| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00486/И |
| Дугаар | 00507 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00507
2017 оны 05 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2017/00507 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй Орхон аймаг, Жаргалант сум, Улаантолгой баг, Тариаланчдын 02 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Боржигон овгийн Дагвадоржийн Алтансүхийн /регистрийн дугаар ФЖ64101801/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 онд 8 дугаар анги төгсөөд өөрийн хүсэлтээр Хялганатын худалдаа бэлтгэлийн ангид сав угаагчаар ажилд ороход манай байгууллага 1981 оны 10 дугаар сарын 10-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ тухайн үеийн албан тушаалтаны бичиг үсгийн чадвар доройгоос Дагвадорж гэсэн овгыг минь Дагавдорж гэж бичсэн байгаа нь уг дэвтэр миний эзэмшил мөн гэхэд эргэлзээтэй болсон байна. намайг анх ажилд ороход надад хөдөлмөрийн дэвтэр нээж миний зургийг нааж, тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Иймд 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь Дагвадорж овогтой Алтансүх миний эзэмшлийн хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү, Үүнээс гадна уг хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 09 дүгээр сарын 10-нд намайг ажлаас халсан Хялганат Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 32 тоот тушаалд оныг бичихдээ 8-н тоог засварласнаас миний тэтгэвэрийг тогтоохгүй, би хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Хялганатын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтансүх 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч Д.Алтансүхэд 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 8 дугаар анги төгсөөд өөрийн хүсэлтээр гуанзанд сав угаагчаар ажиллуулав, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.
2.2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146 дугаар архивын лавлагаанд “Эрдэнэт хотын Хялганатын ХБА-н даргын 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр тушаалд Д.Алтансүхийг 1982 оны 09 дүгээр сарын 23-наас 02 дугаар дэлгүүрийн цэвэрлэгчээр ажиллуулсугай, мөн даргын 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаалд төв дэлгүүрийн цэвэрлэгч Алтансүхийн ээлжийн амралтыг 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 хоногоор сунгасугай, мөн байгууллагын даргын 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тушаалд 2 дугаар дэлгүүрийн шил угаагч Д.Алтансүх нь хүүхэд харах хүнгүй тул 8 сарын 23-наас 10 сарын 23 хүртэл чөлөө олгосугай” гэжээ.
3.2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар Орхон аймгийн архивын тасгийн лавлагаанд “Хялганатын МБАА-н даргын 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр тушаалд Ялгалт зүсмэлийн цехэд конторын үйлчлэгчээр Дагавдоржийн Алтансүхийг 1989 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс томилсугай, Хялганатын МБАА-н даргын 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаар тушаалд Дагавдоржийн Алтансүхийг 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс конторын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, оператороор шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтансүх нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 146 дугаар архивын лавлагаа, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар Орхон аймгийн архивын тасгийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Алтансүхийн овгийг Дагавдорж гэж бичсэн боловч түүний төрсөн он, сар, өдрийг 1964 оны 10 дугаар сарын 18 гэж бичсэн байна.
Д.Алтансүхийн иргэний үнэмлэхний хуулбарт түүний овгийг Дагвадоржийн Алтансүх, 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн гэж бичсэн байх ба хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхэд бичигдсэн хүсэлт гаргагчийн төрсөн, он, сар, өдөр зөрүүгүй байх тул Д.Алтансүхийн овгийг хөдөлмөрийн дэвтэрт ташаа бичсэн байх боломжтой гэж үзлээ.
Мөн Д.Алтансүхийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 274 дүгээр тушаалаар “конторын үйлчлэгчээр ажиллуулав” гэсэн, 101 дүгээр тушаалаар “...конторын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, оператороор шилжүүлэн ажиллуулав” гэсэн бичилт нь Орхон аймгийн Архивын тасгаас ирүүлсэн 136 тоот лавлагаанд бичигдсэн бичилттэй тохирч байх тул Д.Алтансүхийг 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Дагвадоржийн Алтансүхийг 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Хялганат хорооны худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА