг болон хаана байгаа нь тогтоогдохгүй байна” гэсэн тодорхойлолт, М.Ууганбаярын “...би 2 дүүгийн хамт эмээ, өвөөтэйгээ амьдардаг.Аав маань 2015 онд нас барсан.Аавыг нас барсаны дараа ээж маань ирж байж байгаад удаагүй явсан.Намайг 8 настай байхад ээж явсан.Би одоо 10 настай.Ээж маань архи уудаг байсан.Одоо хотод байдаг сурагтай.Утсаар ч ярьдаггүй” гэсэн мэдүүлэг, М.Билэгтсайханы “...Ээжийг маань Амарзаяа гэдэг, 1-2 жилийн өмнө ээжтэйгээ уулзсан.Одоо өвөө, эмээ, ах, дүү нарын хамт амьдардаг.Хаяа ээжтэй утсаар ярьдаг.Ээж хамт байхдаа архи уудаг байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр цагцолбор сургуулийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот “...М.Ууганбаяр тус сургуулийн 4 дүгээр ангид, М.Билэгтсайхан 3 дугаар ангид суралцдаг.Аав С.Мөнх-Эрдэнэ нь 2015 онд нас барсан тул өвөө З.Санжпэрэнлээн асрамжинд байдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 29 тоот “...М.Мэндсайхан нь тус цэцэрлэгийн багш С.Энхтуяагийн ангид 2014 оноос одоог хүртэл сурч хүмүүжиж байна.Энэ хугацаанд эмээ Мягмарсүрэн нь цэцэрлэгт хүргэж өгч авч байсан болно” гэсэн тодорхойлолт, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 76 тоот “...тус багийн 1-3-92 тоотод оршин суугч З.Санжпэрэнлээ нь ам бүл тав. 3 ачийн хамт амьдардаг.Хүү С.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 08 дугаар сарын 17-нд зуурдаар нас барсан ба эхнэр болох Ц.Амарзаяа нь 2014 оноос хойш ганцаараа тэнэмэл маягаар амьдарч үр хүүхдээ хаяад явсан, ор сураггүй байгаа.Одоог хүртэл өвөө Загд овогтой Санжпэрэнлээ, эмээ Лувсанцэрэн овогтой Мягмарсүрэн 2 нь 3 хүүхдийг асран хамгаалж байгаа болох нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн Зэст багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зэст багийн хэсгийн байцаагч Г.Баттөмөрийн тодорхойлолтод “...Зэст багийн 1-3-92 тоотод оршин суух иргэн Цэрэнбал овогтой Амарзаяа нь Зэст багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа захиргааны зөрчил гаргасан, эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь үнэн болно” гэж дурьдагджээ.   

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.

Гэтэл Ц.Амарзаяа нь 2014 оны 05 дугаар сараас хойш хүү М.Ууганбаяр, М.Билэгтсайхан, М.Мэндсайхан нарыг орхин явж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан түүний эх байх эрхийг хасаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан Цэрэнбалын Амарзаяагийн / регистрийн дугаар ШЗ87061623 / эх байх эрхийг хассугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА