| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0004/э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М-т холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн М суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн М сумын ... дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............., О.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн М сумын 4 дүгээр баг Б-н задгай тоотод өөрийн эхнэр О.Б-г өшиглөх, юмаар ороолгох зэргээр зодож баруун гарын бугалга, дал, нуруу, зүүн талын гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч О.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч О.Б-н “...2020 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн М сумын 4 дүгээр баг “БЗ” тоотод өөрийн гэртээ байж байхад манай нөхөр О.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг чи хүнтэй явалдаад байна уу? Би чамаас одоо сална гээд авдар дотроос хувцсаа гаргаж байснаа авдар дээр байсан өөрийн нурууны бор өнгийн бүсээр намайг хэд хэдэн удаа цохисон тэгээд би сумын цагдаа дуудах гэсэн боловч миний гар утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Намайг хэл амаар доромжлох үед манай найз У байсан харин манай нөхөр О.М намайг зодох үед бид хоёр хоёулаа байсан юм. Одоо миний нуруу, зүүн талын гуяны хэсэг, зүүн талын бөөрний хэсэгт хөхөрч хавдсан зовуурьтай байна. Манай нөхөр О.М нь намайг 2016 онд нэг удаа алгадаж байсан.Өөр ямар нэг зодож цохисон зүйл байхгүй. Сая намайг С гэх хүнтэй хардаад хоорондоо маргалдаад намайг зодож цохисон. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-11/,
Гэрч О.М-н “...Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед М сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “МБА” гэх караоке-д өөрийн эхнэр О.Б, У, Т бид дөрөв 1 цаг дуулаад 22 цагийн үед би “МБА” караоке-гаас гарахдаа нэг шил 0,5 литрийн хар экс нэртэй архи авсан байсан тэрийгээ аваад өөрийн эхнэр О.Б, У бид гурав гэртээ ирэхэд манай гэрт Б гэх залуу ирсэн байсан. Би Б-той хамт “МБА” караоке-гаас авсан нэг шил архиа уусан. Тэгээд тухайн архи ууж дуусгаад У гэр рүүгээ явсан харин Б нь манай гэрийн баруун талын орон дээр унтсан. Тэгээд би өөрийн эхнэр О.Б-тай маргалдахад манай эхнэр О.Б миний толгой хэсэгт гараа нэг удаа цохихоор нь би уурлаад зүүн хөлөөрөө эхнэрийнхээ баруун талын гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд манай эхнэр чи намайг зодлоо гээд миний өөдөөс дайраад байхаар нь түлхэж унагаагаад нурууны бүсээрээ эхнэр О.Б-г хоёр удаа цохисон. Тэгээд манай эхнэр гэрээс гараад явсан тэр шөнө гэртээ ирж хоноогүй ...Тухайн үед би нэлээн согтоод О.Б-г хүнтэй явалдаад байна гэж хардах сэтгэл төрөөд тэр асуудал дээрээс болж маргалдаж хөлөөрөө нэг удаа гуя руу нь өшиглөсөн ба өөдөөс дайраад байхаар нь нурууны бүсээрээ 2 удаа цохичхоод гэрээсээ гараад явчихсан юм. Тэр шөнө бол гэртээ ирж хоноогүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн12, 24-27/,
Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 485 дугаартай “...О.Б-н баруун гарын бугалга, дал нуруу, зүүн талын гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 13-18/
Шүүгдэгч О.М-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 29/
- Шүүгдэгч О.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/
- Шүүгдэгч О.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/
-Аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 33-36/
-хохирогч Ч.А-н гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 38/
-Шүүгдэгч О.М-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 40/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/111 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 41 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 239 дугаартай санал /хх-ийн 42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн М сумын 4 дүгээр баг Б-н задгай тоотод өөрийн эхнэр О.Б-г өшиглөх, юмаар ороолгох зэргээр зодож баруун гарын бугалга, дал, нуруу, зүүн талын гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч О.Б-гийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О.Б-тай эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.М-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч О.М нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөх, юмаар ороолгоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Б-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.М-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
О.М-н үйлдлийн улмаас хохирогч О.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Б нь “ манай нөхөр надаас уучлалт гуйсан одоо миний бие зүгээр болсон тул бид эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч О.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч О.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч О.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч О.М-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч О.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР