| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2021/0021/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А.Г-т холбогдох 21300000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Сүхбаатар
аймгийн Дарьганга суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн
дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .... дүгээр баг “ӨШ” гэх газар
оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Г /РД:................/;
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар
аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг “ӨШ” гэх газарт хохирогч
Э.Г-г зодож биед нь тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд цус
хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн.
Эрүүгийн 21300000000016 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .... дүгээр баг “ӨШ” гэх газарт манай гэрийн зүүн талд байдаг шүүн дээр Э.Г-н адуунууд ирж шүүнээс идэж, манай үхэр малуудыг үргээгээд байхаар нь адуунуудыг зүүн тийш үргээгээд буцаад гэртээ ирсэн. Тэгтэл удалгүй Э.Г манай гэрийн гадаа ирээд яагаад манай адуу малыг хөөгөөд, үргээгээд байсан юм бэ гэхээр нь танай адуу орой болгон манай татсан шүүн дээр ирээд үхэр мал үргээгээд байдаг болохоор нь танай адууг зүүн тийшээ үргээсэн гэсэн. Тэгсэн чинь танай баруун дээд талд салхи нь дээр чинь ирж бууна, танайд өмчилж өгсөн газар биш шүү гэхээр нь уур хүрээд морин дээрээс нь татаж буулгахад миний цамцнаас заамдахаар нь түрүүлээд хоёр удаа нүүр лүү нь цохиход газар халтирч унасан. Тэгээд гэдэс болон толгой руу нь өшиглөсөн. Тэгэхэд манай эхнэр гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Э.Г бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э.Г-н нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Мөн толгой болон гэдэс рүү нь өшиглөсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай эхнэр гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх 34 дүгээр хуудас/
Хохирогч Э.Г мөрдөн байцаалтад өгсөн: "... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Б гэдэг хүн над руу утсаар ярьж танай адууг Г хөөж байна гэсэн. Тэгээд би Г-н гэрт нь очиж яагаад манай адуу малыг хөөж туугаад байгаа юм гэхэд Г намайг “өөрөө адуу малаа ав дандаа манай салхин дээр малаа байлгаж байх юм” гэхээр нь би танай салхин дээр тэгвэл бууна чи манай малыг дандаа хөөж байдаг, танайд өмчилж өгсөн газар биш гэж хэлэхэд намайг морин дээрээс татаж газар унагаад ална гээд толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Дараа нь нуруу руу өшиглөж байхад Гын эхнэр ирээд салгаж намайг босгосон. Миний толгой доргисон, зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун нүдний дээд талд хавдсан, эрүү зулгарч урагдсан, нуруу гол хэсэгт хөндүүр байгаа. Г миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод дараа нь хатуу хар гутлаараа толгой руу 3 удаа өшиглөж байсан. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Сүүлийн үед малын бэлчээрээс болж манай малыг ийш тийш нь хөөж туугаад байгаа. Миний биеийн байдал зүгээр Гаас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 8-9 дүгээр хуудас/
Гэрч Э.Э мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр сүүнд явах гээд машинаа асааж байхад морьтой хүн ирж уулзаж байгаа харагдаж байсан. Тэгээд би гэртээ сууж байтал манай хүүхэд “аав хүнтэй муудаж байна” гэхээр нь очиход Г газар хэвтчихсэн гутлаа өмсөж байсан. Би нөхрөө юу гэж хүнтэй муудаж байгаа юм гэж хэлээд салгаж гэр лүү авч явсан. Г нь Г чамайг яаж явахыг чинь харна гээд бархирч байсан тэгээд морио унаад манай гэрээр оролгүй шууд явсан. Өглөө эрт байсан тэр 2 хэн хэн нь эрүүл байсан. Намайг гэрээс очиход Г газар хэвтсэн байдалтай байсан. Г-г цохиогүй хэл амаар доромжлоод байсан гэсэн. Г-н мал хариулга байхгүй. Манай хадам аав хонь малыг нь цааш нь хөөж байдаг." гэх мэдүүлэг /хх 14 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Э.Г-н биед тархины доргилт хөнгөн зэрэг, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /20-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/
Хохирогч Э.Г-н гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 49 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 04 дүгээр санал /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Э.Г нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг “ӨШ” гэх газарт хохирогч Э.Г-г зодож биед нь тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Г-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Г, гэрч Э.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч А.Г-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Г-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.Г нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА