Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00519

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00519                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Саруул хотхон 113 дугаар байрны 93 тоотод оршин суух Сартуул овгийн Гантөмөрийн Дамиранбазарын /регистрийн дугаар УХ66061373/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэнгис төвийн 1,2 дугаар давхарыг, 109 мкв талбайтай газрын хамт нийт 301 951 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Дамиранбазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, Б.Хүдэрчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Дамиранбазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Гантуяа, Г.Дамиранбазар бид нар Хас банкны Орхон аймаг дахь салбартай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн шугамын гэрээний дагуу 150.0 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 10 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн хүүг цаг хугацаандаа төлж байсан боловч, зээлийн үндсэн төлбөрийг бизнесийн үйл ажиллагааны орлого саатаж, үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Хас банкны зүгээс зээл, хүүгийн төлбөрийг төлүүлэхээр Орхон аймгийн сум дундын шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1014 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлага болох 159 667 956 98 төгрөгийн төлбөр, түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Гантуяа, Г.Дамиранбазар нар хүлээн зөвшөөрснийг баталсан. Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1014 тоот захирамж гарсанаас хойш 58.0 сая төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл өр төлбөрийг зээлийн барьцаанд барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин 6 байрны урд орших үйлчилгээний зориулалттай барилгын зарим хэсэг болох 2 давхрын 216 м.кв талбайг үнэ тохиролцон өр төлбөртөө тооцон өгч төлбөрөө барагдуулах саналыг тус банкинд гаргасан боловч хариу өгөөгүй болно. Дээрх байдлаар барьцаа хөрөнгийн зарим хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт шийдвэрлүүлэх гээд явж байхад Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсыг охин Д.Энэрэлээр дамжуулан хүлээн авч танилцлаа. Дээр дурдсан мэдэгдэлд дурдсанаар шийдвэр гүйцэтгэлийн алба “Ашид билгүүн” ХХК-аар барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхрыг, 109 м.кв талбайтай газрыг үнэлүүлж, үнэлгээг нийт 301 951 200 төгрөгөөр тогтоолгосныг мэдэгдсэн байна. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр дээр дурдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Тэнгис төвийн барилгын зарим хэсэг болох 2 давхрын 216 м.кв талбай нь 200.0 орчим сая төгрөгийн үнэлгээтэй байхад “Ашид билгүүн” ХХК нь үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр тогтоосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний компани өмчлөгч бид нараас ямар нэг мэдээлэл, лавлагаа авалгүй зөвхөн банкны захиалгаар авах төлбөрийн хэмжээ (анхны дуудлага худалдааны үнийг 70 хувь, хоёр дахь дуудлага худалдааны үнийг 50 буулгахад яг авах өр төлбөрт нь тооцож өгөхөөр бодож)-нд тохируулан үнэлсэн үнэлгээ гэж үзэж байна. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ВРМ” ХХК-тай байгуулсан худалдааны гэрээгээр дээр дурдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Тэнгис төвийн барилгын 2 давхрын 2016 м.кв талбайг м.кв талбайн үнийг 1 100 000 төгрөг, нийт 237 600 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, гэрээний төлбөрөөс зээлийн өр төлбөрөө төлж байсан, мөн уг барилгын 3 давхрын 216 м.кв талбайтай хэсгийг 2008 онд ХХААХҮЯамны харъяа Технологийн паркад 250 000 000 сая төгрөгөөр зарж байсан зэргээс уг барьцааны зүйлийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. ХХААХҮЯамны харъяа Технологийн парктай байгуулсан гэрээг нотлох баримтын шаарлага хангасан байдлаар жич гаргаж өгнө. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Г.Дамиранбазар миний өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхрыг, 109 м.кв талбайтай газрыг нийт 301 951 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сум дундын 14 дүгээр шүүхийн 20154 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 1014 дүгээр шийдвэрийн дагуу Г.Дамиранбазар, Б.Гантуяа нараас 160 146 094 төгрөг гаргуулж Орхон аймгийн ХАС банкинд олгохоор шийдвэрлэсэн.Тус албанаас барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэлмэн төвийн 432 мкв талбайтай 1, 2 дугаар давхрыг, 109 мкв талбайтай газрын хамт хураан авч төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Дамиранбазар 570 000 000 төгрөгөөр, Б.Гантуяа 800 000 000 төгрөгөөр, өмчлөгч Д.Энэрэл 850 000 000 төгрөгөөр, төлбөр авагч ХАС банк нь төлбөр төлөгч нарын үнийн саналаар дуудлага худалдаанд оруулах санал өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тохиролцоогүй тул 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/56/02 дугаар шинжээч томилох тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус албанаас хураан авсан барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэлмэн төвийн 432 мкв талбайтай 1, 2 дугаар давхрыг, 109 мкв талбайтай газрын хамт “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэн нийт 301 951 200 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.Гантуяа, Г.Дамиранбазар, өмчлөгч Д.Энэрэл, төлбөр авагч ХАС банкинд танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Дамиранбазар хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхарыг, 109 мкв талбайтай газрын хамт нийт 301 951 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхарыг, 109 мкв талбайтай газрын хамт үнэлгээ хийлгэхээр “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин үнэлгээ гаргахдаа надад мэдэгдээгүй, жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаа хийгээгүй атлаа барьцаа хөрөнгийг маань 301 951 200 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт бага тогтоосон.Иймд дээрхи хөрөнгийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...төлбөр төлөгч Г.Дамиранбазар, Б.Гантуяа, барьцааны хөрөнгийн өмчлөгч Д.Энэрэл, төлбөр авагч Хас банк нар дуудлага худалдаанд оруулах Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхар барилга болон 109 мкв газрын үнийн талаар өөр өөр саналтай байсан, мөн төлбөр авагч Хас банктай үнийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлсэн.Түүнчлэн хуулинд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

1.2014 оны 12 дугаар 03-ны өдрийн 1014 дүгээр шүүгчийн захирамжаар Хас банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 159 667 956 төгрөгийн төлбөр, түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Гантуяа, Г.Дамиранбазар нар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрхи шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх шүүгчийн захирамжийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэн Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Б.Гантуяа, Г.Дамиранбазар нарын барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураах акт үйлдсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1014 дүгээр хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 544 дүгээр гүйцэтгэх хуудас, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15140080 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 56/10 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх акт, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15/50 дугаартай эд хөрөнгийг хураасан акт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Дамиранбазар барьцаа хөрөнгийг 570 000 000 төгрөгөөр, Б.Гантуяа 800 000 000 төгрөгөөр, өмчлөгч Д.Энэрэл 850 000 000 төгрөгөөр тус тус худалдах үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Хас банкны зүгээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/13/1051 тоот албан бичгээр “...Б.Гантуяа, Г.Дамиранбазар нартай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах анхны үнэлгээг төлбөр төлөгч өмчлөгч нарын үнийн саналаар дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч байна” гэсэн албан бичиг ирүүлсэн тухайд хариуцагч маргахгүй, дээрхи үйл баримт болсныг хүлээн зөвшөөрч байна.

Гэтэл төлбөр авагч Хас банкнаас дахин мөн өдрийн буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/13/1051 тоот албан бичгээр / өмнөх албан бичгийн он, сар, өдөр, дугаар ижил / “...Б.Гантуяа, Г.Дамиранбазар нартай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах анхны үнэлгээг шинжээчээр үнэлгээ хийлгэн дуудлага худалдаанд оруулах саналтай байна” гэсэн хүсэлт ирүүлсэн нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/13/1051 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/13/1051 тоот захирал М.Баярлах гэсэн гарын үсэг бүхий баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Хас банк эхлээд барьцаа хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах анхны үнэлгээг төлбөр төлөгч өмчлөгч нарын үнийн саналаар дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлт ирүүлснийгээ тэр өдөртөө өөрчлөөд ижил он сар өдөр дугаар бүхий 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн В/13/1051 тоот албан бичгээр барьцаалуулсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах анхны үнэлгээг шинжээчээр үнэлгээ хийлгэн дуудлага худалдаанд оруулах саналтай байна гэж өөрчилж ирүүлсэн тул төлбөр авагчийн эхлээд ирүүлсэн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс авч дараагийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэнэ гэсэн хүсэлтийг материалд хавсаргасан нь үнэн” гэсэн тайлбар гаргаж дээрхи үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан.

Хэдийгээр үүрэг гүйцэтгүүлэгч Хас банкны зүгээс хүсэлтээ өөрчлөх эрхтэй боловч өөрчилсөн хүсэлтийг төлбөр төлөгч өмчлөгч нарт танилцуулахгүйгээр үнэлгээчин томилсон нь учир дутагдалтай болжээ.

2.Ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/56/02 тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч Б.Шинэбаяр, Б.Наранжаргал нарт хууль сануулан гарын үсэг зуруулсан нь 16/56/02 тоот тогтоолоор тогтоогдож байна.

Гэвч хавтас хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №216-125 тоот хохиролын үнэлгээнд “Ашид билгүүн” ХХК-ийн захирал Ч.Жамъян, үнэлгээчин Ц.Хоролсүрэн, салбарын захирал Б.Наранжаргал нарын гарын үсэг бүхий, мөн салбарын захирал Б.Наранжаргал, үнэлгээчин Б.Шинэбаяр гэсэн гарын үсэг бүхий 2 өөр баримт авагдсан.

Салбарын захирал Б.Наранжаргал, үнэлгээчин Б.Шинэбаяр гэсэн гарын үсэг бүхий баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “....шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан салбарын захирал Б.Наранжаргал, үнэлгээчин Б.Шинэбаяр гэсэн гарын үсэг бүхий үнэлгээний тайланг эхлээд “Ашид билгүүн” ХХК-с ирүүлсэн.Дараа нь буруу дүгнэлт хүргүүлсэн байна гээд дүгнэлтийн ард талын гарын үсэг бүхий хуудсыг сольж ирүүлснийг материалд хавсарган өмнөх хуудсыг авсан нь үнэн” гэсэн тайлбар гаргаж үнэлгээний тайлангийн хуудсыг сольсон үйл баримт болсон тухайд маргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасан.

Хэдийгээр “Ашид билгүүн” ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Тэнгис төвийн 1, 2 дугаар давхарыг, мөн 109 мкв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээний дүн зөрүүгүй боловч үнэлгээ гаргасан этгээд өөр өөр байгаа нь дээрхи үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

Үнэлгээчин үнэлгээг гаргахдаа үйлчлүүлэгчээс үнэлгээний зүйлийн тухай шаардлагатай мэдээлэл шаардаагүй, ижил төрлийн хөрөнгийн жишиг үнийн судалгаа хийгээгүй, төлбөр төлөгчөөс хөрөнгийнх нь онцлог, зориулалт, шинж байдлын талаар мэдээлэл аваагүй атлаа тайланд “...уг хөрөнгийн хувьд орлогын мэдээлэл байхгүй учраас орлогын хандлагын аргыг хэрэглээгүй болно, ...жишиг хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээлэл байхгүй учир энэ аргаар үнэлээгүй” болно гэж дурьдсан нь үндэслэл муутай болжээ.

Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №216-125 тоот хохиролын үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...үнэлгээг “Ашид билгүүн” ХХК гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татах үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн гаргасан үнэлгээтэй холбоотой гомдол учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 234 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №216-125 тоот хохиролын үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

  1.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА