Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00571

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00571                                  Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “РСЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “РСЦ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2017 оны 1 сард тус шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Тосгоны 7-1 тоот “Сэцэд” ХХКомпани түүний Ерөнхий захирал Дашдондогийн Батбаяр /Орхон Баян-Өндөр сум Тамирын 3 чулуу байрны эхний байр 6 давхар 32 тоот Утас: 99118964, 98350001, 99100345/-аас 3 685 300 /Гурван сая зургаан зуун наян таван мянга гурван зуу / төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 142/ш32017/01552 дугаар захирамжаар “ хариуцагч хаяг дээрээ байхгүй, албадан ирүүлэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч компани татан буугдаагүй, Батбаяр нь Орхон аймагт байсаар байгаа саяхан болтол шүүхээр хэрэг шийдвэрлүүлж байсан гэх тул Сэцэд ХХК, тус компанийн захирал Дашдондогийн Батбаярыг эрэн сурвалжилж шүүхэд ирүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “РСЦ” ХХК нь “Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

“Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаяр нь “РСЦ” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дээрхи худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь “РСЦ” ХХК-нд элс нийлүүлэх үүрэг хүлээж, элсний урьдчилгаа төлбөрт 7 418 300 төгрөгийг шилжүүлэн авсан байсан атлаа элсээ нийлүүлээгүй байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа, оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул “РСЦ” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс “Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

“Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжлах, компанийн оршин байгаа, Д.Батбаярын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “РСЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн “Сэцэд” ХХК, тус компанийн захирал Д.Батбаярыг эрэн сурвалжлах, оршин байгаа, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “РСЦ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА