Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

  2021          04           28                                      2021/ШЦТ/42  

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000240029 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Б.Билгүүн

Шүүгдэгч                                                        Н нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Багануур дүүргийн ___ дугаар хороо, ____хэсгийн 40 тоот хашаанд оршин суух Н.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Н нь 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн__ дугаар хороо, ___ 4 тоотод хохирогч Б-г “ээж Т-н мөнгийг өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеийн эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

Шүүхээс Н-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Б, Э нарын ууж байсан архинаас хувааж уусан. Тэгээд ээжтэй утсаар ярихад Т ахынд байна гэхээр нь би ээжтэй уулзахаар Т ахын гэрт очсон. Ээж надад хандаж “миний дансанд байсан мөнгө байхгүй болчихсон байна” гэж хэлэхээр нь манай дүү Б ээжийн утаснаас цахим покер тоглоод ээжийн мөнгийг үрчихсэн байна гэсэн бодол надад төрсөн. Тэгээд гэрт очоод Б-д хандаж “чи яахаараа ээжийн мөнгийг үрдэг юм” гэхэд дүү “таньд ямар хамаатай юм, тэр чинь миний мөнгө” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд дүү Б-г заамдаад автал миний толгой хэсэг рүү түрүүлээд 1 удаа цохисон, би зөрүүлээд Б-г 3 удаа нүүр хэсэгт нь цохисон, нүүрс авч шидсэн, мөн хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 37, 38-р хуудас/

              Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад манай ах Н гаднаас согтуу орж ирээд надаас мөнгө байна уу гэхээр нь надад байхгүй гэж хэлсэн. Гэтэл Н ах “чамд ээжийн мөнгө байх ёстой, тэрийг надад өг” гэхээр нь тэр мөнгийг өгөхгүй, тэр чинь миний мөнгө гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр үед Н ах миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон, би доош тонгойх үед миний баруун хөмсөг рүү 1 удаа өшиглөж миний хөмсөгийг сэтэлсэн. Тэгээд гараараа миний бие рүү 2-3 удаа цохиод байхаар нь би гэрээс гарсан. Тэгэхээд Н ах миний араас хутга барьсан гараад ирэхээр нь би зугтаасан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-10-р хуудас/

              Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..:дуудлагаар очиход Б нь Н ах намайг зодоод хутга барьж хөөгөөд байсан гэж хэлсэн. Б-н баруун хөмсөг нь сэтэрсэн байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/

              Гэрч М-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дуудлагаар очиход Б, Н ах намайг зодоод хутга барьж хөөсөн гэж ярьж байсан. Тэгээд Б-н хөмсөг рүү харахад баруун хөмсөг нь сэтэрсэн, цус гоожиж байсан. Н тухайн үед байгаагүй, гэрээсээ гараад явчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

              Шинжээч эмчийн 075 дугаартай “Б-н биед духны баруун хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27, 28-р хуудас/

              Согтуурал шалгасан тухай “...согтолтын зэрэг 0.87 хувь...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 51, 52-р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэсэн тэмдэглэл /хх-ийн 58, 59-р хуудас/

              Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон...” гэх хуудас /хх-н 40-р хуудас/

              Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 42-45 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Н нь 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 4 тоот хашаанд өөрийн төрсөн дүү Б-г “ээж Т-н мөнгийг өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биеийн эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт ташуу чиглэлтэй 5х0.3 см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Н нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 075 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Н-н үйлдэл нь Б-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 “…гэр бүлийн бусад гишүүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Н, хохирогч Б нар төрсөн ах дүү нар бөгөөд гэр бүлийн гишүүд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.

             Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч Н-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Наранбатын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-г хоёр зуун дөчин /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан Н-д мэдэгдсүгэй.

4. Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ