Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.С-д холбогдох 2130000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны .. сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ээж, дүү, эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг Амгалангийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар: .............. Х.С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн гудамж .............. тоотод оршин суух гэрээсээ 2020 оны 12 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд 3 удаа “ТП” мөрийтэй тоглоомыг “Фейсбүүк” олон нийтийн цахим мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Гэрч М.У-н “...Х.С-тай 2012  оноос албан ёсоор  гэр бүлээ батлуулаад хамт амьдарч байна хамт амьдрах хугацаанд 3 хүүхэдтэй болсон ...Манай нөхөр Х.С 2020 оны 12 дугаар сарын эхээр 2 удаа өөрийнхөө Солонгос бичигтэй өөрийнхөө фейсбүүк ашиглаж тоглуулсан ...Цахимаар “ТП” тоглохдоо ашигласан ширээний хэмжээг нь мэдэхгүй байна том цаасан дээр зурж  тоглогч  нараа 6 суудал хувааж байрлуулан тоглуулдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, 

 

Гэрч Г.Х-н “...Миний санаж байгаагаар 2020 оны 12 сарын 17-ны өдөр шиг санаж байна Х.С ахынд очиж пабжи мобайл тоглох гээд гэрт нь очсон. Тэгээд Х.С ах бид хоёр утсаараа холбогдож тоглож дуусаад Х.С ах надад ах нь утсаараа Live хийх гэж байгаа “ТП” хийж тоглуулах гэж байна. чи тоглогч нарын нэрийг цаасан дээр бичээд өг /бид хоёр өмнө нь фейсбүүк олон нийтийн сүлжээн дээр мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хүмүүсийн Live бичлэгийг үзэж байсан. Тэгээд Х.С ах тухайн бичлэгээс санаа авч тухайн өдөр гэнэт фейсбүүк олон нийтийн сүлжээн дээр Live хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Х.С ах дэвтрийн цаасан дээр дансаа бичиж, нэг бичгийн цаас нь дээр 1-2 гэж бичиж, дахиад өөр цаасан дээр 3-4, дахиад өөр цаасан дээр 5-6 гэж бичсэн. /Өмнө нь бичлэг үзэж байсан болохоор тухайн 1 гэсэн тоон дээр 2 хөзөр тавина, тэгээд Техас  гэсэн бичиг нь дээр 5 ширхэг хөзөр тавигдана гэдгийг ойлгож байсан. /1-2, 3-4 гээд бичсэн цааснуудын голд Техас гээд бичсэн/. Х.С ах ТПыг фейсбүүкээрээ дамжуулан зохион байгуулахдаа уг тоглоомын дүрмийг Live үзэж байгаа хүмүүстээ тайлбарлаж өгч байсан ба тухайн үед Х.С ахын хүүхдийнхээ хичээлийн дэвтэр дээр нь тоглоомд оролцож байгаа хүмүүсийн нэрсийг бичиж өгч байсан ...Би тухайн тоглолтын зохион байгуулахдаа ашиглаж байсан хөзөр, дансны дугаар, тоглолтод оролцож байсан хүмүүсийн нэрийг хаана байгаа талаар мэдэхгүй, энэ талаар Х.С ах мэднэ. Мөн 2020 оны 12 сарын 21-ний орой дахин ТПыг зохион байгуулсан ...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ............ тоотод байх гэртээ зохион байгуулсан ...Уг тоглолтыг зохион байгуулахад Х.С ах болон түүний эхнэр М.У мөн Х.С  ахын 3 хүүхдүүд байсан ...Уг тоглоомыг Самсунг галакси Жи-3 маркийн гар утсаар тоглуулж байсан. Уг утасны дэлгэц нь хагарсан байсан ба хуучин утас байсан. Мөн дэлгэцийн зүүн талын дээд буланд хагарч цуурсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /,

   Гэрч О.Б-н “...2020 оны 12 сарын 04-ний өдөр Сүхбатаар аймагт гэртээ ирсэн юм. Тэгээд С ахынд очиход С ах лайв хийж “ТП” тоглуулж байхаар нь би бэлэн мөнгөө өгөөд шууд хажууд нь лайваар орж тоглосон түүнээс хойш лайваар мөнгийг нь дансаар шилжүүлж нэг тоглосон дахиж тоглоогүй. С ах Солонгос бичигтэй хүрхрээний наана хос морьтой фейсбүүк хаягаар лайв хийж тоглуулж байсан. С ах чатаар тоглолт болох гэж байна гэж хэлдэг байсан, 2 удаа тоглосон. 10.000 төгрөгийн бооцоо тавьж 5 удаа тоглоод гараа болгон 10.000 төгрөг авдаг ширээний мөнгө гэж 10.000 төгрөг авдаг байсан. С ах эхнэр У гэх хүний дансаар бооцооны мөнгөө авч байсныг би мобайл ашиглаж мөнгө хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /

  

Гэрч А.О-н “...С гэдэг хүнийг бол танихгүй харин Солонгос бичигтэй хүрхрээний наан хос морьтой фейсбүүк болон С гэх фейсбүүк хаягтай С гэх залуу Фейсбүүкээр лайв хийж “ТП” тоглуулж байхаар нь би 2020 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед тоглож 10.000 төгрөг алдсан байгаа ....Фейсбүүкийн Групп  гэдэг рүү ороод группэд тавьсан зүйлийг үзэж байгаад гарч ирэхээр нь тоглосон ямар группэд байсан талаар нь мэдэхгүй байна ...Нэгээс 2 удаа тоглосон ...10.000 төгрөгийн бооцоо тавьж цаасан ширээн дээр тоглодог...Х.С болон эхнэр нь гэх У гэдэг хүний дансаар бооцооны мөнгөө авч байсныг би мобайл  ашиглаж мөнгө хийсэн болохоор санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

 

 Яллагдагч Х.С-н “...Миний фейсбүүк Солонгосоор бичсэн ямар утгатай болохын мэдэхгүй байна профайл зураг нь хүрхрээний урд хос морины зурагтай байгаа. Уг хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан зүйл байгаа ...2020 оны 12 дугаар сараас эхэлж уг тоглоомыг тоглуулдаг гэдгийг фейсбүүкээр явж байсан лайв зэргээс харж мэдсэн юм.Тэгээд би өөрөө уг тоглоомыг тоглуулж  үзэхээр шийдэж  2020 оны 12 дугаар сарын 07-08-ны хооронд ширээ зурж нэрсийн бичиж уг нэрсийн дагуу хөзрийг нь дэлгэж лайвар хүмүүсийг холбож тоглуулсан уг тоглолтоос нэг ширээд 6 хүн суулгаж 5 удаа тоглуулж 10.000 төгрөг авна гэсэн зарчмаар тоглуулж байсан. Эхний тоглолтоор ...Ямар ч хамаагүй зарын фейсбүүк группэд лайв хийж үзэгчээрээ шэйр хийлгэж тоглох хүмүүсээ олдог юм. ..Ширээний мөнгөө авч үлдээгээд тоглогчоос дансыг нь авч мөнгийг нь шилжүүлдэг. Миний хувьд тоглогчийн мөнгийг шилжүүлээгүй тохиолдол байхгүй ...2020 оны 12 сарын 17-ны өдөр шөнийн 00 цагаас өглөөний 04 цаг хүртэл тоглолтыг зохион байгуулж уг тоглолтод оролцсон хүмүүсийн мөнгө нь 240.000 төгрөг байсан бөгөөд буцаагаад 192.000 төгрөг нийт зарлага гаргасан байсан. Тэгэхээр нь 5 удаа буюу нийт 25 удаа тоглуулж байж олсон ашиг байна /52.000 төгрөгийн ашиг олсон байсан/, ...тоглолт эхлэхээс өмнө нь миний 5648175220 дансанд мөнгө хийж байж уг тоглолтод оролцдог ...2020 оны 12 сарын 21-ний өдөр ахин зохион байгуулж 600.000 төгрөг орж ирсэн байсан бөгөөд буцаагаад 470.000 төгрөг гаргасан байсан. /тухайн өдрийн тоглолтоор 130.000 төгрөгийн ашиг олсон байсан/ ...Би 3 удаа зохион байгуулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79 /,

 

Мөрдөгчийн  2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Фейсбүүк.ком сайт дахь “........” нэртэй хаягт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 3-4 х/,

 

Мөрдөгчийн  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7 х /

 

Х.С, Б.Б, А.О, Д.А, О.Б, М.У, А.О, Ш.Д, М.Б нарын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-39 х/,

 

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоол  /хх-ийн 42 х /,

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-68 х/

 

Шүүгдэгч Х.С-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 83-88 х/

 

Шүүгдэгч Х.С-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/32 дугаартай тодорхойлолт /хх-ийн 90 х/

 

Шүүгдэгч Х.С-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 91 х/

 

Шүүгдэгч Х.С-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 93 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 99-100 х /

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 16 дугаартай санал /хх-ийн 101-102 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн гудамж ......... тоотод оршин суух гэрээсээ 2020 оны 12 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд 3 удаа “ТП” мөрийтэй тоглоомыг “Фейсбүүк” олон нийтийн цахим мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох гэрч М.У, Г.Х, О.Б, А.О нарын мэдүүлэг, мөрдөгчийн  2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Фейсбүүк.ком сайт байрлах “...........” хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Х.С, Б.Б, А.О, Д.А, О.Б, М.У, А.О, Ш.Д, М.Б нарын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.Сад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

            Шүүгдэгч Х.С нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглаж буюу фейсбүүкээр лайв хийж хүмүүсээс бооцооны мөнгийг нь өөрийн болон эхнэр М.У-н дансаар авч ашиг олох зорилгоор “ТП” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.С-г “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.С-г мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Х.С-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг.

Иймд шүүгдэгч Х.С-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 182.000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг ЖИ-3 маркийн гар утсыг зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Х.С-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.С-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.С-д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.С-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.С-н гэмт  хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 182 000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох Самсунг ЖИ-3 маркийн гар утас зэргийг улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Х.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР