| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00420/И |
| Дугаар | 00596 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 00596
2017 оны 05 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2017/00596 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг 2-34-13 тоотод оршин суух Боржигон овгийн Цандмаагийн Ганчимэгийн /регистрийн дугаар ИЭ72071104/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах 18 дугаар сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч 18 дугаар сургуулийн захирал П.Батбаяр, гэрч Д.Батболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би ажлаа хийж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган арга хэмжээ авагдаж байгаагүй.Гэтэл намайг ажпаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3-т заасан: "ажлаас халах"хуулийн дээрх заалт нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд арга хэмжээ авах учиртай. Эмчийн үүрэг бол сурагчдыг жилд нэг удаа буюу 10-р сараас үзлэг эхэлдэг. 11-А бүлгийн сурагч Урангоо гэх охин 2016 оны 1-р сард жирэмсэн болсон болохыг эмчийн хувьд би 2016 оны 5-р сарын эхээр мэдсэн. Эндээс харахад 2016 оны 10-р сард эмчийн үзлэг болох үед жирэмсэн болоогүй байсан. Би эмчийн хувьд ангиудаар явж хүүхдүүдийн өвчлөлийн талаар судалгаа хийгээд явж байтал 11-А-ын ангийн Урангоо олон хоног өвчилсөн гэхээр нь багшаас нь гэрийн хаягийг нь аваад хэсгийн эмчтэй нь очиж уулзаад энэ хүүхдийн талаар асуусан чинь жирэмсэн болсон гэж хэлэхээр нь тухайн үед ажиллаж байсан захирал байсан А.Ариунаад хэлсэн. Энэ охин 2016 оны 10-р сард төрөөд охинтой болсон гэсэн.Хүүхдийн эцэг эх нь хүүхдээ жирэмсэн болох төрөх зэргийг нь хүлээн зөвшөөрсөн байхад би юу хэлэх билээ дээ. Иймд Ц.Ганчимэг намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож.ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч 18 дугаар сургуулийн захирал П.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сургуулийн эмч ажилтай байсан Ц.Ганчимэг нь хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулан авахаар нэхэмжлэлийг гаргажээ. Энэ нэхэмжпэлийн агуулгад ажлаас халагдсан үндэслэлээ зөвхөн 10-р ангийн сурагч жирэмсэн болоод, улмаар төрсөн явдалтай холбон тайлбарласан байна. Энэ нь учир дутагдалтай, өрөөсгөл ойлголт болжээ. Иймд ажлаас халагдсан үндэслэлийг тайлбарлан хүргүүлж байна. Үүнд:
1. Эмчийн ажпын байрны тодорхойлолтын зорилтуудыг хангаж ажиллаагүй.
2. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, давтан тасалсан
3. Удирдах, удирдуулах зарчмыг хүндэтгэн үздэггүй байдал
4. Сургуулийн дотоод журмын зохих заалтуудыг зөрчсөн
5. Сургуультай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний зарим заалтуудыг ханган биелүүлээгүй
6. Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн
7. Хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн явдлууд юм.
Сургуулийн эмч Ц.Ганчимэгийг ажлаас халсан үндэслэлүүдийг товч тайлбарлавал:
1. Эмч өөрөө цаашид хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа шууд ойлгуулсан явдал юм. Энэ нь нийгмийн ажилтан Д.Уранчимэгийг байлцуулан, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тухай болон ажлын хариуцлага сул байгаа тухайд “САНУУЛГА" өгөхөөр хийсэн уулзалтын үед өөрийн биеийг илт өмөөрөн, дутагдлаа засах талаар анхаараагүйгээр, “Би үйлчилгээний ажилчин шиг ажил гуйгаад явж чадахгүй. Мэргэжпээрээ хаана ч ажиллана.. Халах тушаалаа гарга” гэж шаардсан явдал юм. Энэ нь цаашид хамтран ажиллах сонирхол үгүйгээс гадна удирдах, удирдуулах зарчмыг хүндэтгэн үзэх ёс суртахууны үндэс байхгүй гэдгийг илэрхийлсэн явдал гэж ойлгож байгаа. /“Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1.14 дэх заалт мөн 2.1 дэх заалт, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 5.1 дэх заалтыг/
2. Эрхэлж буй ажлаа тодорхой төлөвлөгөө, график, удирдамжгүй, урсгалаар явуулж хэвшсэн байдлаа засахыг хүсээгүй явдал /"Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.15 заалт/
3. Ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаггүй урсгалаар хандаж, урьдчилан сэргийлэх үзлэгийг дунд, ахлах ангиудад явуулаагүйгээс сурагч жирэмсэлсэн, улмаар төрсөн асуудал гарсан байдаг. /Эмчийн ажпын байрны 1-р зорилтын 1.1, 2-р зорилтын 2.5-ыг ноцтойгоор зөрчсөн/
Анх сургуулийн захирлын үүрэгт ажлыг хүлээж авсаны дараа захиргаа аж ахуйн ажилтнуудынхаа ажлын явц байдалтай танилцах явцад:
а. Эмчийн зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө байхгүй /"Сургуулийн дотоод журам”-ын 5.3 дахь заалт\
б. Зөвхөн урсгал байдлаар, 9 болон 10-р сард төлөвлөж ажлаа явуулсан /"Сургуулийн дотоод журам”-ын 5.2. дахь заалт/
в. Эхний хагас жилийн тайланг бичсэн харагдах авч, энэ нь тайлангийн наад захын шаардлага хангахгүй
г. Бичсэн тайлан гэх зүйлээ сургуулийн захирлаар хянуулж, зөвшөөрүүлээгүй /"Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2 дахь заалт/
д. Үдийн цай хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд.цайны газрын ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, хоол цайны чанарт огт анхаарал хандуулаагүй явж ирсэн байлаа. /Сургуулийн эмчийн үүргийн 9, Эмчийн ажлын байрны тодорхойлолтын 4.2 дахь заалт/
е. “Үдийн цай” хөтөлбөрийг 2017-01-30-аас 2017-02-17-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан хоолны меню-гүйгээр явуулж ирсэн байдаг /Эмчийн ажлын байрны 3-р зорилтын
3.1 дэх заалт/
ж. Үйлчлэгч нарт шаардлага тавьж ажиллуулах биш харин тэдэнд цөөн цагаар, шаардлага хангахгүй хэмжээнд ажиллах нөхцлийг бүрдүүлж, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын чанарыг бууруулж, өдөр бүр 16 цаг өнгөрөөгөөд ажлаас буудаг хэвшил тогтоосон /Эмчийн ажлын байрны 4-р зорилтын 4.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2 б заалт, Сургуулийн дотоод журмын 8.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1, 70.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчүүлсэн/ зэрэг дутагдал зөрчлүүд байсан.
Энэ дутагдлаа засах үүргийг өгч, амаар “сануулга” өгсөн.
Гэтэл энэ байдлаа засахыг хүсээгүй, урсгалаар нь ханддаг байдлаасаа салахыг хүсээгүй бөгөөд харин ч зарчмын шаардлага тавихад эсэргүүцэн хэрэлдэх байдлыг удаа дараа гаргаж эхэлсэн. Энэ байдлыг тус сургуулийн Технологийн багш Д.Батболд дэргэд байсны хувьд гэрчилнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 ба 6.2 дахь заалт, Сургуулийн дотоод журмын 2.1 дэх заалт/
Б. Үйлчилгээний ажилчдыг өглөө бүр үзэж, ажилд нь гаргах үүргийг хэд дахин шаардуулж байж, албан хүчээр хэрэгжүүлсэн зэрэг, бие даан ажил явуулах сэтгэл дутмаг байдал /Эмчийн үүргийн 6,7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 дахь заалт/
Г. Үйлчлэгч нарын ажилд хяналт тавихгүй байсан ба цагаан сараар ангиудын цэвэрлэгээний байдалд хяналт тавиагүйгээс болон өгсөн үүргийг биелүүлээгүй байдлаас болж сургууль, хамт олон хогтой, эрүүл бус орчинд шинэлсэн. Тавьсан шаардлагыг сөрөг талаас нь харж, хүлээж авдаг. / Эмчийн үүргийн 4 дэх заалт болон Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1.14 дэх заалтын ноцтойгоор эсэргүүцэн зөрчсөн / Энэ талаар хамт олон нь нотолно.
4. Урд өмнө нь ч ийм байдлаар явж ирсэн байх магадлалтай юм. Учир нь 10-р ангийн сурагч жирэмслээд, 11-р ангидаа орох хүртлээ явсан байхад түүнийг мэдээгүй явдал байсан байдаг. /Эмчийн ажлын байрны тодорхойлолтын 2.3, 2.6 дахь заалт, эмчийн үүргийн 3 дахь заалтыг зөрчсөн/
5. Сурагчдын дунд эрүүл ахуй, орчны эрүүл ахуй, эрүүл дадал хэвшил эзэмшүүлэх чиглэлээр ажил зохиодог гэж ярих боловч, бодит баримттай зохиосон ажил байхгүй /Эмчийн ажлын байрны тодорхойлолтын 2.5, 2.6 дахь заалтууд, Сургуулийн дотоод журмын 13.2.4 дэх заалтыг/
6. Шалтгаангүйгээр ажил тасалсан явдлыг давтан гаргасан /Сургуулийн дотоод журмын 9.4.2 ба 9 4.3 дахь заалтууд/
7. Үдийн цай хөтөлбөрт тавих хяналтыг сулруулсан, сурагчдын үдийн цайг батлагдсан менюгүйгээр явуулж ирсэн байдал нь Гэрээт компанийн ажлын хариуцлагыг хэт сулруулсан
байдаг. Энэ байдлаас шалтгаалан үдийн цайнд сурагчдын эрэлтийг хангахгүй хоол тэжээл өгөх явдал гарсаар байсан байдаг ба энэ явдал нь давтагдан гарсаар байсан байдаг. /Ажлын байрны 3-р зорилтын хүрээний 3.1 болон 3.3 дахь заалт/ Үүний нотлох баримтуудыг хавсаргав.
8. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн ажилтнууд нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын хувцас, хэрэглэлгүйгээр, цэвэр бус орчинд үйл ажиллагаа явуулж хэвшсэн байлаа. /Эмчийн үүргийн 9 дэх заалт/
Эдгээр шалтгааны улмаас, хамгийн гол зүйл нь харилцаа, ёс зүйн хувьд учир дутагдалтай байдал бөгөөд миний хувьд удирдах, удирдуулах зарчмын хэрэгжилтийг үл ойшоосон, нөгөө талаар “Би үйлчилгээний ажилчин шиг ажил гуйж явдаг хүн биш. Мэргэжлийнхээ дагуу хаана ч ажиллаж чадна. Ажпаас халах тушаалаа гарга” /Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дахь заалтыг “ноцтой”-гоор зөрчсөн/ гэсэн үг нь чиний удирдлагад ажиллаж чадахгүй, цаашид хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн явдал гэж ойлгож байгаа. Энэ байдал нь “Сургуулийн дотоод журам”-ын 10.1.9 дэх заалтыг зөрчиж байгаа юм. Тийм ч учраас ажлаас халах тушаалыг гаргасан билээ. Ингэж “Ажлын байрны онцлог, давуу байдлаараа аархаж, тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байсан атлаа, өнөөдөр ажилдаа эргэн орох тухай нэхэмжлэл гаргасан явдлыг гайхаж байна.Нөгөө талаар түүний, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд, учир нь олдохгүй ээдрээтэй, цаг хугацааны хувьд ч асар их зөрүүтэй, худал мэдээллүүд байгааг анхаарч үзэх шаардлагатай байх гэж үзэж байна. Мөн ажлаас халагдсан тушаалаа олон нийтийн харилцааны хэрэглүүр болох, сургуулийн Фейсбүүк хуудсанд тавьж, сурагч охины нууцыг задруулан, эмч хүнд баймгүй ёс зүйн дутагдал гаргасныг ч анхааран үзэх шаардлагатай байх гэж бодож байна. Ийм хүн цаашид боловсролын байгууллагад ажиллах нь ёс суртахууны хувьд учир дутагдалтай байх болов уу? гэж үзэж байна. Иймд эмч мэргэжилтэй Ц. Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганчимэг нь 18 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Ганчимэгийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 /28/ тоот тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийг Ц.Ганчимэг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй.Мөн тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй тул уг тушаал үндэслэлгүй гэж үзэж байгаа.Иймд Ц.Ганчимэгийг 18 дугаар сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 166 950 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Ц.Ганчимэг ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул түүнийг дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.Тушаал үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлаж байгаа.
Ц.Ганчимэг нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 18 дугаар саргуульд эмчээр ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь зохигчдын тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот тушаалаар тогтоогдож байна.
Ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот тушаалдаа Ц.Ганчимэгийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...хариуцсан ажилдаа хайнга, идэвхи санаачлагагүй хандсанаас 11 дүгээр ангийн сурагч хүүхэд төрүүлсэн, ажлын төлөвлөгөө, удирдамжгүй, урсгалаараа ажил явуулж хэвшсэн байдал, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлага тавихад эсэргүүцдэг байдал нь ихэсч, сар шинийн баяраар сургууль хамт олон эрүүл бус орчинд өнгөрүүлсэн болон 2017 оны 02 дугаар сарын 20-ноос хойш хамт олны дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг явуулаагүй, / цаашид хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа хэлж буй / ажил тасалсан зэрэг байдал нь сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.3, 2.5, 2.6, Зорилт 3-ын 3.3, Зорилт 4-ийн 4.1 дэх заалт, Сургуулийн эмчийн үүргийн 2, 4, 9 дэх заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.2б, 2.2е.1 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 9.4.2 дахь заалтыг тус тус зөрчиж байгааг тэмдэглэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сургуулийн дотоод журмын 10.1.3 дахь заалтыг үндэслэн” гэж дурьдсан.
Нэхэмжлэгчийн ажлын төлөвлөгөө, удирдамжгүй, урсгалаараа ажил явуулж хэвшсэн байдал, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлага тавихад эсэргүүцдэг байдал, 2017 оны 02 дугаар сарын 20-ноос хойш хамт олны дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг явуулаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Хариуцагчаас дээрхи үйл баримтыг нотолж байгаа гэж үзэж шүүхэд ирүүлсэн 18 дугаар сургуулийн багш, сурагч, эцэг, эхийн сэтгэгдэл, судалгааны тайлан зэрэг баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
Түүнчлэн Ц.Ганчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ц.Ганчимэгийн ажлын үйл явцтай хийсэн танилцах үйл ажиллагаа” гэсэн нэртэй Ц.Ганчимэгийн гарын үсэг бүхий захирал П.Батбаярын бичсэн тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Сургуулийн эмч Ц.Ганчимэгтэй уулзалт хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийг тушаалын үндэслэл болж буй зөрчлийг гаргасан болохыг нотолсон хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт биш гэж үзлээ. Мөн 11 дүгээр ангийн сурагч хүүхэд төрүүлсэн нь эмч Ц.Ганчимэгийн ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Ажил олгогч Ц.Ганчимэгийг ажил тасалсан, нэхэмжлэгчийн гаргасан дээрхи зөрчлүүд нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот тушаалд Хөдалмарийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлийг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой ба ажил олгогч тушаалдаа 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэл боллоо.
Иймд нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг 18 дугаар сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас 1 152 639 төгрөг гаргуулж / нэхэмжлэгчийн дундаж цалин 18 дугаар сургуулийн тодорхойлолтоор 467 580:21,5=21 747 / нэг өдрийн цалин /, 21 747х53 хоног=1 152 639 төгрөг / нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илүү тооцож нэхэмжилсэн 14 311 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч 18 дугаар сургуулиас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс болох 1 152 639 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 33 391 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн 18 дугаар сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 18 дугаар сургуулиас 1 152 639 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 311 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч 18 дугаар сургуулиас 33 391 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА