Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, “ТЦ” гэх хоршоонд ажилладаг, ам бүл .. , эхнэр ...хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, Төмөртэйн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай /................./ Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

 Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа .... дугаар дэлгүүрийн зүүн талд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө тус сумын иргэн Ц.Т-г зодож эрүүл мэндэд нь зүүн гарын шууны далд зөрөөтэй хугарал, шууны зүсэгдсэн шарх, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: - Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өмнө нь зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Ц.Т-н “... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлынхаа хамт олонтой Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “А” нэртэй караокед 21 цагийн орчим орсон юм. Ойролцоогоор манай ажлын 10 гаруй хүмүүс байсан санаж байна. Би тухайн бааранд нэлээн их архи хэрэглэсэн. Тэгээд баарнаас 24 цагийн үед гарч манай ажлын хүмүүс О \ жинхэнэ нэрийн мэдэхгүй \ гэх цуг ажилладаг хүний гэрт очиж тэнд 1-2 шил архи уусан санаж байна. О-с шөнө 02 цагийн орчимд А бид хоёр гэр рүүгээ харих санаатай тэднийхээс гарсан. Учир нь А-нх манай урд талын хашаа юм. А бид хоёр гэр рүүгээ харих замдаа юунаас болж муудсаныг санахгүй байна ямар ч байсан .... дугаар дэлгүүрийн зүүн талд А нь намайг замын хойт тал руу түлхэж унагаан миний хөл гар руу 2-3 удаа өшиглөсөн, би А-т миний хөгшин найзыгаа цохихоо боль гар хугарчихлаа гэж бархирсан тэгсэн удалгүй А яваад өгсөн...би гараа эмчлүүлэх гэж эм тариа авсан юм. Ойролцоогоор 100.000 төгрөг болсон. Гэхдээ надад баримт гэж бол байхгүй. Тэр мөнгөө нэхэмжилж байна ...А бид хоёроос өөр хүн бол байгаагүй. Би тухайн үед нэлээд их согтуу байсан болохоор яг юу болсныг нь бол нэг бүрчлэн санахгүй байна ямар ч байсан А нь намайг түлхэж унагаагаад дээрээс өшиглөснийг мэдэж байна. Миний зүүн гар хугарсан баруун гуя дотуураа хөндүүр гэмтэлтэй зовуурь ихтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч Д.Ц-н “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай хүүгийн төрсөн дүү болох А нь над руу залгаад ах хүнд зодуулчихсан байна гар нь хугарсан, бие нь олон шархтай байна, би түргэн дуудсан гэж над руу ярьсан. Тэгээд би Ц.Т-с юу болсон талаар асуухад юм дуугарахгүй цагдаа сэргийлэх гээд яахав гэж надад хэлсэн ...Ц.Т нь надад хэлэхдээ бол ажлынхаа хүмүүстэй архи уусан, дараа нь урдах айлынхаа хүн болох Аа гэх хүнтэй муудаад зодуулсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Д.Б-н: 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ТЦ хоршооны ажилчид болох 10 гаруй хүмүүс А нэртэй караокед орой 21 цагийн үед орж 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд тэндээсээ манайх руу Т, А болон манай ажлын хүмүүс болох 10 гаруй хүмүүс манай гэр болох Төмөртэйн ...... тоотод очсон. Манай нөхрийг А гэдэг. Тухайн үед бид нартай цуг байсан юм. Тэгээд манайд 0.75 литрийн хар экс нэртэй архийг бид нар хувааж уусан ба тухайн архийг дуусгасны дараа би Т, А хоёрыг машиндаа суулгаад гэр рүү нь хүргэж өгөх гэж байгаад машиныхаа түлхүүрт гэр рүү орох хооронд нь Т нь машинаас буугаад явчихсан байсан тэгсэн А нь Т явчихсан би Т-г харангаа гэр рүүгээ гүйчихье гэхээр нь би зөвшөөрч өөр хүн хүргэж өгөхөөр явсан. Би саятан руу хүн хүргэж өгчхөөд ирснийхээ дараа А-н хадам аав болох Д рүү залгаж А-г гэртээ очсон эсэх талаар асуухад орж ирээд унтаж байна гэж хэлсэн. Т-н утас нь холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь Т ахынх руу очиход гэрт нь хүн байгаагүй. Ажил дээр очсоны дараа Т-ын эхнэр дүү 2 нь ирээд Т зодуулсан байна та нар хэдийн үед тарсан талаар асуусан тэр үед л би Т-г зодуулсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

 

 Яллагдагч Б.А-н “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай ТЦ хоршооны ажилчид болох 10 гаруй хүн А нэртэй караокед орж тэндээ ойролцоогоор 2 шил архи уусан. Тэгээд тэндээс гараад цуг ажилладаг О-нд \нэрийн мэдэхгүй\ Т болон манай ажлын 4-5 хүн очиж 0.5 л архи хувааж уугаад Т бид хоёр ойролцоогоор 02 цагийн үед тэднийхээс гарсан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа Т-тай муудаад байснаа санаж байгаа ба юунаас болж муудсанаа санахгүй байна ямар ч байсан муудаж .... дугаар дэлгүүрийн зүүн талд би Ц.Т-г замын хажуу руу түлхэж унагаасан. Тэрнээс өөр зүйл санахгүй байна. Тэгээд Т-г татаж босгох гэтэл Т нь би эндээ унтлаа гэхээр нь орхичихсон юм ...хөл рүү нь өшиглөсөн өө санахгүй байна. Түлхэж унагааснаас болж Т нь гэмтэл авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 36-37 дугаар хуудас/,

 

Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 516 дугаартай “...Ц.Т-н зүүн гарын шууны далд зөрөөтэй хугарал, шууны зүсэгдсэн шарх, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүртээ 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А-н оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40/

 

Хохирогч С.Н-н хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 9-19/

 

Шүүгдэгч Б.А-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/

 

Шүүгдэгч Б.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум  үйл ажиллагаа .... дугаар дэлгүүрийн зүүн талд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө тус сумын иргэн Ц.Т-г зодож эрүүл мэндэд нь зүүн гарын шууны далд зөрөөтэй хугарал, шууны зүсэгдсэн шарх, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Т, гэрч Д.Ц, Д.Б нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 516 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдох бөгөөд тэрээр гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг түлхэж унагах, өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Ц.Т-г согтуугаар замын хажуу руу түлхэж унаган өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

 

 Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.А-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Б.А-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний 100 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 Түүнчлэн хохирогч Ц.Т-н биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.А-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Т нь эмчилгээний зардалд 100 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Н.БАЯРБААТАР