| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0003/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч С.Сугар,
өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн БУ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., Сүхбаатар аймаг, БУ сумын ... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............, С.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Д 2020 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар аймгийн БУ сумын ... дугаар багийн Д-н задгай тоотод бусадтай архи уух явцдаа иргэн Т.Х-г зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 05-ны шөнө намайг гэртээ байж байхад Х над руу утсаар ажил руу хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би ажил дээр нь очиход намайг ТШ руу дагуулж явсан. ТШд айлд очоод архи хувааж ууцгаасан. Х тэр айлаас гарч явсны дараа над руу утсаар би найзындаа байна гээд намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Х-н найзын руу очсон. Х намайг О гэх залуутайгаа хардаад намайг цохисон. Над руу дайраад байхаар нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Гэм буруугаа ойлгож байгаа,маргаан байхгүй. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. гэв.
- Яллагдагч С.Д-н яллагдагчаар өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 05-ны 19 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Х залгаад “ манай ажил руу хүрээд ир, ажлаа тарчхаад манай найзынх руу явъя “ гэхээр нь би очсон. Х-н ажил дээр байж байгаад 20 цаг өнгөрөөгөөд Х-той цуг ажиллаж байсан найз охин нь болох Г нарын хамт ТШд байх нэг айл руу очсон. Тухайн айлд ойролцоогоор 30 гаруй насны 3 залуу 0.75 литрийн Б 1 ширхэг, Их монгол нэртэй архи 1 ширхэгийг тавьчихсан халамцуу сууцгааж байсан юм. Бид нар архийг хувааж уугаад дуусгасан. Х тэр айлаас гарч явсны дараа над руу утасдаад намайг Б гэх айлд хүрээд ир гэсэн. Тэр айлд очиход Х, О нар байсан бөгөөд бид 3 авч миний авч очсон архийг хувааж уугаад дуусаж байхад Х намайг О гэх залуутайгаа хардаад миний нүүр рүү 2 удаа өшиглөж үснээс зулгааж байгаад тавихад нь утасны цэнэглэгч Х руу шидсэн. Нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-37-38/,
- Хохирогч Т.Х-гийн: 2020 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Ч.Б гэх айлынд би хүүхэдтэйгээ байж байтал С.Д нь Б нэртэй 0.75 литрийн 1 шил архи, мөн нэг ундаатай барьж ирээд удаагүй байхад ардаас нь манай найз залуу О орж ирсэн. Тэгээд тухайн архийг С.Д бид хоёр хувааж ууж дуусах гэж байхад С.Д согтоод намайг “ янхан гичий “ гээд хэл амаар доромжлоод байхаар нь “ манай хүүхэд айгаад байна, унтаж амарчих “ гэхэд агсан тавьж байгаад миний нүүр рүү гараараа цохичихоод миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс зулгаалцаж бид хоёр хоорондоо зодолдож О бид хоёрыг салгасан. С.Д-д зодуулсны улмаас дух урагдаж зүсэгдсэн, дух хавдсан, зүүн хамар урагдаж зулгарч хавдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөн. Би Д-д зодуулсны улмаас ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй учир гаргаж өгөх эмчилгээний баримт бичиг байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учир Д-д гаргах санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг/хх-4-8/,
- Гэрч Б.Б-н: 2020 оны 12 дугаар сарыг 05-ны өдрийн 18 цагийн үед ТШд байх өөрийн найз БЧ-нд С бид гурав 0.75 л Монгол нэртэй архи хувааж ууж байгаад би өөрийн таньдаг хүн болох Д гэх эмэгтэй рүү залгаад дуудсан. Удалгүй 19 цагийн орчим Х, Д болон өөр нэг танихгүй эмэгтэй ирсэн бөгөөд бид хэд тухайн их монгол архийг хувааж ууцгаасан. Уг архийг дууссаны дараа С нь Д-н хамт өөрийнхөө Приус-20 маркийн ....... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 21 цаг өнгөрөөгөөд архинд явсан ба 22 цагийн орчимд 0.75 л Б нэртэй архитай ирсэн. Би архиа хаанаас авсан талаар асуухад найзаасаа зээлчихлээ гэж хэлсэн. Бид нар тухайн архинаас тус бүр 2-3 татсан бөгөөд Х нь цуг ирсэн найзтайгаа орой болчихсон байна гээд БЧ-с явсан ба БЧ, Д, С бид нар үлдсэн юм. Х тэр хоёрыг гарсны дараа араас нь С бид хоёр гэр рүүгээ явж Д нь БЧ-н хамт үлдсэн...гэх мэдүүлэг /хх-13/,
- Гэрч Г.Б-н: 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед би өөрийн найз болох Б-г утсаар дуудаж гэртээ авчирсан юм. Тэгээд Б нь мөн С-г дуудсан бөгөөд С нь 18 цагийн орчимд ирсэн шиг санаж байна. Би гэрт байсан 0.75 л их монгол гэсэн нэртэй архийг гаргаж ирээд бид гурав хувааж ууж байх үед Б нь манай нэг дүү охин байгаа дуудчихья гэхээр нь тэг гэж хэлсэн ба удалгүй 19 цагийн орчим Х, Д болон өөр нэг танихгүй эмэгтэй ирж тухайн архийг бид нар бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгсэн архи дуусаж С нь Д-н хамт өөрийнхөө Приус-20 маркийн .... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 21 цаг өнгөрөөгөөд манайхаас гарч 22 цаг өнгөрөөгөөд С нь 0.75 л Б нэртэй архитай ирсэн. Тэр архийг задлаад бид нар 1-2 удаа тус бүр нэг нэг татсан ба Х нь цуг ирсэн танихгүй хүнтэйгээ манайхаас 23 цагийн орчим явж араас нь Б, С хоёр нь гарч би гэртээ Д-н хамт үлдсэн. Тэгсэн Д нь утсаар яриад үлдсэн дундуур шилтэй Б архийг аваад манайхаас гарсан. Өөр зүйл бол би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-10/,
- Гэрч Ц.С-н: 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд манай найз болох Б над руу залгаад “ чи Б-х рүү хүрээд ир “ гэхээр нь би ТШд байх Б-нд очиход тэднийд Б, Б хоёр нь Их монгол нэртэй архи задлаад хуваагаад ууж байсан. Б нь Д гэх эмэгтэй рүү залгаад дуудсан. Удалгүй 19 цагийн орчим Х, Д болон өөр нэг танихгүй эмэгтэй ирсэн бөгөөд бид хэд тухайн Их монгол архийг хувааж уугаад дуусгасан. Би архи дуусчихлаа нэг архинд явъя гээд Д бид хоёр миний приус 20 загварын .... УБЦ улсын дугаартай машинтай Э дэлгүүр рүү очиход хаалттай байхаар нь найз ЛО руу ярьж ганц юмны хэрэг байна гэхэд ЛО надад Б нэртэй 0.75 литрийн архи өгсөн. Бид хоёр буцаад ТШд байх Б-нд ирсэн. Х цуг ирсэн найзтайгаа орой болчихлоо гээд явсан. Б бид хоёр 23 цагийн үед Б-хөөс явсан. Д үлдсэн...гэх мэдүүлэг /хх-11/
- Гэрч Ж.С-н: Би Э дэлгүүрийг 2019 оноос хойш ажиллуулж байна. 12 сарын 05-ны өдөр бол ямар нэгэн байдлаар дэлгүүрээ нээгээгүй юм... гэх мэдүүлэг /хх-12/
- Гэрч О.ЛО-н: 12 сарын 05 буюу хагас сайн өдрийн шөнө 22 цаг өнгөрөөгөөд манай найз С нь над руу залгаад “ түр хэрэглэчих архи байна уу дараа буцаагаад өгчихье “ гээд гуйгаад байхаар нь гэрт байсан 0.75 литрийн Б нэртэй архиа өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-14/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 623 дугаартай “ 1.Т.Х-гийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын болон зүүн нүдний дээд долд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ” гэх дүгнэлт /хх-17-18/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 624 дугаартай “1.С.Д-н биед баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэх дүгнэлт /хх-22-23/
- Сүхбаатар аймгийн БУ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 сарын 10-ны өдрийн 4/556 дугаартай тодорхойлолт /хх-47/
- Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-48/
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/541 дугаартай тодорхойлолт,
- С.Д-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-53/
- Ялын төрөл, хэмжээний талаарх 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 130 дугаартай Прокурорын санал /хх-54/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д 2020 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23.20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн БУ сумын ...дугаар багийн Д-н задгай тоотод хохирогч Т.Х-гтэй архи уух явцдаа маргаан үүсгэн түүнийг гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий ” хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч С.Д-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад Х над руу утсаар ажил руу хүрээд ир гэж ярьсан. Ажил дээр нь очиход намайг ТШ руу дагуулж яваад айлд очоод архи хувааж ууцгаасан. Х тэр айлаас гарч явсны дараа над руу утсаар би найзындаа байна, намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Х-н найзын руу очсон. Х намайг О гэх залуутайгаа хардаад намайг цохисон. Над руу дайраад байхаар нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон ” гэх,
хохирогч Т.Х-гийн “ 2020 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Ч.Б гэх айлынд би хүүхэдтэйгээ байхад С.Д нь Б нэртэй 0.75 литрийн 1 шил архи, ундаатай барьж ирээд, удаагүй байхад ардаас нь манай найз залуу О орж ирсэн. С.Д бид хоёр архийг хувааж ууж дуусах гэж байхад С.Д согтоод намайг “ янхан гичий “ гээд хэл амаар доромжлоод миний нүүр рүү гараараа цохичихоод үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс зулгаалцаж бид хоёр хоорондоо зодолдож О бид хоёрыг салгасан. С.Д-д зодуулсны улмаас дух урагдаж зүсэгдсэн, дух хавдсан, зүүн хамар урагдаж зулгарч хавдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөн” гэх,
гэрч Г.Б-н “ 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед найз Б, С бид гэрт байсан 0.75 л их монгол гэсэн нэртэй архийг ууж байх үед Б нь манай нэг дүү охин байгаа дуудчихья гээд 19 цагийн орчим Х, Д болон өөр нэг танихгүй эмэгтэй ирж уг архийг бид нар бүгдээрээ хувааж ууцгаасан. Архи дуусаж С нь Д-н хамт өөрийнхөө машинтай 21 цаг өнгөрөөгөөд манайхаас гарч 0.75 л Б нэртэй архитай ирсэн. Тэр архийг задлаад бид нар 1-2 удаа тус бүр нэг нэг татсан ба Х нь цуг ирсэн танихгүй хүнтэйгээ манайхаас 23 цагийн орчим явж, араас нь Б, С хоёр нь гарч, би гэртээ Д-н хамт үлдсэн. Тэгсэн Д нь утсаар яриад үлдсэн дундуур шилтэй Б архийг аваад манайхаас гарсан “ гэх,
гэрч Ц.С-н “ Д бид хоёр миний машинтай Э дэлгүүр рүү очиход хаалттай байхаар нь найз ЛО руу ярьж ганц юмны хэрэг байна гэхэд ЛО надад Б нэртэй 0.75 литрийн архи өгсөн. Бид хоёр буцаад ТШд байх Б-нд ирсэн. Х цуг ирсэн найзтайгаа орой болчихлоо гээд явсан. Б бид хоёр 23 цагийн үед Б-хөөс явсан. Д үлдсэн “ гэх,
гэрч О.ЛО-н “ 12 сарын 05 буюу хагас сайн өдрийн шөнө 22 цаг өнгөрөөгөөд манай найз С нь над руу залгаад “ түр хэрэглэчих архи байна уу дараа буцаагаад өгчихье “ гээд гуйгаад байхаар нь гэрт байсан 0.75 литрийн Б нэртэй архиа өгөөд явуулсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 623 дугаартай “ 1.Т.Х-ггийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын болон зүүн нүдний дээд долд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ” гэх,
шинжээчийн 624 дугаартай “1.С.Д-н биед баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч С.Д нь хохирогч Т.Х-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ согтуурч түүнийг хэл амаар доромжлон цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурсны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч С.Д-н, хохирогч Т.Х-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
С.Д-н үйлдлийн улмаас хохирогч Т.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт “ Би Д-д зодуулсны улмаас ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй учир гаргаж өгөх эмчилгээний баримт бичиг байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учир Д-д гаргах санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэж мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч С.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Прокуророос С.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч С.Д-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Х-г “ эвлэрсэн, Д-д гаргах санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд С.Д-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-н “Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хангасан учраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос тохирсон ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх дүгнэлтийг хангах боломжтой гэж үзлээ.
Учир нь С.Д нь бага насны хүүхдийн хамт амьдардаг, ажил төрөл эрхэлдэггүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн болох нь Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын .. дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/556 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/541 дугаартай “ Баруун- Урт сумын 3дугаар багийн иргэн С овогтой Д нь/ ............/ өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 339.89 оноотой доод түвшний нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнээр үнэлэгдсэн болно “ гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Д-н дээрх хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 480.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 48.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамааралтай болно.
Шүүгдэгч С.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 48.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Д-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Х-г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН