Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Э.А, Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.А, Г.Г нарт холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .. эхнэр ... хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг.... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Э.А. /............./

 

Монгол Улсын иргэн. 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй. боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ... эхийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын ... дугаар баг ....... оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, нэг хоног хорих ялаар шийтгэгдэж байсан, Г.Г. /.................../

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нар бүлэглэж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “БО” гэх газраас үхсэн 10 тооны борлон ямааг хулгайлж хохирогч С.Ө  421,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Bongo-J3” маркийн машинтай аймгийн төвөөс зүүн хойшоо гарч 30-40 километр яваад тэр хавийн айлуудаар орж үхсэн борлон авсан. Зарим айлаас нь 500 төгрөгөөр, зарим айлаас нь зүгээр авсан. Хохирогч Ө-нд очиход гадна нь 40-50 борлон байсан. Үхсэн борлонгоо хог дээрээ хаясан байхаар нь арван борлон авсан гэв.

 

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн ................дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн орчимд Э.А-н хамт “БО”, “Ч”, “Т”, “ЦД” гэх газруудаар үхсэн борлон цуглуулахаар “Bongo J-3” маркийн .... . улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд “БО” гэх газраас С.Ө-х гэх айлд очиход тухайн хүнгүй байсан. Тиймээс гэрийнхэн баруун урд талд байх хог нь дээр байсан үхсэн 4 ширхэг борлонг хүнд хэлэхгүйгээр ачаад явсан. Ингээд Э.Э гэх айлынд очоод үхсэн борлон байгаа талаар асуухад манайд 1 ширхэг борлон байна гэхээр нь 5,000 төгрөгөөр худалдан авсан. Э.Э-с явахдаа С.Ө гэх айлынд очиход хүнгүй байсан болохоор нь гэрийнхэн баруун урд талын хог нь дээр хаясан байсан 4 ширхэг үхсэн борлонг аваад явж байна, мөнгийг нь танд үлдээгээд явчих уу гэж асуухад “та нар өөрсдөө наад мөнгө өг, бид нараас наад хүмүүс чинь илүү мөнгө нэхнэ” гэсэн. Тэгэхээр нь “бид хоёрыг С.Ө-н гэрийнх нь баруун урд талын хог нь дээр хаясан байсан үхсэн борлонгуудыг явсан, мөнгийг нь аймагт очоод данс руу нь хийнэ” гэж хэлээрэй гээд гараад явсан. Э-н гэрийн ард байх худаг дээр очиход Г.Г гэж хүн мотоциклтой ирээд 1 ширхэг үхсэн борлонг машины дээд талд ачиж өгөөд явсан. Бид аймаг руу буцах гэж байхад Г.Б гэх хүнтэй тааралдаж “Х” гэх газар луу Г.Б-д очиж хоол цай идэж уугаад, 2 борлон ачаад аймаг руу 20 цагийн үед ирсэн. Аймагт ирээд худалдан авсан үхсэн борлонгуудаа тоолж үзэхэд 64 борлон байсан. Бид хоёроос өөр хүмүүс мал мах, үхсэн борлон худалдан аваад явж байгаа таараагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 187-190 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн: "... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “БО” гэх газар мал малладаг. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр малаасаа ядарсан 30 гаруй борлон, 4 хурган төлөг тэжээсэн. 2019 оны 02 дугаар сарын 22-оос 23-ны хооронд шиг санаж байна мал дээр аав, ээж, ах А гурвыг үлдээгээд Сүхбаатар аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэгээд удаагүй 2-3 хоногийн дараа харанхуй бүрэнхий болсон байхад манай аав Санга над руу утсаар залгаад тэжээж байсан борлонгууд алга харин 4 хурга нь хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд би манайхтай ойрхон байдаг Д гэх хүн рүү залгаад манай тэжээж байгаа борлонгууд алга болсон байна харсан уу? гэж асуухад харагдаагүй өнөөдөр үхсэн борлон 10,000 төгрөгөөр авна гээд С жинхэнэ нэрийн мэдэхгүй явж байсан, чамайг сураглаж байгаад танай руу явсан гэж хэлсэн. Тухайн үед би ах А болон аав, ээжид гэрийн гадуур машины мөр байна уу? гэхэд борлон байсан саравч пүнзний өмнө давхар дугуйтай машины мөр байна. Машин мөр мөн үхсэн борлон хаясан үнсэн дээр байна гэж хэлж байсан. Манай аав, ээж, ах гурав 10 цагийн үед адууны эрэлд явахаасаа өмнө тэжээлийг нь өгөөд хашааныхаа амыг нээж орхиод явсан байдаг юм. Тэгээд буцаад харанхуй бүрий болж байхад гэртээ ирээд борлонгоо харахад тусдаа хашаанд хийсэн 2 борлон, 4 хурга хашаандаа үлдсэн, бусад борлонгууд нь алга болсон байсан. Тэжээснээс хойш бэлчээрт гарч байгаагүй, 3 сар шахуу тэжээхэд нэг удаа бэлчээрт гарч үзээгүй. Хүн ирэхээр бүгд бүчиж аваад тэжээлээ нэхээд байдаг юм. Огт салж үзээгүй байнга цуг явдаг байсан. 36 борлон тэжээлд оруулаад 14 борлон үхсэн, 2 борлон үлдсэн, 20 борлон алга болсон. Улаан зүсмийн борлонгууд байсан им нь баруун чих тайранхай, зүүн чих урдаасаа ганзага, хоёр чих урдаасаа ганзага, баруун чих урдаасаа ганзага, зүүн чих урдаасаа унжвал гэсэн 3 янзын имтэй байгаа. Манайд нэг борлон цагаан ямаа шиг болтлоо ноолуур нь хөөвөрсөн нэг борлон байсан юм. Намайг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд гарч явахад эрүүлжүүлэх байрны үүдэнд үхсэн борлон ачсан ачааны машин хойшоо хараад зогсож байсан. Тухайн үед харахад уг машины тэвш нь дээр олон борлон байснаас цагаан ямаа шиг бололтой хөөвөрсөн улаан борлон байсныг би хараад таньсан юм.” гэх мэдүүлэг /хх 72-74 дугаар хуудас/,

...Э-н А гэх хүнийг танихгүй. Г-н Г гэх хүнийг сайн танина. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд гарч явахдаа ертөнцийн зүгээр зүүн тийш хартал цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны үүдэнд ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсож байсан цэнхэр өнгийн Toyota “Bongo-J3” маркийн машин дээр үхсэн борлонгууд ачсан машин эрүүлжүүлэх байрны үүдэнд байсан.  Тэгээд ачааны машин руу явж байтал нэг цагдаа та хашаа явж байгаа юм гэхээр нь машин дээр ачсан байгаа борлонгуудыг шалгах гэсэн юм, манай борлонгууд алга болсон байгаа гэхэд “... та наашаа ирээд хэрэггүй, энд дандаа үхсэн борлонгууд байна, амьд мал байхгүй” гэхээр нь очиж хараагүй. Им нь холоос харагдахгүй байсан. Үхсэн байсан 10 борлонгоо гэрийнхээ баруун урд талд овоолсон байсан. Тухайн үхсэн борлонгуудыг хавар ноолуурыг нь самнах гэж байсан. 1 борлонгоос 100-150 грамм ноолуур гардаг, мөн тухайн борлонгийн арьсыг хуулаад зарсан бол 50,000 төгрөг болох байсан. Эдгээр хүмүүсээс 20 борлонгийн мөнгөө нэхэмжилж байна. Мөнгийг нь өгчих юм бол гомдолгүй. /хх 75-76 дугаар хуудас/,

 

Гэрч Д.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “ТХ” гэх газар мал маллаж 40 орчим жил болж байна уг хэрэг гарах үед манайх бага хүү Ө-тай хамт айл байсан юм. Ө 2018 оны 12 дугаар сарын дундуур 40 орчим борлон 4 хурга тэжээсэн. Манай борлонгууд тэжээлээ идчихээд гэрийнхээ гадаа байдаг байсан. Хүн очихоор тэжээлийн мал учраас бөөгнөрөөд тойрдог. Манай хүү Ө 2019 оны 02 дугаар сарын 20-ны хавьцаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж явсан. Тэгээд би эхнэр болон том хүү А нарын хамт гэрээ сахиж малаа харж үлдсэн юм. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тэжээвэр малдаа тэжээлээ 09 цагийн үед өгөөд хашааныхаа амыг нээж орхисон. Алдагдсан хоёр адууны сураг “ШГ” гэх газар үхсэн байж болзошгүй гэсэн сураг гарсан тул үзэхээр 12 цагийн үед хүү А эхнэр бид 3 явсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө үхсэн байсан борлонгоо хашааныхаа баруун урд орхиод явцгаасан. Тэгээд манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойно 2 орчим км байх Д гэх айлаар орж манайх хүнгүй шүү харж байгаарай гэж хэлээд явсан.  Орой 16 цагийн үед гэртээ ирсэн тухайн үед манай хүү А үхсэн борлонгоо хог нь дээр хаяад буцаж гэртээ орж ирэхдээ манай үхсэн борлон алга хажууд нь машины мөр байна гэсэн. Тэгээд би очиж харахад давхар дугуйтай машины мөр байсан. Уг машины мөр нь манай үхсэн борлонгуудыг ачсан байсан. Харин үхсэн хуцыг авалгүй орхисон байсан. Би тоог нь мэдэхгүй байна, Ө мэдэж байгаа. Тухайн борлонгууд алга болоход тэжээвэр 4 хурга нь үлдсэн байсан. Тухайн өдөр их салхитай өдөр байсан болохоор бидний өглөө явсан мөр бүдгэрсэн байсан. Харин манай гадаа ирсэн гэх машины мөр их тод харагдаж байсан. Эхлээд гэрийн гадаа зогсоод дараа нь  малын хашааны баруун урд буюу үхсэн борлон байсан газар, дараа нь үхсэн борлонгуудыг хаясан хог нь дээр очиж зогсоод цааш явсан их тод мөр байсныг би,  манай хүү А, эхнэр А бид харсан. Тухайн өдөр ямар машин манай гадаа очсон болох талаар Д гэх хүнээс утсаар асуухад жинхэнэ нэрийн мэдэхгүй С гэх хүн Ө-г асуугаад явсан. Хүн байхгүй гэхэд танай руу явдаг замаар явсан, өөр машин яваагүй гэж байсан. Г.Э гэх айлаар С очиж Ө ахын үхсэн борлонг авчихлаа мөнгийг нь танайд орхих уу гэж хэлсэн гэсэн. Тиймээс С манай гадаа очсон болох нь тодорхой. Манай борлонгууд ойр орчимдоо байгаагүй, үхсэн бол сэг нь байх ёстой, сэг нь ч олдоогүй." гэх мэдүүлэг /хх 78-80 дугаар хуудас/,

 

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед хөдөөнөөс манай аав Санга ............ гэсэн утсаар залгаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “БО” гэх газарт өвөлжөөн дээрээ байгаа малын хашаанд тэжээж байсан 20 борлон ямааг машин ирээд ачаад явсан байна гэж над руу хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. С гээд залуу байдаг,  тэр хүнийг сэжиглэж байна, бүгд урдаасаа ганзага имтэй, баруун чих нь тасархай холимог имтэй байгаа. Тэр С гэдэг хүн өнөөдөр манай тэр хавиар үхсэн борлон худалдаж авна гээд цэнхэр Бонго-3 маркийн машинтай явж байсан болохоор сэжиглэж байна гэсэн. Би одоо зах зээлийн ханшаар үнэлэхэд 800,000 төгрөгөөр үнэлж байна. Надад учирсан хохирлоо барагдуулчихвал надад өөр гомдол тэмцэл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Д-н мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “БО” гэх газарт мал маллаж амьдардаг. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд манайхаас урагшаа байдаг Ө-н аав нь хөгшинтэйгөө, А нарын хамтаар манайхаар ирээд адууны сураг хойно “ШГ” гэх газарт гарсан байна очиж үзчихээд ирье гээд явцгаасан. Явахдаа манай хонийг харж байгаарай гээд надад захиад явсан юм. Би холын бараанаас хонийг нь харсан. Тэгээд би морины хашаан дээр байж байхад 15 цагийн орчимд баруун хойноосоо цэнхэр өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 танихгүй залуу ирээд наймааны мал байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Надаас Ө ахынх хаана байдаг вэ? гэж асуухаар нь манайхаас урагшаа байдаг, тэднийд хүн байхгүй, Ө аймагт байгаа гэж хэлэхэд тэд шууд Ө-н гэрийн чигтэй явсан. Орой нь над руу А залгаж манай борлонгуудыг харсан уу? алга болсон байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би ирсэн 2 залуугийн талаар хэлсэн. Тэр өдөр манай тэр хавиар өөр гадны сэжигтэй машин, хүн яваагүй. Би тэр залуучуудыг танихгүй машинаас бууж ирсэн залуу нь намхан махлагдуу шар царайтай залуу байсан. Машин барьж явсан залуу нь нөгөөхөөсөө арай биерхүү залуу байсан, царай зүсийг нь харж чадаагүй. Машины номер дугаарыг нь анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө тэжээлийн борлонгууддаа тэжээлээ өгөөд хашааныхаа амыг нээж орхисон. Тэр өглөө нэг борлон үхсэн байсныг хашааны баруун урд орхиод бид гурав адууны эрэлд “ШГ” гэх газар луу 12 цагийн үед яваад орой 16 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед гэрээ галлаж байхад хүү гаднаас орж ирээд үхсэн борлон алга харин байсан газар нь давхар дугуйтай машины мөр байна гэхээр нь өвгөнтэйгөө очиж харсан. Өвгөн уг мөрийг мөрдөөд цаашаа явсан. Би харин гэртээ орж хоол цайгаа хийсэн. Тэгээд өвгөн хүү хоёр гаднаас орж ирэхдээ үхсэн болон амьд борлон бүгд алга гэсэн. Тэгээд А борлон алга болсон манай гадаа ямар хүн ирсэн талаар Д гэх айлаас утсаар асуухад жинхэнэ нэрийн мэдэхгүй С гэх хүн тухайн үед ирсэн. Өөр машин яваагүй гэсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас /,

 

Гэрч С.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдардаг юм. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “БО” гэх газарт аав, ээжийн хамтаар дүү С.Ө-н гэрийг сахиад үлдсэн. Манай дүү С.Ө нь Сүхбаатар аймаг руу эмнэлэгт хэвтэхээр явсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө аав, ээжийн хамтаар малаа бэлчээрт нь гаргачхаад тэжээлийн мориндоо тэжээлийг нь өгсөн. Алдсан сарвайтай гүүгээ хайхаар бид гурав 10 цагийн үед явцгаасан. Тэгээд орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гадаа байсан тэжээдэг хэдэн борлон маань байхгүй болсон байсан. Тэгээд борлонгоо хайгаад олоогүй. Манай борлон байдаг хашааны баруун талаар давхар дугуйтай машины мөр шинээр гарсан байсан. Тэгээд борлонгоо хайгаад хажуу айлууд руугаа утсаар ярихад манай борлонгуудыг хараагүй гэсэн. Үхсэн борлон авна гээд аймгийн С гэдэг залууг явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь үнсэн дээр хаясан байсан үхсэн борлонгуудаа үзэхэд бүгд байхгүй болсон байсан. Би тоог нь сайн мэдэхгүй байна. 20 орчим тооны борлон, ямаа байсан. Аав, ээж, бид 3 явахдаа борлонгуудаа хашаанаас нь гаргасан бөгөөд манай борлонгууд хашаанаасаа холддоггүй. Тэжээлийг нь өгчихөөд хашааных нь амыг нээгээд орхиод явсан. Би С гэдэг залууг сэжиглэж байна. Тэр манай үнсэн дээр байсан үхсэн борлонгуудыг авсан байсан. Мөн манай борлон байдаг хашааны хажууд байдаг өвсний хашаанд хийсэн байсан үхсэн борлонгуудыг авсан. Авсан гэдгээ манай хажуу айлын Д гэдэг хүнд хэлээд явсан байсан. Өөр манай гадаа ирсэн машин байхгүй. Ойрын үед манайд машин ирээгүй байсан. Тухайн машины мөр нь шинэ мөр байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Манайх С.Ө-хаас зүүн хойшоо 10-аад км зайтай өвөлжиж байсан. Сүүлд сонсоход Ө ахын гадаа байсан борлон ямаа алдагдсан гэж сонсогдож байсан. Энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би С.Ө-хаар цагаан сарын дараа очиход гэрийнх нь гадаа 10 орчим тооны тэжээвэр борлон ямаа байсан. Яг хэд байсныг нь мэдэхгүй байна." гэх мэдүүлэг / хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би Э.А, Г.Г гэх хүмүүсийг танина. Би 2019 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “ОӨ” гэх газарт өвөлжиж байсан. Манай хонь борлонгууд 2019 онд 100 орчим үхсэн. Үүнээс Э.А, Г.Г нарын хүмүүс үхсэн борлон худалдан авч байна гээд манайд ирэхээр нь 50,000 төгрөгөөр үхсэн 10 борлон өгсөн. Эдгээр хүмүүс манайд ирэхдээ цэнхэр өнгийн бонго жи-3 маркийн машинтай ирсэн. Тэгэхдээ тухайн 10 борлонг би өөрөө ачиж өгсөн. Машин нь хоосон байсныг санаж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би Э.А, Г.Г гэх хүмүүсийг танина. Би тухайн хүмүүстэй тус сумын “БО” гэх газарт тааралдахад үхсэн борлон худалдан авч байна гэхээр нь манай гэрт үхсэн 2 борлон байгаа гэж хэлээд тухайн борлонг аваарай гэж хэлсэн. Тоёото бонго жи 3 маркийн машинтай явж байсан. Уг тээврийн хэрэгслийн тэвшний нэлээн дээгүүр дандаа үхсэн борлонгууд ачиж явж байсныг харсан. Тухайн үед эдгээр хүмүүсээс өөр хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Э.А, Г.Г гэх хүмүүсийг сайн танихгүй. Эдгээр хүмүүст 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 үхсэн борлон зарсан. Борлонгоо машин дээр нь ачиж өгөхөд машины тэвшний дундуур үхсэн борлон ачсан байсан. Тэгээд үхсэн борлонгоо “Х” гэх газарт авчина, дахиад үхсэн борлон авна гэж ярьж байсан. Дандаа хөлдүү, үхсэн олон тооны борлон ачиж явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Э.А, Г.Г гэх хүмүүсийг танина. 2019 оны 02 дугаар сарын манайхаас 11 үхсэн борлон худалдан авсан. Эдгээр үхсэн борлонгуудын им нь баруун чих ардаасаа ганзага, зүүн чих араасаа ганзага, баруун чих нь үзүүрээсээ цуулбар байсан. Эдгээр борлонгуудыг би өөрөө Э.А, Г.Г  нарын машины ар талд ачиж өгсөн. Тухайн үед машиныхаа ар талд үхсэн борлонгууд ачсан байсан. Хэр хэмжээний борлон ачсан байсныг санахгүй байна. Миний санаж байгаараа Бонго жи-3 маркийн машинтай явж байсан, улсын дугаарыг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2019 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “БО” гэх газарт өвөлжиж байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байтал Г манайд ганцаараа орж ирээд би үхсэн борлон худалдан авч байна, танайд зарах үхсэн борлон байна уу? гэхээр нь зөв талын чих нь ганзага, урдаасаа, баруун талын чих урдаасаа хөндлөн хайч имтэй 1 борлонг өгсөн. Г.Г ямар машинтай явж байсан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Г.Э гэрээс гарч үхсэн борлонг өгсөн. Хэр хэмжээний их мал мах, үхсэн борлон ачиж явсныг мэдэхгүй байна. Г.Г нь Ө-н гаднаас хэдэн үхсэн борлон олсон, мөнгийг та нарт үлдээх үү? гэхээр үгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: "... Э А, Г.Г нар нь ямар ч байсан ноднин жил буюу 2019 онд үхсэн борлон авсан. Манайхаас 3 борлон авсан. Борлонгуудын им нь баруун чих, цуулбар, зүүн чих урдаасаа ганзага имтэй, улаан зүсмийн борлон байсан. Эдгээр хүмүүс нь цэнхэр бонго жи-3 маркийн машинтай байсан. Манайхаас үхсэн борлон гурвыг авсан. Манай хажуу айлын хүн ачиж өгсөн. Машины тэвшин дээр хөлдүү мал ачсан гэмээр хөл нь сэрвийж гозойсон байсан. Би машины тэвшин дээрхийг  сайн анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна намайг гэртээ байхад Э.А  над руу залгаад та завтай бол хэдэн хөлдүү борлонгийн арьсыг нь хуулаад өгөөч “Одкон” байрны гражид хүрээд ир гэсэн. Намайг очиход үхсэн борлонгууд байсан.  Хэдэн тооны борлон байсан гэдгийг санахгүй байна. Борлонгуудын арьсыг нь хуулж өгөөд 70,000 төгрөг авсан. Борлонгуудын имийг мэдэхгүй байна. Зүс нь хар, шаргал, улаан хүрэн зүсмийн борлонгууд байсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур бод мал нядлуулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-д менежер ажилтай. Уг компани нь мал, мах түүхий эд худалдан авч борлуулдаг. Э.А, Г.Г нарыг танина. Манай байгууллагад мал мах, болон арьс шир түүхий эд худалдан борлуулдаг хүмүүс. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Эдгээр хүмүүс манай байгууллагад байнгын мал мах болон арьс шир, түүхий эд худалдан борлуулдаг. Миний санаж байгаагаар 2019 оны 02 дугаар сарын сүүлээр 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 2 удаа олон тооны борлон болон том ямааны арьс худалдан авч байсан. Эдгээр хүмүүс нь эхлээд 60 гаруй борлонгийн арьс өгсөн. 1 ширхэг арьсыг 13,000-15,000 төгрөгийн хооронд бодож авч байсан. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 215 дугаар хуудас/,

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “БО” гэх газраас хохирогч С.Ө-н үхсэн 10 борлон ямааг хулгайлж 421,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.А, Г.Г нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, С.Ө, гэрч Д.С, С.Э, М.Д, Г.А, С.А, Б.Н, Ц.Ч, Г.Б, Г.Г, Э.Т, Г.Ч, Т.Г, М.Э, Г.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Э.А, Г.Г нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.А, Г.Г нар нь хохирогч С.Ө-н эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.А, Г.Г нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.А, Г.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.Ө 450,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.А, Г.Г нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Г.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.А, Г.Г нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.А, Г.Г нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.А, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.А, Г.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450,000 төгрөг төлсөн, хохирогч С.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА