Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 11

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: И.А-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А  нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын И.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, И.У ийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О , хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч И.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд өөрийн дүү Чойрд овогт И ын У г хууль ёсны дагуу асран хамгаалж амьдардаг. И.У нь 2002 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд У.Т гэх эмэгтэйгээс төрсөн ба одоо 17 настай, Ховд аймгийн Мөнххайрхан сумын дунд сургуульд суралцдаг. И.У г төрөөд 16 хоногтой байхад миний аав Б.И , ээж Д.Б нар нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар захирамжаар үрчилж авсан. 2005 онд аав Б.И , 2012 онд ээж Д.Б  нар нас барсан ба үүнээс хойш би өөрийн дүү И.У  хууль ёсоор асран хамгаалж байна. Аав Б.И выг нас барсан үеэс буюу 2005 оноос эхлэн И.У  нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхэлсэн.

Гэтэл 2017 оны 5 дугаар сараас эхлэн Мөнххайрхан сумын нийгмийн даатгалын байцаагч И.У гийн тэтгэмжийг акт тавьж зогсоосон тухай хэлсэн боловч ямар акт тавьсан талаар надад өнөөдрийг хүртэл албан ёсоор танилцуулаагүй. Нийгмийн даатгалын байгууллагаас И.У г 2005 онд үрчилж авсан гэдгээ шүүхээр тогтоолгож ир гэсэн хариу өгсний дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00582 дугаар шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч байгууллагад актыг хүчингүй болгуулахаар хандахад Нийгмийн даатгалын ерөнхий газраас актын биелэлтийг хангуулж төлбөрийг төлүүл гэсэн хариу ирсэн талаар мэдэгдсэн. И.У г 2005 онд миний аав Б.И , Д.Б  нар нь хууль ёсны дагуу үрчлэн авсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтнууд актыг хүчингүй болголгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, тэтгэмжийг олгохыг зогсоосон нь насанд хүрээгүй И.У ийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Аян зохион байгуулах тухай” 2016 оны А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх аяны хүрээнд аймгийн хэмжээний нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, материалыг хамруулан тэтгэврийн хувийн хэргийн бүрдэл, үндэслэл, тогтоолт, олголтыг хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шалгаж баталгаажуулсан.

Шалгалтаар Мөнххайрхан сумын тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч И.У  нь 2002 оны 3 дугаар сарын 31-ний өдөр У.Т  гэдэг хүнээс төрсөн байдаг. Гэтэл тухайн үед Т.У  нь албан ёсны үрчлэлтийн захирамжгүй шууд төрсний гэрчилгээ бичүүлж авсан байдаг.

Т.У г Б.И , Д.Б  нар төрсний дараа 16 хоногтой байхад үрчлэн авсан гэдэг боловч холбогдох нотлох баримт байхгүй болно.

Өөрөөр хэлбэл үрчлэлтийг хууль журмын дагуу хийгээгүй болно. Улмаар Б.И нь 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барж, Т.У дээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хариуцагч нар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” акт тогтоох болсон үндэслэл нь Т.У д 2005 онд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосон нь хууль бус гэж үзэж тогтоосон байдаг.

Т.У  нь төрснөөс хойш 16 хоногийн дараа Мөнххайрхан сумын Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар захирамжаар Б.И , Д.Б  нарт үрчлүүлсэн байдаг. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас үрчлэлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн мэдээллийн санд ороогүй байдаг.

И.У г үрчилж авсан эцэг Б.И  нь 2005 онд, үрчилж авсан эх Д.Б  2012 онд, төрүүлсэн эх У.Т  нь 2010 онд тус тус нас барсан.

Энэ асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2013 онд Т.Уг И.У  гэж нэр өөрчилсөн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандаж, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаар шийдвэрээр дээрх гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. И.А  нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/18 дугаар захирамжаар И.У гийн асран хамгаалагчаар М.А-г тогтоосон байгаа.

И.У ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтаас үзэхэд сард 251000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан байдаг. Дээрх тэтгэврийг өнөөдрийг хүртэл тооцож үзвэл 6.275.000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч Б.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд тэтгэвэр олголт тогтоолтод хяналт шалгалт хийх аян зохион байгуулж, аймгийн хэмжээнд тэтгэвэр тогтоолт, олголтын байдалд хяналт шалгалт хийсэн. Ингэх явцад Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн И.А-ийн тэтгэврийн хувийн хэргийг шалгаж үзэхэд үрчлэгдсэн гэх И.У гийн овог нь улсын бүртгэл дэх мэдээллийн санд У.Т  овогтой байсан. У.Т  гэх овогтой хүүхэд Б.И, Д.Б  нарын хүүхэд болж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан ба бичиг баримтын зөрчилтэй байдал үүссэн. Үүнээс хойш бид И.А  руу утасдаж, овог нэр өөр байх тул бичиг баримтыг нь явуулна уу гэж хэлэхэд үрчлэлтийн захирамж олдохгүй, лавлагаа нь гарахгүй байна гэж хэлсэн. Би өөрөө архивд очиж шүүж үзэхэд И.Ундараагийн үрчлэлтийн захирамж гарч ирээгүй. Ийм учраас бид анхнаасаа Т.У г Б.И , Д.Б  нарт үрчлүүлээгүй юм байна гэж үзэж акт тогтоосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаар шийдвэр гарсан өдрөөс эхлэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжид 4267000 төгрөгийг нөхөн олгох, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.А  нь “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын И.А д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, И.У гийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч Г.Нямдэмбэрэл, Г.Мөнхгэрэл  нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт гаргасан, хариуцагч С.Бүрэнсайханд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаар утсаар мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.А  нар нь хариуцагч Г.Нямдэмбэрэл, Г.Мөнхгэрэл, С.Бүрэнсайхан нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тул хариуцагч  нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч И.А ийн  зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн И.У гийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад И.У гчийн тэжээгчээ алдсаныг тэтгэмжийг Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаар шийдвэр гарсан өдрөөс  эхлэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны тэтгэмжид 4267000 /дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг нөхөн олгож, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохоор эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан.

Хэргийн оролцогчдын  эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас И.У гийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад  И.У ийн тэжээгчээ алдсаныг тэтгэмжийг Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаар шийдвэр гарсан өдрөөс  эхлэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл  хугацааны тэтгэмжид 4267000 /дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг нөхөн олгож, И.У ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохоор  нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

2.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын И.А д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Н , С.Б , Б.А , Н.М  нар нь  Нийгмийн даатгалын хэлтсийн баталсан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт явуулж  Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн И.А   “2013 онд үрчлэгдсэн хүүхэд дээр 2005 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан” гэх үндэслэлээр  10126008 төгрөгийн нөхөн төлүүлэх акт тавьсантай холбоотой маргаан үүсчээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2, 41 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь заалт, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалт, 15 дугаар зүйл,  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг тус тус зөрчсөн  тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэн И.А д “2013 онд үрчлэгдсэн хүүхэд дээр 2005 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан” гэх үндэслэлээр  10126008 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, үүний 1 дэх заалтад “Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд” гэж заасан ба И.У ийн аав Б.И нь 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нас барсан ба  2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 3 настай И.У д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн  болох нь тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. 

Хариуцагч нараас “Мөнххайрхан сумын Засаг даргын 2002 оны захирамж 23 дугаартай захирамж архивт байхгүй, хүүхдийг хууль журмын дагуу үрчлэн аваагүй, үрчлэлтийн нотлох баримт байхгүй” гэж үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан.

36895 дугаартай дугаартай тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэрэгт  И ын У гийн 0068997 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар авагджээ.

Улсын бүртгэлийн  Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 251/000001 дугаар  “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”-аар Т.У г Б.И , Д.Б нарт   үрчлүүлж, 2002 оны 04 дүгээр сарын 22-нд  Ховд аймгийн  Жаргалант сумын  үрчлэлтийн 4-рт  И ын У  болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгосон.

Б.И , Д.Б  нарт У г үрчлүүлсэн гэх захирамж сумын Засаг даргын 2002 оны захирамжид байхгүй болох нь  Архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 488 дугаар албан бичгээр  нотлогдож байна. 

Сумын Засаг даргын 23 дугаар захирамжийг архивт хүлээлгэж өгөөгүй асуудал нь холбогдох албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос үүнд иргэнийг буруутгах үндэслэлгүй, тухайн 23 дугаар захирамжийн үлдэх хувь архивт байхгүй нь уг үрчлэлтийг хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн үрчлэлт хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн 23 дугаар захирамж нь И.А  ийн нэхэмжлэлтэй “ Эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, иргэний бүртгэлд буруу бичигдэж, бүртгэгдсэнийг тогтоолгох” шаардлага бүхий иргэний хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж, нотариатаар гэрчлүүлсэн хэлбэрээр нотлох баримтаар  авагдсан  болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул үрчлэлтийн захирамж байхгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар У.Т  16 хоногтой охин У  Б.И , С.Б нарт үрчлүүлж, улсын бүртгэлийн 4-рт  2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлснээр И ын У д төрсний гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үрчлэлтийг хууль журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

- “2013 онд үрчлэгдсэн хүүхэд дээр 2005 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан” гэх талаар:

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00582 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  Т-н У г И ын У  гэж эцэг /эх/-ийн нэрийг өөрчилсөн гэрчилгээг хүчингүй болгож, иргэний бүртгэлийн 37-рт бүртгэгдсэн бичилтийг хүчингүйд тооцсон, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус зааснаар 2013 онд У г Б.И оор овоглосон гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул 2013 онд үрчлэлт хийгдсэн байхад 2005 оноос тэтгэмж олгосон гэх үндэслэл үндэслэлгүй байна.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр актын И.А д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч И.А аар асруулагч И.У гийн  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг зөрчсөн байх тул уг актын И.А д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын И.А д холбогдох хэсгийг хүчингүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  И.У гийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийг олгохыг зогсоосон үеэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгуулах, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудад  И.У гчийн тэжээгчээ алдсаныг тэтгэмжийг Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаар шийдвэр гарсан өдрөөс  эхлэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл  хугацааны тэтгэмжид 4267000 /дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг нөхөн олгож, И.У гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохоор  нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргах эрхгүй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ