Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Хт холбогдох 2030000000320 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны ... дугаар сарын ....-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эх, эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .... дугаар баг “УН” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Х. /............/

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Х нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэр “ШБ” гэх газарт хохирогч Г.Г-тай маргалдан нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дотор буланд урагдсан шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 2030000000320 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтад өгсөн: “... Э бид хоёр машиндаа сууж байтал Ц, М-О нар гарч ирээд захиргааны гэрт тамхи татлаа гэж Г хөөгөөд гэхэд Г гэрээс гарч ирсэн. Би Г-т чи яагаад нутгийн дүү нарыг гэрээсээ хөөж байгаа юм гэхэд “чамд хамаагүй, чи өөрийнхөө хүүхдийг тэжээж чадахгүй, танай хүүхэд эмнэлэгт харангадаж үхэх гэж байхад өөрт хамаагүй хүмүүсийг өмөөрч над руу согтуу агсарлаа” гэхээр нь 1 удаа нүүрэнд нь баруун гараараа цохисон. Г гэр лүүгээ орсон удалгүй цагдаа ирээд надтай уулзсан. Манай найз Ж гэх залуу “ШБ” дээр таарахаар нь хамт явсан дүү нартайгаа 2 шил архи хувааж уусан. Г намайг цохиогүй, бид хоёр урьд муудаж маргаж байгаагүй. Миний гэр бүлийг доромжлоод байхаар нь уурандаа 1 удаа цохисон миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн:  “...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “ШБ” уулын хойд талд “АХ” наадамд манай сумын Засаг даргын тамгын газраас гэр барьсан. Тэгээд шөнө 12 цагийн үед албаны гэрт манай сумын хэдэн залуучууд орж ирээд тамхи татахаар нь тамхи бага татаарай гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би гэрт байхад Онгон сумаас ирсэн И гэх залуу ирээд машинд очиж юм ярьж сууя гэхээр нь дагаад явж байтал Х машины урд суучихсан намайг дуудаад чи муу цагаач захиргаанд ажилд ороод их том болсон байна, дүү нарыг гэрт тамхи татуулдаггүй хэн бэ? гээд агсараад байхаар нь би согтуу хүнтэй юм яриад яах вэ гээд гэр лүүгээ явсан. Гэтэл араас шилэн хүзүүн дээр цохиод би газар унасан. Босох гэсэн боловч босож чадахгүй байхад дахин Х миний нүүрэн тус газар луу өшиглөж унагасан. Тэгээд тэр хавьд байгаа залуучуудад хүн цохивол ингэж цохидог юм, дахиад болоогүй би энийг ална ялаа даагаад гараад ирнэ гээд инээгээд байсан. Би Хаа чи ингэж болохгүй хамаагүй хүмүүс өмөөрч байхаар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ очиж асар гэж хэлэхэд дахин нүүрэн тус газар хамрын доод хэсэгт 1 удаа баруун шанаанд гараараа цохисон. Тэгээд би гэртээ ороод цагдаад мэдэгдсэн. Х-г танина бид хоёр урьд нь маргаж муудаж байгаагүй. Х-н сууж байсан машинд 2-3 хүн нь тасарсан байдалтай унтаж байсан. Х өөрөө их согтуу байсан. Би Х-г цохиогүй, ингэж болохгүй гэж хэлсэн. Миний биеийн байдал сайн Х-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний зүүн нүдний нулимсны суваг сэтэрсэн 2 оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн толгой доргисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “... М-О, Ц нар захиргааны гэрт орсон чинь Г тамхи татлаа гэж хөөгөөд байна гэж ярьж байсан. Тэгээд бид хэд машиндаа сууж байхад Г ах бид хэд дээр ирэхээр нь Х ах чи яагаад манай дүү нарыг тамхи татлаа гэж хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд Г чамд хамаагүй чи өөрийнхөө хүүхдийг тэжээж чадахгүй эмнэлэгт турааж алах гэж байж гэх зэргээр Х ахыг доромжлоод байсан тэгээд Х машинаас бууж Г-г 1 удаа нүүрэнд нь цохисон Г гэр лүүгээ орсон. Удалгүй цагдаа ирээд Х ахыг авч явсан. М-О, Ц, Х ах бид 4 байсан. Өөр хүмүүс байгаагүй. Бид дөрөв 2 шил архи уусан байсан. Г ах их согтуу байсан. Г Х ахыг цохиогүй өөдөөс нь хэрэлдэж хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Захиргааны гэрт М-О ах бид 2 орж Г ахтай хөзөр тоглоод тамхи татсан чинь Г тамхи татлаа гэрээс гар гэж уурлаад байхаар нь тоглоомоо дуусгаад гарч машиндаа суугаад Г гэрт тамхи татлаа гэж уурлаад байна гэж Х ахад М-О ах хэлсэн тэгээд бид хэд машиндаа сууж байхад Г ах бид хэд дээр ирэхээр нь Х ах чи яагаад манай дүү нарыг тамхи татлаа гэж хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд Г чамд хамаагүй чи өөрийнхөө хүүхдийг тэжээж чадахгүй эмнэлэгт турааж алах гэж байж гэх зэргээр Х ахыг доромжлоод байсан тэгээд Х машинаас бууж Г-г 1 удаа нүүрэнд нь цохисон. Г гэр лүүгээ орсон удалгүй цагдаа ирээд Х ахыг авч явсан. Х ах машинаас бууж ирээд Г-г чи юу гээд байна гээд 1 удаа баруун гараараа цохисон. Тэгэхэд Г-н зүүн нүднээс цус гарч байсан. М-О, Э, Х ах бид дөрөв 2 шил архи уусан байсан. Намайг захиргааны гэрт ороход Г гэртээ 0.75 литрийн “Е” архи уугаад сууж байсан. М-О ах бид хоёрт хийж өгч байсан, их согтуу байсан. Г Х ахыг цохиогүй өөдөөс нь хэрэлдэж хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч X.М-О-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Х ах Г-т хандаж чи яагаад манай дүү нарыг тамхи татлаа гэж хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд Г чамд хамаагүй чи өөрийнхөө хүүхдийг эмнэлэгт турааж алах гэж байж хамаагүй хүн өмөөрөөд байх юм байхгүй гэсэн. Тэгээд тэр хоёр машинаас бууж хоорондоо маргаад Х ах Г-г нүүрэн тус газар нь 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 594 дугаартай
“... Г.Г-н биед зүүн нүдний дотор буланд урагдсан шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

 - Шүүгдэгч Б.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 39 дүгээр хуудас/

 

  • Хохирогч Г.Г-н гомдолгүй гэх хүсэлт – хх-ийн 42 дугаар хуудас/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/110 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 48 дугаар хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 128 дугаартай санал /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Х-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ШБ” гэх газарт хохирогч Г.Г-н биед “зүүн нүдний дотор буланд урагдсан шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Х-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Х, гэрч Д.Э, Х.Ц, Х.М-О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 594 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Х-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Х-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.Г нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА