Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 45

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 27 өдөр                 Дугаар 45                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа 

Шүүгдэгч М.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар М.Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000158 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн харьяат, 1992 оны 02 дугаар сарын 09-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЛБ92020956 регистртэй, Тэмээчин овгийн Мягмарсүрэнгийн Отгонбаяр. 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

- Яллагдагч М.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт оршин суух гэрийнхээ гадаа иргэн Б.Мандахбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан , нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Отгонбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 16-ны үдээс хойш би 0.75 литрийн Улаанбаатар архи аваад сумын зүүн талд гарч ганцаараа уусан. Тэгээд мэдэхгүй согтсон байсан. Шөнө 23 цагийн үед сэрэхэд гэртээ унтаж байсан. Аав намайг “ чи согтуураад хүн өшиглөчихлөө “ гэж зэмлэж байсан. Мандахбаатарын эрүү нь хугарсан. Би хохиролд 310.000 төгрөг төлсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй... гэв. 

 

- Хохирогч Б.Мандахбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  Баяндэлгэр сумын төвд Мягмар гэх айлын хашаанд найз Д.Дүүрэнбилэг, Ц.Батхүрэл нартай даалуу тоглож байхад М.Отгонбаяр нь согтуу ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн шанаа орчим өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн үед тоглоомондоо анхаараад хэн өшиглөснийг мэдээгүй, дараа нь харахад М.Отгонбаяр байсан. Бид хоёрын дунд өмнө нь муудаж байсан тохиолдол байхгүй тухайн үед өөр зодоон цохион болоогүй. Ямар учраас намайг өшиглөснийг мэдэхгүй байна. Түүнд зодуулснаар эрүүндээ гэмтэл авсан. Одоогоор биеийн байдал гайгүй байна. Эмчилгээний зардалд М.Отгонбаяраас 310000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх зүйл гаргах санал хүсэлт байхгүй...” /хх-9/

 

- Гэрч Д.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би найз Ц.Батхүрэл, Б.Мандахбаатар нарын хамт Баяндэлгэр сумын төвд Ц.Мягмарсүрэн ахын хашаанд даалуу тоглож байхад М.Отгонбаяр нь согтуу ирээд гэнэт Б.Мандахбаатарын нүүр орчим газар өшиглөсөн. Тухайн үед бид 3 тоглоомондоо анхаараад хажууд ирэхийг нь ч мэдээгүй юм. Тэгээд бид гуравын тоглоом тарсан бөгөөд тухайн үед Б.Мандахбаатар нь түүнтэй харилцан зодолдоогүй бөгөөд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.....” гэх мэдүүлэг /хх-10х/ 

 

- Гэрч Ц.Батхүрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “.... 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сумын төвд Мягмар гэх айлын хашаанд Д.Дүүрэнбилэг, Б.Мандахбаатар нарын хамт даалуу тоглож байсан юм. Тэгсэн гэнэт Б.Мандахбаатарын хажуу талаас нүүр орчим газар хэн нэгэн өшиглөсөн. Тухайн үед тоглоомондоо анхаараад мэдээгүй. Дараа нь харахад М.Отгонбаяр нь согтуу ирээд өшиглөсөн байсан. Отгонбаяр түүнийг нэг удаа өшиглөсөн ба Б.Мандахбаатар нь харилцан зодолдоогүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд бидний тоглоом тараад гэр гэрлүүгээ явцгаасан юм....” гэх мэдүүлэг /хх-12/

 

- Гэрч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Баяндэлгэр сумын төвд ширээтийн задгай тоот хашаанд эхнэр Б.Цэндсүрэн, баг хүү Отгонбаяр нарын хамт амьдардаг. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Мандахбаатар, Д.Дүүрэнбилэг, Батхүрэл нар манайд ирээд манай гэрийн сүүдэрт бид даалуу тоглоод байсан. Тэгээд орой манай хүү М.Отгонбаяр гаднаас согтуу орж ирээд үгийн зөрөөгүй Б.Мандахбаатарын шанаа эрүү тус газарт бакалан гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн тэгээд бид босч ирээд Отгонбаярыг барьж аваад унтуулсан, өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй, тэгээд тэд тараад явцгаасан. Би маргааш нь Б.Мандахбаатартай уулзсан чинь шанаан тус газар нь хавдчихсан урьд шөнө унтаж чадсангүй, юм идэж ууж болохгүй аймаг явж үзүүлнэ гэж байсан, ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М.Отгонбаяр нь урьд өмнө нь хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй л байсан. Мандахбаатартай муудна гэж ярьж байгаагүй Мандах ахаа гээд л зүгээр л харилцаатай байдаг хүмүүс байгаа юм яагаад өшиглөх болсон эсэхийг би мэдэхгүй байна.....” гэх мэдүүлэг /хх-13/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27-ний өдрийн 239 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Мандахбаатарын биед зүүн талын эрүү яс сэртэнгийн хөндлөн хугарал, зүүн буйлны цус хуралт, зүүн эрүү шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй/хх-16/ гэжээ.

 

-  М.Отгонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 32/

 

-  М.Отгонбаярын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 29/ 

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 117 дугаартай албан бичиг/хх-31/

 

-  Хилийн 0184 дүгээр ангийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 89 дугаартай албан бичиг/хх-34/

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 37 дугаартай албан бичиг /хх-35/зэрэг болно.

 

 

Шүүгдэгч  М.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт оршин суух өөрийн гэрийнхээ гадаа иргэн Б.Мандахбаатарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нүүрэн тус газар өшиглөж бие махбодид нь “зүүн талын эрүү яс сэртэнгийн хөндлөн хугарал, зүүн буйлны цус хуралт, зүүн эрүү шанааны зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Отгонбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мандахбаатар, гэрч Д.Дүүрэнбилэг, Ц.Батхүрэл, Ц.Мягмарсүрэн нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 239 тоот дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч М.Отгонбаяр архи ууж согтуурсан үедээ түүний гэрийн гадна даалуу тоглож байсан Б.Мандахбаатарын нүүрэнд ямар ч шалтгаангүйгээр өшиглөж хөнгөн гэмтэл учруулан, гэмт хэргийг шууд санаатайгаар үйлджээ. Энэ нь хохирогч Б.Мандахбаатарын “2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  Баяндэлгэр сумын төвд Мягмар гэх айлын хашаанд найз Д.Дүүрэнбилэг, Ц.Батхүрэл нартай даалуу тоглож байхад М.Отгонбаяр нь согтуу ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн шанаа орчим өшиглөж гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд М.Отгонбаяраас 310000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх зүйл гаргах санал хүсэлт байхгүй “гэх гэрч Д.Дүүрэнбилэг, Ц.Батхүрэл, Ц.Мягмарсүрэн нарын “.... 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сумын төвд Мягмар гэх айлын хашаанд Д.Дүүрэнбилэг, Б.Мандахбаатар нарын хамт даалуу тоглож байсан юм. Тэгсэн гэнэт Б.Мандахбаатарын хажуу талаас нүүр орчим газар хэн нэгэн өшиглөсөн. Тухайн үед тоглоомондоо анхаараад мэдээгүй. Дараа нь харахад М.Отгонбаяр нь согтуу ирээд өшиглөсөн байсан. Отгонбаяр түүнийг нэг удаа өшиглөсөн ба Б.Мандахбаатар нь харилцан зодолдоогүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Отгонбаяр нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд хүч хэрэглэн халдаж, тоглож байсан хүмүүсийн тоглоомыг тасалдуулан, тарааж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хийгээд түүний үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байх тул шүүгдэгч М.Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

М.Отгонбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаагүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 310.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Мандахбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болно. 

 

М.Отгонбаяр гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх ба үүнийг гэрч Д.Дүүрэнбилэг, Ц.Батхүрэл, Ц.Мягмарсүрэн нар гэрчилжээ.

Шүүгдэгч М.Отгонбаяр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Мандахбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тэмээчин овгийн Мягмарсүрэнгийн Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярыг 03/ гурав/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан М.Отгонбаярт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан М.Отгонбаярт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг / жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Ялтан М.Отгонбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаагүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 310.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Мандахбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан М.Отгонбаярт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Отгонбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН