Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 12

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ,

НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН

ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАНЫГ ТУС ТУС БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Б ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  А/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д  нар эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэгч Д.Б-ийн тус шүүхэд хандан гаргасан Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаал, мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Б , Ховд аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д  бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв.

            Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаал, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Б-ийн сахилгын шийтгэлтэй хугацаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж байна. Иймд:

            1.2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдахад Ховд аймаг дахь Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-901-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийг судалж, дэмжиж, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэхээр,

            2.Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Б тэнцсэн тохиолдолд Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэгч Д.Б-ийг ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд томилох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрэв.

            3.Нэхэмжлэгч Д.Б  нь нэхэмжлэлийн зарим шаардлагаас буюу ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. 

4.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” шаардлагаас татгалзаж,

Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаал, мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд дээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдахад Ховд аймгийн Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код - 901-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-г судалж, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэхээр, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Б  тэнцсэн тохиолдолд Ховд аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд томилох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг  өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д-д хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Б-аас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 49-2/2227 дугаар албан бичгээр олгосон  олгосон  “эвлэрэх” эрх олгосон.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч Д.Б-ийг “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” шаардлагаас татгалзсаныг, 

Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаал, мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд дээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдахад Ховд аймгийн Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код - 901-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийг судалж, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэхээр, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Б  тэнцсэн тохиолдолд Ховд аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд томилох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/52 дугаар “Албанаас халах тухай” тушаал, мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд дээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлагдахад Ховд аймгийн Цагдаагийн газраас ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код - 901-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийг судалж, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэх, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Б  тэнцсэн тохиолдолд Ховд аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний ажлын байрны сул орон тоонд томилохоор тохиролцож эвлэрсэн  нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Г.ЯНЖИНДУЛАМ