| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00441/И |
| Дугаар | 00551 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00551
2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 142/ШШ2017/00551 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 01 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух Боржигон овгийн Бямбасүрэнгийн Заяажаргалын /регистрийн дугаар ХЕ80041212/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 17 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Шар бүргэд овгийн Сайндайгийн Нямбатад /регистрийн дугаар ФА90032511/ холбогдох ажлын хөлс болон сэлбэгийн үнэ 486 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч С.Нямбат, гэрч Б.Бямбацогт, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Заяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Заяажаргал Яргуйт багт хувиараа авто засварын газар ажиллуулдаг. Нямбат нь машинаа засуулж янзлуулсан мөн манайхаас сэлбэг хэрэгсэл аваад өгөхгүй байгаа бөгөөд мөнгөө өгөөч гэж хэлэхэд шүүх цагдаагаараа яваад аваарай гэж хэлдэг. С.Нямбат “Like” авто засварын газар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “приус” маркын автомашины гупер, крилан засуулж будуулсаны хөлс 80 000 төгрөг, мөн өөр “приус 10” маркын автомашинд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гупер засуулсан хөлс 80 000 төгрөг, 4 ширхэг шинэ амаржин худалдан авсан үнэ нь 230 000 төгрөг, түлк шахаж, солиулсан хөлс 30 000 төгрөг, 4 ширхэг амаржин солиулсан ажлын хөлс 32 000 төгрөг, лед гэрлийн ламп 4000 төгрөг, хаалга өргөгч засуулсан ажлын хөлс 10 000 төгрөг, нийт 486 000 төгрөг төлөөгүй тул С.Нямбатаас нийт 486 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Нямбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би өөрийн эзэмшлийн 85-49 ОРХ дугаартай Приус-11 маркын автомашиныг Like авто машины төвд засварлулахаар болж тус засварын газартай амаар бартерийн гэрээ байгуулж, засварласан хөлсөө бэлэн бусаар буюу 2 телевизэд тус авто засварын төвийг сурталчилсан реклам сурталчилгааг телевизийн сувгаар цацахаар тохиролцож нэг минутыг 15 000 төгрөгөөр цацахаар тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 10-нд машинаа засварын газарт хүлээлгэн өгч засварын ажил эхэлсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 17-с эхлээд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 40 хоног STV телевизэд өдрийн 7-10 удаагийн давтамжтай 1 минут 40 секундын тус засварын газрыг сурталчилсан бичлэгийг цацсан. 2 дахь телевиз буюу TV-10 телевизээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 сарын 28-ныг дуустал 36 хоног 1 минут 40 секундын бичлэгийг өдрийн 5-8 удаагийн давтамжтайгаар цацсан. Дээрх үйлчилгээг хийлгэхэд TV-10 телевизэд 400 000 төгрөг төлж, STV телевизэд 600 000 төгрөг өгч цацуулсан билээ. Ингээд бидний хоорондох төлбөрийн тооцоог ийж дуусгасан гэж ойлготол бидэнд маргаан үүссэн. Анхнаас тохиролцсон асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй болж төлбөр нэхэх гэх болсон. Гэтэл би мөнгө төлж, 2 телевизэд рекламыг нь цацуулсан. Би өөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус засварын газрыг Б.Заяажаргал төлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Заяажаргал хариуцагч С.Нямбатаас түүний худалдан авсан сэлбэгийн үнэ болон ажлын хөлс нийт 486 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...С.Нямбат нь Б.Заяажаргалын ажиллуулдаг “Like” авто засварын газар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “приус” маркын автомашины гупер, крилан засуулж будуулсаны хөлс 80 000 төгрөг, мөн өөр “приус 10” маркын автомашинд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гупер засуулсан хөлс 80 000 төгрөг, 4 ширхэг шинэ амаржин худалдан авсан үнэ нь 230 000 төгрөг, түлк шахаж, солиулсан хөлс 30 000 төгрөг, 4 ширхэг амаржин солиулсан ажлын хөлс 32 000 төгрөг, лед гэрлийн ламп 4000 төгрөг, хаалга өргөгч засуулсан ажлын хөлс 10 000 төгрөг, нийт 466 000 төгрөг нэхэмжилж байна.Нэхэмжлэлдээ үнийн дүнгээ буруу тооцож 486 000 төгрөг гэж бичсэн байсан.Тиймээс зөвтгөж 466 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч С.Нямбат шүүх хуралдаанд “...Би машин засуулж, сэлбэг авсан нь үнэн.Гэхдээ засварын газартай амаар бартерийн гэрээ байгуулж, засварласан хөлсөө бэлэн бусаар буюу 2 телевизэд тус авто засварын төвийг сурталчилсан реклам сурталчилгааг телевизийн сувгаар нэг минутыг 15 000 төгрөгөөр цацахаар тохиролцсоны дагуу TV-10 болон STV телевизэд цацсан. Дээрх үйлчилгээг хийлгэхэд TV-10 телевизэд 400 000 төгрөг төлж, STV телевизэд 600 000 төгрөг өгч цацуулсан билээ. Би өөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч С.Нямбат нэхэмжлэгч Б.Заяажаргалын ажиллуулдаг “Like” авто засварын газар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “приус” маркын автомашины гупер, крилан засуулж будуулсан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “приус 10” маркын автомашины гупер засуулсан, 230 000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг шинэ амаржин худалдан авч солиулсан, түлк шахаж, солиулсан, лед гэрэл худалдан авсан, хаалга өргөгч засуулсан тухайд маргаагүй.Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажлын хөлс болон сэлбэгийн үнэ 466 000 төгрөг болсон асуудлаар маргаагүй.
Харин хариуцагч “...ажлын хөлс болон сэлбэгийн үнэ 466 000 төгрөгийг бэлэн бусаар буюу “Like” авто засварын газрыг сурталчилсан реклам зар сурталчилгааг телевизээр цацахаар тохиролцсон, энэ тохиролцооны дагуу TV-10 телевизэд 400 000 төгрөг, STV телевизэд 600 000 төгрөг төлж “Like” авто засварын сурталчилгааг телевизүүдээр цацсан тул би өөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна” гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...С.Нямбат Б.Заяажаргалд төлбөрөө мөнгөөр төлөхгүйгээр “Like” авто засварын сурталчилгааг телевизүүдээр цацаж өгье гэж хэлсэн юм байна лээ.Гэхдээ Б.Заяажаргал зар сурталчилгааны үнийг судлая л гэж С.Нямбатад хэлсэнээс биш зар сурталчилгаа цацуулъя гэж тохиролцоогүй юм байна лээ. С.Нямбатыг төлбөрөө төлөхгүй болохоор нь мөнгөө нэхэхэд С.Нямбат сэлбэгийн үнэ болон ажлын хөлсөө 2017 оны 04 сард төлнө гэж хэлсэн байдаг” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан.
Арилжааны гэрээгээр талууд аливаа эд хөрөнгө болон эрхийг харилцан солилцох үүрэг хүлээдэг.Гэтэл хариуцагч худалдан авсан сэлбэг болон ажлын хөлсийг мөнгөн төлбөрөөр бус “Like” авто засварын сурталчилгааг телевизүүдээр цацаж төлбөрийг төлөхөөр тохиролцсон өөрөөр хэлбэл зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй.
Харин зохигчдын хооронд автомашины сэлбэг худалдах, худалдан авах, мөн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн зүгээс биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, мөн тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Бямбацогтын мэдүүлгээр нотлогдож байгаа ба хариуцагч сэлбэг худалдан авсан, автомашинаа засуулсан талаар маргаагүй тул хариуцагчид худалдан авсан сэлбэгийн үнийг төлөх, ажил үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлс төлөх үүрэг үүснэ.
Хариуцагч шүүхэд “Фило” ХХК-ийн “...Зураглаач, эвлүүлэгч С.Нямбат нь ТВ 10 телевизэд гэрээгээр ажил гүйцэтгэж тухайн ажлын хөлс, гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 400 000 төгрөгт “Like” авто засварын төвийн үйл ажиллагааг сурталчилсан 2 минутын рекламыг ТВ 10 телевизийн эфирээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 28 хүртэл өдөр бүр 5-8 удаагийн давталттайгаар цацуулсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн STV телевиз буюу “ГДТХ” ХХК-ийн “Like” авто засварын газраас 600 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрхи баримтууд нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй, зохигчдын хооронд арилжааны гэрээ хийгдсэн нь тогтоогдоогүй тул дээрхи баримтуудыг үндэслэн хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй гэж үзлээ.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж хариуцагч С.Нямбатаас худалдан авсан сэлбэгийн үнэ 232 000 төгрөг, ажлын хөлс 234 000 төгрөг, нийт 466 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Заяажаргалд олгож, нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн 20 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүхэд “...тус засварын газрыг Б.Заяажаргал төлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэсэн тайлбар гаргасан. “Like” авто засварын газар нь одоогоор хуулийн этгээдийн ямар нэгэн хэлбэрээр байгуулагдаагүй байгаа, хариуцагч тухайн авто засварын газрын эзэн нь Б.Заяажаргал мөн болохыг, тэрээр сэлбэгийн үнэ, ажлын хөлсний талаар Б.Заяажаргалтай тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг Б.Заяажаргал гаргасныг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч С.Нямбатаас 466 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Заяажаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА