| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2021/0005/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2020-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2030003060333 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дүгээр баг "УТ" гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 6 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Б. /................../
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ............. тоотод хохирогч Г.Г-тэй маргалдан зодож биед нь зүүн хөмсөгний гадна талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030003060333 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд М.Б-У-тай гэрт нь 0.75 литрийн шилтэй архи ууж байхад Г.Г гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд бид 3 тэр архийг ууж дуусгатал Г.Г өөрийнхөө хүрэн дэвтэр дээр “Б гэх хүнд Г-н Г-нд зодуулах юм бол гомдолгүй гээд бич” гээд байхаар нь дэвтэр дээр нь юм бичихгүй сууж байтал Г.Г миний гуя болон гэдэс рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь хөлийг нь барьж автал миний нүүр лүү гараараа цохиж миний дээрээс намайг дараад газар унагахаар нь Г.Г-ий толгой руу архи ууж байсан аягаар нэг удаа цохисон. Тэгэхэд зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Бид хоёрыг М.Б-У салгасан. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Тухайн үед Г.Г биеэ хянах чадваргүй байсан. Г.Г миний гуя болон гэдэс, нүүр лүү цохиж унагаагаагүй байсан бол ийм асуудал болохгүй байх байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Г өмнө нь намайг хүмүүст 3 ширхэг гар утас хулгайлсан гээд гадуур ярьж байсан талаар би өөрөө хүмүүсээс сонссон. Энэ асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Надад хүний гар утас хулгайлсан зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 28-32 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Д.Б намайг М.Б-У гэж айлд хүрээд ир гэсэн. Намайг очиход М.Б-УД.Б нар нь 0.75 граммын шилтэй архи ууж байхаар нь архинаас нь хамт ууж дуусгасан. Тэгээд Д.Б нь А гэх хүнээр 2 шил архи авчируулж, бид гурав тэр 2 шил архийг ууж дуусгахад Д.Б нь уусан архиндаа согтоод намайг хэл амаар доромжлоод байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаад Д.Б-г нэг удаа гараараа нүүр лүү нь цохиход Д.Б буцаагаад миний нүүр лүү аягаар нэг удаа цохиж зүүн хөмсөг сэтэлсэн. Д.Б-д зодуулсны улмаас миний зүүн хөмсөг ойролцоогоор 4 см урагдаж зүсэгдсэн. Одоо байнгын тархи толгой өвддөг. Д.Б-д зодуулсныхаа дараа ямар нэгэн эмчилгээ хийлгэж чадаагүй байсан учраас миний зүүн хөмсөгний арьс нь бөөгнөрч овойж эдгэсэн учраас гоо сайхны хагалгаанд орж хуучин хэвэнд нь оруулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
- Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 615 дугаартай "... Г.Г-ий биед “зүүн хөмсөгний гадна талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-15 хуудас/
- Шүүгдэгч Д.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38 дугаар хуудас/
- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/
- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ............. тоотод хохирогч Г.Г-тэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний гадна талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Г-ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 615 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Б-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогчид 200,000 төгрөг төлсөн, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ..
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Г-д 200,000 төгрөг төлсөн, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА