| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2021/0015/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-д холбогдох 21300000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .......... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Ц.Э /............/
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын.... дугаар багт гэртээ согтуугаар хохирогч М.З-г зодож эрүүл мэндэд хоёр нүдний дотор булан, зүүн хацарт цус хуралт, 2 нүдний эргэн тойрон, хамар зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Эрүүгийн 21300000000004 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотоос шуудангаар ирэхэд манай эхнэр З гэртээ байгаагүй. Хүүхдүүдээс асуухад айлд төрсөн өдөр тэмдэглэж байгаа гэсэн. Хүүгээрээ очсон айлыг нь заалгаад М гэх айлд очиж пивоноос нь хамт уугаад эхнэрээ явъя гэхэд харихгүй гээд уурлаад байсан. Тэндээс бид хоёр хамтдаа гараад гэрийнхээ хойно байдаг Т ахынд ороод 2.5 л 2 пиво уусан. Ингээд гэртээ ороод эхнэрээ гадуур тэнэж явлаа гэж уурлахад манай эхнэр над руу дайраад байхаар нь би нүүр лүү нь гараараа цохисон. Надад сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байна’’ гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч М.З мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед би М гэж таньдаг дүүгийндээ очоод “Н” нэртэй 2,5 литрийн пивыг М-н найзуудтай тавуулаа хувааж уугаад сууж байхад манай нөхөр “та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө шүү” гэсээр гэнэт орж ирсэн. Яасан гэж цагдаад өгөх гэж байгаа юм, өгөхгүй юу гэхэд “за за тоглосон юм" гээд хамт сууж байгаад бүгдээрээ гараад манай хойд талын айл болох Т ахынд очиж “Н” нэртэй 2,5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Манай нөхөр Э надаас түрүүлж гэртээ орсон. Би араас нь ороход миний өөдөөс нүүр лүү хамар хэсэг рүү гараараа цохиход нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Ирлээ гэдгээ надад хэлээгүй, ирэхэд нь би айлд пиво уугаад сууж байсан учраас уурласан байх гэж бодож байна. Одоо миний биед ил харагдах шарх сорви байхгүй. Надад гаргах санал гомдолгүй байхгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... 1. М.З-гийн биед 2 нүдний дотор булан, зүүн хацарт цус хуралт, хоёр нүдний эргэн тойрон, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/
Хохирогч М.З-н гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 49 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 01 дүгээр санал /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.З нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт гэртээ хохирогч М.З-г зодож эрүүл мэндэд хоёр нүдний дотор булан, зүүн хацарт цус хуралт, 2 нүдний эргэн тойрон, хамар зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Э-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.З н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Э-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Э-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч М.З нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА