| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0014/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт оршин суух, урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял ногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан
Мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн, /............/ Э.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “ГБ” гэх газраас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Э.Ө-н 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ам бүл .., эмээ, ээж дүү нарын хамт амьдардаг. Би айлын том хүүхэд. Дүү нар 15 наснаас доош дандаа эмэгтэй хүүхдүүд. Би хөдөө мал дээр ахдаа тусалж байгаа. Өмнө шийтгүүлсэн торгуулийн мөнгийг төлөөгүй байгаа. Хугацаанд төлж барагдуулна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй Хохирогч Э.Ө-т хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн. Үйлдсэн хэрэгтээ хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй... гэв.
................. дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Э.Г-н: Би 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед мотоциклоор ганцаараа БО-нд байх хөдөө гэр рүүгээ явж байхад Г-с хойш тарианы урд замын хажууд 2 алагтай 20 гаран тооны адуу таарсан юм. Тэгээд надад хулгай хийх сэдэл төрсөн юм. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр адуунаас хээр алаг морь, хонгор морь 2 тарган морь ялгаж мотоциклоор аймгийн төв рүү хөөж гэгээ тасрахтай зэрэгцүүлэн аймгийн төвд оруулж аймгийн зүүн захаар байдаг эзэнгүй хашаануудын нэг рүү нь оруулан биед явж байсан мяндсаар бугуйлдаж бариад Дэнжийн ......... тоот хашаанд байх манай найз Т-н хашаанд энэ 2 морь түр байлгаж байя, найз нь борлуулах гэж авч ирлээ миний адуу гэж хэлсэн юм …Т.Т нь хулгайн адуу гэдгийг мэдээгүй би хашаанд нь гуйж байлгаж байгаад тэр өдөртөө хонгор адууг амьдаар нь Б гэх махны ченжид 650.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн алаг адууг нь найзынхаа хашаанд ганцаараа янзалж байтал манай найз Т.Т ирээд чи нэг адуугаа яасан юм гэхээр нь би махны ченжид өгсөн гэтэл Т тэгвэл хоёуланг нь тэр чигээр нь өгчихгүй яасан юм өөртөө ажил удах хэрэг байсан юм уу гэж хэлсэн. Тэгснээ Түмнээ тэр адууг хийхэд тусалсан ба дараа нь Түмнээгээс гуйгаад махыг нь .... УБН улсын дугаартай Cheser маркийн машинд ачаад М зоогийн газарт 1 кг-ийг нь 4.000 төгрөгөөр бодож 500 гаруй мянган төгрөгт зарсан. Тухайн мөнгөнөөс Түмээд би мөнгө өгөөгүй. Түмнээ ч мөнгө өг гэж хэлээгүй. Би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй Даюунг маркийн тээврийн хэрэгслээр хөөж Баруун-Урт сум руу оруулсан. Одоо тэр мотоцикл манай хашаанд байгаа юм. Би Ө-т 400 боодол өвс өгье гэж тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-24-26, 65-66/,
- Хохирогч Э.Ө-н: Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн ГБ гэх газарт нутагладаг юм. 2020 оны 07 дугаар сарын 21-23-ны өдрүүдийн хооронд хувийн ажлаар Улаанбаатар хот руу яваад ирсэн юм. Хамгийн сүүлд 2020 оны 07 дугаар сарын дундуур адуугаа бөөнд нь гаргахад бүрэн байсан юм. Хот яваад ирсэн чинь хээр алаг морь, амаадаа харсан саран зуузай тамгатай бүдүүн морь, хонгор зүсмийн бүдүүн морь адилхан тамгатай адуунаас салах учиргүй гэж бодоод хайгаад олохгүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би алаг морио 1.000.000 төгрөгөөр, хонгор морио 900.000 төгрөгөөр нийт 1.900.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн нүдээр яг адуугаа үзээгүй юм. Тухайн үед саахалт айлын ах Э надад хэлэхдээ 18-ны үед харахад алаг морь чинь харагдаж байсан гэж хэлсэн юм. Манайд 2 ижил алаг морь байдаг болохоор андуурсан байж магадгүй юм. 2 морь алдагдсан цаг хугацааны хувьд зөрүүтэй байж магадгүй. Э.Г нь миний хохирлыг барагдуулаагүй байгаа юм. Анх Э.Г надад 400 боодол өвс хадаж өгнө гэж тохирсон боловч одоо болтол тэрийгээ хадаж өгөөгүй байна. Би 2 адууны мөнгө болох 1.900.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-6-12/,
- Гэрч Ж.Б-н: Сүхбаатар аймгийн аймгийн төвд байхад цаг хугацаагаа тодорхой санахгүй байна. Наадмын өмнө шиг санаж байна. Хамтарч махан дээр суудаг Ө-тэй хамтарч бараан зүсмийн дунд зэргийн адууг Сүхбаатар сумын Д гэдэг залуугаас 650.000 төгрөгөөр худалдаж аваад Н-н бойнд Ө-р өгүүлээд 700.000 гаран мянган төгрөг болсон ашгаа хувааж авсан. Д харин адуугаа өгөхдөө шөнө утсаар асуугаад адуугаа авч ирсэн тэгээд шөнө адуу авахгүй гэж хэлээд буцааж, маргааш нь худалдаж авсан юм...гэх мэдүүлэг /хх-17-18/,
- Гэрч Б.Ө-н: 2020 оны 07 дугаар сарын 16 орой 23 цаг өнгөрөөгөөд унтаж байхад утас дуугарч Зүүн бүсийн махны лангуунд ажилладаг Б эгч залгаж зарах морь байна, хүн нь одоо авах уу гээд байна гэж хэлэхээр нь би цаг харахад 00 цаг дөхөж байсан болохоор би Б эгчид “ шөнө адуу авахгүй ээ, хулгайн юм байвал дэмий “ гэж хэлсэн юм. Маргааш нь намайг махан дээр байж байхад 12 цагийн үед Б эгч дахин залгаж “ нөгөө адуу манай хашаанд ирчихээд байна 2-лаа хуваагаад авчихъя “ гэхээр нь очиж үзэхэд хонгор зүсмийн, цагаан олойртой, зөв гуяндаа сартай зуузай тамгатай морь байсан. Би Б эгчид “ сайн тарган морь биш байна. Та өөрөө мэд, жоохон ашиг харна гэвэл 650.000 төгрөгөөс дээш гаргахгүй аваад бойнд өгвөл ямар байна “ гэж хэлээд “ та сайн судалсан юм уу, наад морь чинь хулгайн морь биш биз “ гэж асуухад Б эгч надад “ тийм юм байхгүй, би энэ хүүхдийг танина, над руу шөнөжин ярьсан. 2 морь өгнө гэж байгаад нэгийгээ өгөхөөр болсон байна “ гэхээр нь тэгвэл та өөрөө мэд гээд хэлээд би бүртгэлээ хөтлөөд асуумжаа асуугаад 650.000 төгрөгөөр худалдаж аваад эхнэрийн ............ гэсэн данснаас Б эгчийн данс руу хийгээд адууг нь аваад явсан. Уг адууг “ТЦ” бойны газарт оруулж өгсөн адууны мах тухайн үед кг 5000 гэж байсан тэгээд 80000 төгрөгийн ашиг гарсан байх талыг нь би Б эгчид өгсөн юм. Адууны эзэн гэх цаад залуутай бол би харьцаагүй Б эгч л ярьж хөөрөөд байсан. Би Б эгчээс авсан гэж бүртгэлээ бүрэн хөтөлж бөглөөд авсан гарал үүслийн бичиг асуухад байхгүй гэж хэлсэн тэгээд би Б эгчийн хашаанаас авсан учраас Б эгчээс адуу авснаар л бүртгэл хөтөлсөн юм...гэх мэдүүлэг /хх-13-14 /,
- Гэрч Т.Т-н: 2020 оны 07 дугаар сард “М”-д мах өгдгийн урд орой харанхуй болж гэгээ тасарсан үед манай хашаанд Г Д ногттой хонгор морь унаад мөн ногттой алаг морь хөтөлчихсөн ороод ирсэн тэгээд энэ 2 морьд маргааш зарах гэж байгаа юм. Танай хашаанд уяад хонуулчих уу гэхээр нь би зөвшөөрөөд гэртээ хоноогүй юм. Маргааш нь үдийн үед гэртээ ирсэн чинь хонгор морь нь байхгүй алаг морио манай гараашинд оруулчихсан нядалж байсан тэгэхээр нь би чи ямар учиртай адуу ингэж нядлаад байгаа юм бэ?, нөгөө адуугаа яасан юм гэхэд ГД надад би нэг адуугаа ченжид өгчихсөн, харин энэ адууг нялаад зарна гэж хэлсэн юм. Тэгээд би ГД-д хашаа хороо цус баас болголоо цэвэрлээрэй гэж хэлээд гарах гэснээ найзыг бодоод хашаа хороогоо цуг цэвэрлэж авахын тулд адуунаас нь хамжилцаж тусалсан юм. Мөн ГД-д нөгөө адуу шигээ цуг л ченжид өгчихгүй яасан юм, бөөн ажил удаад гэж хэлэхэд дуугарахгүй байсан юм. Тэгээд Д надад чи энэ махыг машинаараа нэг газарт хүргэж өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн юм. Бид 2 М хоолны газарт очиж Д уулзаж махаа өгөх гэхэд шулаад ирвэл авна гэх шиг болсон тэгээд буцаж манай гараашинд ирээд Д өөрөө шулж шуудайлаад бид 2 “М” хоолны газарт махаа өгсөн 570.000 орчим төгрөг болсон шиг санаж байна. Д өөрийнхөө данс руу 200.000 төгрөг аваад үлдсэн мөнгөө бэлнээр авсан юм. би тэр мөнгө төгрөгөөс нь хуваалцаагүй надтай хамт хоолонд л орсон юм...гэх мэдүүлэг /хх-21-23/,
- Гэрч Л.Э-н: Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үдийн өмнө ГД мөн түүний найз нь нэрийг нь мэдэхгүй байна өндөр залуу ..... гэсэн азын дугаартай бүдүүн яндантай чезэр маркийн тээврийн хэрэгсэл унадаг залуугийн хамт байсан манай хоолны газар руу орж ирээд адууны мах авах уу гэж асуусан юм. Тэгэхээр нь шулаад ирвэл хамаагүй авна. Зав муутай байна гэсэн чинь гараад явсан. Үдийн хойно нөгөө залуу ........ гэсэн чезэр маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийчихсэн адууны шулсан мах авч ирж үзүүлсэн тэгээд гайгүй цэвэрхэн болохоор нь би 1кг 4000 төгрөгөөр авсан юм. яг хэдэн төгрөг болсныг тодорхой санахгүй байна. ГД-н .......... данс руу нь 200.000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. тухайн адуугаа хөл нь гэмтсэн адуу шууд ажиллачихлаа авах уу гэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-19-20/,
- -Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2020.09.14-ний өдрийн 5/44 дугаартай тогтоол /хх-29/
-Худалдан авсан мал, махны бүртгэлийн хуулбар 1 хуудас /хх-5/
- “Ашид билгүүн” ХХК-ийн 2020.07.31-ний өдрийн ТХҮС-20/051 дугаартай Их насны морь/хээр алаг зүстэй/ - 1 тооны адуу 1.000.000, Их насны морь/хонгор зүстэй/-1 тооны адуу 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-36/
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020.09.04-ний өдрийн ТХҮС-20/064 дугаартай Даюунг мотоцикль 150.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-45/
- Э.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/
- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/272 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-73-78/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-83/
- Э.Ө, Э.Г нарын хохирол төлбөр төлсөн, хүлээн авсан талаарх 0007 бүртгэлийн дугаартай нотариатчийн гарын үсгийн баримт,
-Э.Г-н Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 76 дугаартай хувийн хэрэг зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “ГБ” гэх газраас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг загварын маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Э.Ө-н 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
хохирогч Э.Ө-н “ 2020 оны 07 дугаар сарын дундуур хот яваад ирсэн чинь хээр алаг морь, амаадаа харсан саран зуузай тамгатай бүдүүн морь, хонгор зүсмийн бүдүүн морь алдсан. Тухайн үед саахалт айлын Э ах хэлэхдээ 18-ны үед харахад алаг морь чинь харагдаж байсан гэж надад хэлсэн ” гэх,
гэрч Ж.Б-н “...Наадмын өмнө шиг санаж байна. Хамтарч махан дээр суудаг Ө-тэй хамтарч бараан зүсмийн дунд зэргийн адууг Сүхбаатар сумын Д гэдэг залуугаас 650.000 төгрөгөөр худалдаж авсан. Д харин адуугаа өгөхдөө шөнө утсаар асуугаад адуугаа авч ирсэн тэгээд шөнө адуу авахгүй гэж хэлээд буцааж, маргааш нь худалдаж авсан юм” гэх,
гэрч Б.Ө-н“ 2020 оны 07 дугаар сарын 16 орой Б эгч залгаж зарах морь байна, хүн нь одоо авах уу гээд байна гэж хэлэхээр нь шөнө адуу авахгүй ээ, хулгайн юм байвал дэмий гэж хэлсэн юм. Маргааш нь 12 цагийн үед Б эгч дахин залгаж нөгөө адуу манай хашаанд ирчихээд байна 2-лаа хуваагаад авчихъя гэхээр нь очиж үзэхэд хонгор зүсмийн, цагаан олойртой, зөв гуяндаа сартай зуузай тамгатай морь байсан. Наад морь чинь хулгайн морь биш биз гэж асуухад Б эгч надад тийм юм байхгүй, би энэ хүүхдийг танина над руу шөнөжин ярьсан гэж байсан. 2 морь өгнө гэж байгаад нэгийгээ өгөхөөр болсон байна гэхээр 650.000 төгрөгөөр худалдаж аваад эхнэрийн ................ гэсэн данснаас Б эгчийн данс руу хийгээд адууг нь аваад явсан” гэх
гэрч Т.Т-н“ 2020 оны 07 дугаар сард манай хашаанд ГД ногттой хонгор морь унаад, мөн ногттой алаг морь хөтөлж ирээд энэ 2 морийг маргааш зарах юм, танай хашаанд уяад хонуулчих уу гэхээр нь би зөвшөөрөөд гэртээ хоноогүй юм. Маргааш нь үдийн үед гэртээ ирсэн чинь хонгор морь нь байхгүй, алаг морио манай гараашинд оруулчихсан нядалж байсан Д энэ махыг машинаараа нэг газарт хүргэж өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн юм. Д өөрөө шулж шуудайлаад бид хоёр “М” хоолны газарт махаа өгсөн ” гэх,
гэрч Л.Э-н “2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ГД нь ..... гэсэн дугаартай Чезэр маркийн тээврийн хэрэгсэл унадаг өндөр залуугийн хамт манай хоолны газарт ирээд адууны мах авах уу гэсэн. Би шулаад ирвэл хамаагүй авна гэхэд үдийн хойно адууны шулсан мах 1кг 4000 төгрөгөөр авсан юм ” гэх мэдүүлгүүд,
Худалдан авсан мал, махны бүртгэлийн хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮС-20/051 дугаартай “ Их насны морь/хээр алаг зүстэй/ - 1 тооны адуу 1.000.000, Их насны морь/хонгор зүстэй/-1 тооны адуу 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг “ дүгнэлт, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 5/44 дугаартай тогтоол тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.Г нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Э.Ө-н 2 тооны адууг бэлчээрээс нь өөрийн мотоциклоор хөөж туун аймгийн төвд авчран зарж борлуулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Э.Г нь биеэр шууд авч явах боломжгүй эд хөрөнгийг авахаар буюу бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр адууг аймгийн төв рүү хөөж, туух боломжгүй учраас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг ашигласан байх бөгөөд тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй буюу тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
Шүүгдэгч Э.Г-н тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 2 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. олон тооны мал хулгайлах, 2.4. машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө-т учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтээр их насны морь/хээр алаг зүстэй/-ийг 1.000.000 төгрөг, их насны морь/хонгор зүстэй/-ийг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Дээрх үнэлгээ, тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
Э.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө-т учирсан 2 тооны адууны хохирлыг нөхөн төлсөн болох нь Сүхбаатар аймгийн тойргийн нотариатч Г.Д-н 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0007 бүртгэлийн дугаартай “ Хохирогч Ө миний бие Э.Г-с 2 тооны адууны хохирлы төлбөр болох 1.900.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа, нэхэмжлэх зүйлгүй болно “ гэх нотариатчийн гарын үсгийн баримтаар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Э.Г-н гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э-н шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргасан “ Э.Г мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Ам бүл 7, эмээ, ээж, 15 наснаас доош 4 дүүгийн хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох прокурорын саналтай ямар нэгэн байдлаар маргах зүйлгүй. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор 2.700.000 төгрөгийн торгох ял, уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлсэн байгаа. Тухайн хугацаа дуусаагүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг тусад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг хангах боломжтой гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Ггийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт “ хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон” тогтоосон бөгөөд түүний үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүний насны байдал зэргийг харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Г нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа болох нь хэрэгт авагдсан 45 дугаартай шийтгэх тогтоол, 76 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Дээрх шийтгэх тогтоолоор Э.Г-д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан үр дагавар үүсээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял нэмж нэгтгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, 45 дугаартай шийтгэх тогтоолд заасан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусах болоогүй, уг тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн гомдол, хүсэлт гараагүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Э.Г-д холбогдох Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулах хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Э.Г энэ гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг загварын мотоциклийг ашигласан байх тул хуульд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл Э.Г-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд уг мотоциклийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх зохицуулалтанд нийцэх юм.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020.09.04-ний өдрийн ТХҮС-20/064 дугаартай дүгнэлтээр уг мотоциклийг 150.000 төгрөгөөр үнэлжээ /хх-ийн 41-45/.
Шүүх шүүгдэгч Э.Г-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Шүүхийн шатанд Э.Г-д энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.ГД-г машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Г-г нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Г-д холбогдох Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Даюунг загварын улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч Э.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Э.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд хохирогч Э.Ө-т учирсан 1.900.000 төгрөг төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Э.Г-н эзэмшлийн улсын дугааргүй Даюунг загварын улаан өнгийн мотоциклийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН