| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0024/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.М-д холбогдох 2130000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны .. сарын ...-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ШХ” жоншны уурхайд жолооч ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ..... дүгээр байр .... давхар ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/............... Р.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Р.М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ШХ” нэртэй жоншны уурхайд иргэн Х.У-н нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, дээд эрүүний 1 шүдний хугарал, цээж хэвлий, баруун цавинд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Р.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд 1.000.000 төгрөг, автомашины хойд гупер өгсөн гэв.
Хохирогч Х.У-н “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны 17 цагийн үед би манай хажуу талын хөрш рүүгээ орсон юм. Тэгсэн гэрт нь Б эхнэртэйгээ, М, Ц эхнэрийнхээ хамт хоол цай идэж байсан. Б нь надад хэлэхдээ уурхайгаас манай дүү хүү ирчхээд уурхай хүргүүлэх гээд явах унаа олддоггүй та хүргээд өгөх зав байна уу гэж асуухаар нь тэгье гэж хэлсэн юм. Орой 19 цагийн үед би уурхай руу очиж хүргэж өгсөн юм. Тэгээд тэнд очоод хоол цай хийж өгсөн юм. Тэгээд бас 2 ширхэг пиво гаргаж өгсөн юм. Тэрийг нь Ц, Б, М, бид дөрөв боргио нэртэй 2,5 литрийн пивыг хамт уугаад сууж байтал М бид хоёр хоорондоо маргалдаад тэгээд намайг цохиж авсан юм. Хамт байсан хүмүүс бид хоёрыг шалгасан юм. Тэгээд би гараад явсан юм. Би машин дээрээ очсон чинь араас М гарч ирээд дахиж намайг нүд рүү цохисон юм. Тэгэхээр нь машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь миний машины арын гупер рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд зогсохгүй хөдлөөд явсан юм. Манаач айлын гадаа очоод буугаад харахад арын гупер хагарсан байсан юм ...хамар руу баруун гараараа цохисон юм. Тэгээд бас гадаа намайг миний нүд рүү цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 2-5/ ,
Гэрч Б.Б-ы “...Орой 19 цагийн үед У ирж машинд нь бензин хийж өгөөд уурхай явахдаа том боргио 2 ширхэг аваад явсан. Уурхай дээр очиж хамт явсан хүмүүстэйгээ хамт пиво ууж байтал У ах М хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм.Тэгсэн маргалдахаа болиод суусан юм.Тэгэхээр би гэрээс гараад хойд талын гал зуух руу эхнэр тойгоо нь дотор шөл хийсэн байгаа тэрийг үзчихээрээ гэж хэлэхээр гарсан юм.Тэгсэн буцаад ороод ирэхэд М У-г орон дээр цохиж байсан юм.Тэгсэн харсан чинь У-н нүүр ам нэлээн цус болсон байдалтай байсан юм. Тэгэхээр би М-н цамцны захаас бариад гадагшаа ширч гаргахдаа үүдэнд унасан юм. Би босох гэсэн чинь миний өөдөөс намайг цохиод авсан юм.Хаалгаар Уыг гарах гэтэл М эргээд цохисон юм. У ах чи миний нутгийн газар шороо ухлаа гээд энэ хоёр хоорондоо маргалдсан юм. Баруун гараараа миний зүүн шаана руу цохисон юм. Миний биед баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт болон хэвлийд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 тал/,
Яллагдагч Р.М-н “...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ...Би баруун гараа атгаж байгаад зүүн талын хацар руу 1 удаа, орон дээрээс босохдоо 1-2 удаа гараа савчиж байгаад нүүр хэсэгт цохисон. Би доошоо тонгойчихсон байсан болохоор хаашаа цохисон эсэх ээ сайн мэдэхгүй байна. Нүүр рүү нийт 2-3 удаа гараараа цохисон ...би Х.У ахад хохирол болох 1.000.000 /нэг сая/ төгрөг, дээр нь нэмээд машины хойд гупер авч өгч сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,
Шүүх эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай “...Х.У-н биед зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, дээд эрүүний 1 шүдний хугарал, цээж хэвлий, баруун цавинд няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 /,
Шүүх эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай “...Б.Б-ы биед баруун хөмсгөнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт болон хэвлийд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн журам тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 01 сарын 16-ны өдрийн 64-10 УАЕ дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг 141.000 /нэг зуун дөчин нэг мянган/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 29-39/
Шүүгдэгч Р.М-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55/
Шүүгдэгч Р.М-н хохирогч Х.Уад хохирол төлсөн тухай хүсэлт, ХААН банкны гүйлгээний баримт /хх-ийн 55-56/
Шүүгдэгч Р.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 52/
Шүүгдэгч Р.М-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засан даргын тодорхойлолт /хх-ийн 57/
Хохирогч Х.У-н хохирол төлбөр төлөгдсөн тул цаашид гаргах гомдол санах нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 58/
Шүүгдэгч Р.М-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 65/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 66-67 /
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 07 дугаартай санал /хх-ийн 68-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ШХ” нэртэй жоншны уурхайд иргэн Х.У-н нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, дээд эрүүний 1 шүдний хугарал, цээж хэвлий, баруун цавинд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Х.У, гэрч Б.Б нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.У-д 1 000 000 төгрөгийн хохирол төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Р.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Р.М нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.У-тай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Р.М-н үйлдлийн улмаас хохирогч Х.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.У нь “Би М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Миний хохирлыг барагдуулсан тул гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт прокурорт гаргажээ.
Иймд шүүгдэгч Р.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Р.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Р.М-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.М-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Р.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Р.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР