| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0027/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Б.Б-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-тод холбогдох эрүүгийн 2030003130011 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Баянгол баг “Хх” гэх газарт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял эдэлж байсан, регистрийн дугаар:..............., Б.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б-т нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газарт ......... улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, 3.4б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осолд орж зорчиж явсан иргэн Б.А-н эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-тод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найзтайгаа хөдөө явсан. Тэгээд А гэдэг айл дээрээс хонь аваад буцахдаа Б.А ах хамт сумын төв оръё гэхээр нь авч явсан. Буцах замд гэнэт дугуй хагарсан. Тэгээд зам тээврийн осол гарсан гэв.
Хохирогч Б.А-н “...Би Сүхбаатар сумын 1 дүгээр багийн малчин иргэн юм. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Таван худгийн худаг 1 шил 0.5 литрийн хараа архи ганцаараа уусан юм. Тэгээд А гэдэг айлынд ирэхэд сумаас Б, С 2 жижиг машинтай ирсэн байсан. Тэгээд сум явна гэхээр нь би цуг явъя гээд суугаад явсан юм. Тэгээд би машинд суугаад унтсан. Нэг мэдсэн сумын эмнэлэгт сэрсэн. Яаж ойчсон талаар мэдэхгүй. А гэдэг айлынхаа хөдлөхөд Б машин бариад явж байсан. Миний 2 хавирга хугарсан байсан. Мөн толгойд цууралт өгсөн гэж байсан. Архи уугаагүй эрүүл байсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б нь надад эм тарианы мөнгө гээд 400.000 төгрөг өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25//,
Гэрч Б.Г-н мэдүүлгээр: ... “Би Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажил хийдэг юм. Манай эмнэлэгт 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газарт машин онхолдоод хүний бие муу байна гэсэн дуудлага ирсэн юм. Тэгээд би дуудлага аваад түргэний машинтай очиход Б.А нь доошоо 4 хөллөөд хэвтсэн байрлалтай байсан. Тэгээд яаралтай тусламж үзүүлээд сумын төв рүү тээвэрлэсэн. Анхны үзлэгээр 2 нүд илэрхий хөхөрч хавдсан, хамар, амнаас бага зэрэг цус гоожсон, олон хавирганы хугаралтай байсан. толгой битүү гэмтэлтэй байсан. Бас чихний омог урагдсан байсан. Б, С, А 3-уулаа байсан. А-с архи үнэртэж байсан. Харин нөгөө 2-оос нь архи үнэртэхгүй байсан. Б, С нарын бие зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 /,
Гэрч Ө.С-н мэдүүлгээр:... “Би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Б.Б-тыг хөдөө хонинд яваад өгөөч гэж гуйгаад түүний .............. улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө 1 багийн нутаг дэвсгэр ТХ гэдэг газар луу 13 цагийн үед 2-уулаа явсан. Тэгээд хонь аваад буцахдаа Б.А гэдэг хүн цуг суугаад сумын төв оръё гэснээр суулгаад Б.Б-т нь өөрөө машинаа бариад явсан юм. Тэгээд Ж уулын ард АХ гэдэг газар явж байгаад гэнэт дугуй хагарах чимээ гарснаа машин нь шарваад шантай замд гуядуулаад ойчсон. Ойчихдоо бүтэн нэг хөрвөөгөөд жолооч талаараа буюу буруу талаараа хараад ойчсон байсан. Миний хувьд жолоочийн хажуу талын урд суудалд суугаад явж байсан бөгөөд суудал кабин 2-ын завсраар хавчуулагдсан байсан. Ард талд суугаад явж байсан Б.А ах машины арын цонхоор гадагшаа шидэгдсэн байсан. Харин жолооч Б.Б-т рүль дээрээ суудал дээрээ байсан. Тэгээд эхлээд Б.Б-т босоод машинаас гараад намайг татаж гаргасан. Тэгээд бид 2 Б.А ах дээр ирэхэд тэрээр дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тэгээд Б.Б-т нь сум руу утсаар залгаж эмнэлэгт түргэн дуудсан. Эмнэлгийн түргэн удаагүй ирсэн бөгөөд биднийг аваад сум руу явсан. Түргэн ирэхээс өмнө Б.Б-т бид 2 хамжаад ойчсон байсан машиныг босгочихсон байсан. З бид 2 архи уугаагүй байсан. Харин Б.А ах бид хоёрыг хөдөө очихоос өмнө архи уучихсан согтуу байсан. Бид 3 хамгаалах бүс бүслээгүй явж байсан. 60 км цагийн хурдтай явж байсан. Тэгш тал дээр шан ихтэй замаар явж байсан. Цаг агаарын хувьд тогтуун цэлмэг байсан. Хамраас нь цус гарч байсан бөгөөд баруун чих нь урагдсан шархтай байсан. Мөн хавирга нь хугарсан юм шиг байсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч А.Э-ы “...манай эхнэр Л, Б.Б нар нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм ...Уг .............. улсын дугаартай автомашин нь гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Уг автомашиныг 2020 оны 08 дугаар сард Б.Б-тод би зарсан. Нэр шилжүүлээгүй байгаа юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн авлага өглөг байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
Яллагдагч Б.Б-тын “... Би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Ө.С хөдөө хонинд яваад өгөөч гэж гуйхаар нь би өөрийн эзэмшлийн ............. улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 багийн нутаг дэвсгэр ТХ гэдэг газар руу 13 цагийн үед 2-уулаа явсан. Тэгээд А гэдэг айл дээрээс хонь аваад буцахдаа А-нд байсан Б.А ах цуг сумын төв оръё гэхээр нь машиндаа суулгаад би өөрөө машинаа бариад явсан юм. Тэгээд Ж уулын ард АХ гэдэг газар явж байгаад гэнэт дугуй хагарах чимээ гарснаа зүүн гар тал руугаа шарваад тэгээд замын шанд гуядагдаад ойчсон. Ойчихдоо бүтэн нэг хөрвөөгөөд жолооч талаараа буюу буруу талаараа хараад ойчсон байсан. Би суудлаасаа хөдлөөгүй суудал дээрээ байсан. Ө.С миний хажуу талын урд суудал дээр суугаад явж байсан машин суудал хоёрынхоо голд орсон байсан. Харин арын суудалд сууж явсан Б.А ах машинаас шидэгдээд гадаа гарчихсан байсан. Тэгээд би эхлээд машинаас гараад Ө.Сыг татаж гаргасан. Тэгээд Б.А ах дээр ирэхэд А ахын хамраас нь цус гарсан, чихний араас цус гарсан дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тэгээд бид хоёр очоод доошоо харуулж хэвтүүлээд сумын төвийн эмнэлэг рүү утсаар ярьж түргэн тусламж дуудсан бөгөөд эмнэлгийн түргэн удаагүй 30 минутын дараа ирээд биднийг аваад явсан. Түргэн ирэхээс өмнө Ө.С бид 2 хамжаад ойчсон байсан машиныг босгочихсон байсан. Би B ангиллын .......... дугаарын жолоодох эрхийн үнэмлэхтэй юм. Би 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Э гэдэг хамаатнаасаа авсан байсан машин юм. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид 3 хамгаалах бүс бүслээгүй явж байсан. 60 км цагийн хурдтай явж байсан. Тэгш тал дээр шан ихтэй замаар явж байсан. Цаг агаарын хувьд тогтуун цэлмэг байсан. Хамраас нь цус гарч байсан бөгөөд баруун чих нь урагдсан шархтай байсан. Мөн хавирга нь хугарсан юм шиг байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 69-72/,
Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...Пробокс маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б-т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, 3.4б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх магадалгаа /хх-ийн 55/,
Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 600 дугаартай “Б.А-н биед тархины няцрал, суурь ясны турк эмээлийн арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 2 нүдний эргэн тойрны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Суурь ясны турк эмээлийн арын сэртэнгийн хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, тархины няцрал, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 2 нүдний эргэн тойрны цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33-34 /,
Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаартай “Б.Б-тоос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50 /,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 /,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Б.Б-ын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 80/
Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 82/
Шүүгдэгч Б.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 70/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 72-77/
Шүүгдэгч Б.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 37/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 92-93 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 09 дугаартай санал /хх-ийн 94-95/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б-т нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газарт ......... улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, 3.4б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осолд орж зорчиж явсан иргэн Б.А-н эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.А, гэрч Б.Г, Ө.С, А.Э нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 600 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б-т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б-т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б-тод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-тод гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Б.А нь “Б.Б-т надад эмчилгээний зардалд 400 000 төгрөг төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Б.Б-тод ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Б.Б-тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-тод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-тын оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-тод мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б-т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР