Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б-д холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин  ам бүл ...,  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  ... дугаар баг ЗТ гэх газарт  оршин суух хаягтай, регистрийн дугаар:............, П.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар баг Бага дөрвөлжийн .... тоотоос иргэн Д.М-н эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 305 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь эзэнд нь буцааж өгсөн гэв.

        

 Хохирогч Д.М-н “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өглөө нүүрсэнд яваад өдөр нь гэрийнхээ гадаа ирээд эхнэртэйгээ нүүрс шуудайлах уут аваад гараад ир гэж ярьсан тэгтэл эхнэр шуудай авч гарч ирээд гэрийн гадаа бид хоёр нүүрс шуудайлж байсан чинь Б эгч ирээд эм асуусан юм. Тэгээд бид гурав манай гэрт орсон би гэрт ороод гарч ирээд нүүрс шуудайлж байсан гэрт манай эхнэр Б эгч хоёр үлдсэн. Тэр хоёр удалгүй гэрээс гарч ирээд  манай эхнэр над дээр ирж нүүрс шуудайлсан харин Б эгч шууд хашаанаас гараад явсан юм. Орой 17 цагийн үед манай эхнэр найзтайгаа ярина гээд утсаа авахаа гэр рүү ороод утсаа олоогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Машины хажууд ширээ байгаагүй харин хашааны баруун буланд ширээ байгаа уг ширээ дээр манай эхнэр уг өдөр очоогүй Б эгч очоогүй болохыг би маш сайн санаж байна. Гэрийнхээ ширээн дээрээ тавиад орхисон утас гэж хэлсэн гадаа бол авч гараагүй гэдгээ маш сайн мэдэж байна гэсэн. Манай эхнэр бичиг үсэг мэдэхгүй цагдаа хархаараа сандраад ярьж чаддаггүй юм. Миний утас байгаа юм. Эхнэр бид хоёр ээлжилж барьдаг миний утас гэж хэлж болон” гэх мэдүүлэг хх-ийн 18-19,

 

   Гэрч Ж.С-н “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг Х гэх газар байх хөдөө гэрээсээ ээж аав хүүгийн хамт ээжийн эгчийн хүүхэд Г гэх айлд  ирээд сууж байхад МШ гэх айл руу эм асуухаа ороод ирье гээд явсан  буцаад ирэхдээ МШ гэх айлын хашааны хойд талын өвсөн дотор доошоо хараад утас хэвтэж байхаар нь аваад ирлээ гэж хэлэхээр нь би кодыг нь гаргаад барьж байя гэж хэлээд авсан. 2020 оны 11 дүгээр сарын эхээр байх ЕЭ-д байдаг утас засварын залуугаар кодыг нь гаргуулж өөрийн барьдаг ............ дугаарыг хийж барьсан...Хэний утас болох талаар асуугаагүй Google гээд юм яриад байсан тэрийг нь мэдэхгүй байгаа байлгүй гэсэн тэгтэл 20.000 төгрөгөөр гарган гэж хэлээд кодыг нь тайлж өгсөн .” гэх мэдүүлэг хх-ийн 22-23 ,     

 

Гэрч М.Г-н “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх ЕЭ төвд гар утас засвар ажиллуулдаг юм. Зарим өдрөө 3 утас өдөр болгон утасны код мартсан гээд гаргуулдаг. Би асууж байгаагаа хүмүүс утасныхаа кодыг гаргуулна гээд орж ирэхээр нь гаргаад өгдөг. Уг утасны маркийн би санахгүй байна өдөр болгон утасны код гаргадаг болохоор  гэх мэдүүлэг хх-ийн 26-27 ,

 

Яллагдагч П.Б-н “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт байх М-н хашаа руу уушгины улаан эм асуух гээд орсон чинь машиных нь хажууд жижиг ширээ байсан тэр ширээн дээр улаан өнгийн хавтастай бор шаргал өнгийн гар утас байхаар нь аваад охин С-т ээж нь гар утас оллоо гээд өгчихсөн. Намайг тэр утсыг авах үед ямар нэг хүн байгаагүй. Авч болохгүй гэж мэдэж байсан, эхлээд аваад буцааж тавиад явсан тэгээд хүн харагдахгүй болохоор нь буцаж очоод авчихсан ...би тухайн гар утсаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт байрлах ЕЭ төвийн гар утас засварчнаар түгжээг нь гаргуулсан дотор нь юу ч байгаагүй устсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-31/,

              

Үүрэн телефоны “Мобиком” корпораци ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18/7517 тоотод албан бичиг /хх-ийн 9-10 /,

 

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-45/ ,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 04-05/  

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн Засаг даргын П.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52/

 

 Шүүгдэгч П.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/

 

 Шүүгдэгч П.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 54/

Шүүгдэгч П.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 62/

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 63 /

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 02 дугаартай санал /хх-65/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын ... дугаар баг Бага дөрвөлжийн .... тоотоос иргэн Д.М-н эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 305 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч  Д.М, гэрч Ж.С, М.Г нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Үүрэн телефоны “Мобиком” корпораци ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18/7517 тоот албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.М-тай эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч П.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч П.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Б-н хохирогч Д.М-н эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч  бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас П.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч П.Б-г бусдын эд  хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

П.Б-н үйлдлийн улмаас хохирогч Д.М-д 305 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.М нь  “Би утсаа буцааж авсан. Надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч П.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч П.Б-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч П.Б-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч П.Б-д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Б-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч П.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч П.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР