Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0309

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/323 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 114/2023/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.О-аас “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/323 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-8 дахь хэсэгт “...УДШ-ийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасны дагуу дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас хамаарахгүйгээр газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, төлөвлөсөн объектоо барьж байгуулах боломжтой байсан гэж шүүх үзлээ” гэжээ. Өөрөөр хэлбэл ковид цар тахлыг дээд шүүхийн тогтоолын хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзжээ.

            Гэтэл дээр УДШ-ийн тогтоолд гэнэтийн давагдашгүй хүчнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор тайлбарласан бөгөөд ковид цар тахал нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл мөн билээ.

            3.2. Ц.О-ын хувьд уг газрыг 2017 онд улсад дуудлага худалдаанд бус, харин Газрын тухай хуульд заасан үндэслэлгүйгээр түүнээс захиргаа 15 жилийн хугацаатайгаар 15.3 сая төгрөг төлж байж энэхүү газрыг нэг ёсны худалдан авсан. Харин уг газрыг бусдын адил зүгээр үнэ төлбөргүй аваагүй, хариуцагчаас өмнө 2010 онд 1 жилээр, 2012 онд мөн 1 жилээр, 2015 онд 2 жилээр тус тус сунгаж олгож байсан бол 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар хариуцагчийн хэлсэн үнийн дүн бүхий төлбөрийг нэхэмжлэгч төлж авсан болно.

            3.3. Үүнээс хойш Ц.О нь газрын төлбөрөө хугацаанд нь төлж, тухайн газартаа бүжгийн ордон байгуулахын тулд зохих бэлтгэл ажлаа хийж байх үед дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал гарч, мөн ковидын хууль батлагдаж, сая энэ 2023 оны өмнөхөн дээрх хууль цуцлагдаж, хил, гааль нээгдсэнийг бүгд мэдэж байгаа.

            3.4. Энэ хугацаанд барилга, орон сууц, барилгын материалын үнэ нэмэгдэж, барилгын салбар хүнд нөхцөл байдалтай байсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг хариуцагч ойлгож, ухамсарлахгүйгээр бусдад өндөр үнээр худалдсан газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох нь шударга, хүн ёсны шийдвэрт үл нийцсэн гэж үзэж байна. Цар тахал, ковидын хууль дуусч, хил гааль нээгдэж байгаа энэ цаг үед бүжгийн ордон барих гэж бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа хүнийг ядаж 2 жил дахин харах ухамсар засаг даргад байсангүй. Харин 2 жилийг хүлээж байгаад хурдхан цуцалж дахин өөр хүнд зарах явцуу ашиг сонирхол л байна гэж харж байна. Харин энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх ч ойлгох боломжтой байсан ч ингэсэнгүйд иргэн хүний хувьд гомдолтой байна. Дээрх хүнд нөхцөл байдал бол бүх нийтэд илэрхий болсон зүйл.

            3.5. Анх сонсох ажиллагаа хийх үед Ц.О нь газрын харилцаа, хот байгуулалтын газарт очиж дээрх шалтгаан нөхцөл байдлаа хэлэх үед тухайн байгууллагын мэргэжилтэн та өргөдөл, хүсэлтээ 2024 он хүртэл хойшлуулж харж өгөөч гээд бичгээр өг, таны газрыг арай ч цуцлахгүй ээ гэж хэлсний дагуу Ц.О миний бие үүнд итгэж байсан болно. Тиймдээ ч 2022 онд хийгдсэн бүжгийн ордны шинэ эскиз зургаа гаргаж өгөхөөр яараагүй болно. Гэтэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж шууд цуцлах нь үндэслэлгүй шийдвэр болсон.

            3.6. Бүжгийн ордныг шууд ухаад барих боломжгүй, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил их байдал тул миний бие 2022 онд барилгын эскиз зургаа хийлгүүлснээс гадна өөр олон ажлыг зохих хэмжээгээр хийсэн. Гэвч нийтийг хамарсан хөл хорио байсан тул миний бие арай ч газрыг цуцална гэж бодоогүй байсан. Барилгын эскиз зургаа хийлгүүлсэн байхад захиргаа газраа ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн олон тохиолдол байдаг юм байна.

            3.7. Тухайн үед газрын мэргэжилтэнд итгэж дээрх эскиз зургаа өгөөгүй нь үнэн боловч шүүх хурал хийх үед дээрх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх анх хүчингүй болгосон үе болон шуух хурал хийх үеийн нөхцөл байдал, нотлох баримтыг үнэлж, маргааныг шийдвэрлэх үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, газрын төлбөрөө төлж байгаа, мөн өндөр үнэ төлж авсан хүнд боломж олгох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

            3.8. 2022 оны эскиз зургийг мэргэжлийн байгууллага, хүнээр өндөр төлбөр төлж, маргаан бүхий шийдвэр гаргахаас өмнө хийлгүүлсэн байсан. Харин дээрх эскиз зураг нь Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү барилгын хөрөнгө, зээл бүтээх үед хэрэг болох үүднээс түр аваад явсан байсан. Харин хурлын өмнө өмгөөлөгчөөс маш чухал баримтаа яаралтай шүүх хурал болохоос өмнө өг гэсний дагуу хурлын өмнө хотоос авчирч хэрэгт нотлох баримтаар өгсөн, үүнийгээ шүүх хурлын үед хотод байгаа авчирч өгнө гэж хэлснийг маргаан бүхий газрыг цуцалсан шийдвэр гарсны дараа 2023 онд нөхөж эскиз зураг хийлгүүлсэн мэтээр шүүх буруу ойлгож дүгнэсэн байна. 2022 онд хийлгэснийг эскиз зургийг хянаж баталгаажуулсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.П-ийн гарын үсэг, тамга тэмдгээр нотлогдоно.

            3.9. Хариуцагчийн газрыг цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчмыг баримтлаагүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хангалтгүй хийж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул дээрх нөхцөл, шалтгааныг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ц.О-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/323 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч Ц.О-ын хувьд анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 153 дугаартай захирамжаар Дархан сумын 14 дүгээр багт байршилтай 1500 м.кв талбай бүхий 080153726 /4505701001/ нэгж талбарын дугаар бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаагаар эзэмшихээр иргэн А.Б-ээс шилжүүлэн авснаар тус газрыг эзэмших эрхтэй болж, аймгийн Засаг дарга 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 306 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаагаар сунгаж байсан ба хамгийн сүүлд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/188 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 04501-2017/00385 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 000662154 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.3. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-А/323 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О-ын үйлчилгээний зориулалттай 1500 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд ийнхүү газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо хариуцагчаас газраа дараалан ашиглаагүй 2 жилийг хамгийн сүүлд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон хугацаа өдрөөс буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тооцсон гэж тайлбарлажээ.

2.4. Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт бүжгийн ордон барихаар загвар зураг батлуулсан байх боловч газраа бодитоор ашиглаагүй болох нь анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байна.

2.5. Тодруулбал, нэхэмжлэгчээс газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй буюу тухайн газар огт хөндөгдөөгүй, хөрөнгө оруулалт хийгдэж, бодитойгоор бүтээн байгуулалт явагдаагүй байгаа нь тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “газрын төлбөрөө хугацаанд нь төлж, тухайн газартаа бүжгийн ордон байгуулахын тулд зохих бэлтгэл ажлаа хийж байх үед дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, мөн ковидын хууль батлагдаж, мөн энэ 2023 оны өмнөхөн дээрх хууль цуцлагдаж, хил, гааль нээгдсэн, .... энэ цаг үед бүжгийн ордон барих гэж бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа хүнийг ядаж 2 жил дахин харах ухамсар Засаг даргад байсангүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН