Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан  

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-д холбогдох 2030003210006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин  ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  1 дүгээр баг Дөрвөлжийн худгийн г гэх газарт  оршин суух хаягтай, регистрийн дугаар:.............., А.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ТС гэх газраас иргэн Б.Э-н хадлангаас 60 тооны өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 520 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх “ТС” гэх газраас баруун тийш нутагладаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  өвөлжөө рүүгээ нүүсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл юмаа авахаа явахдаа Э-н хадлангаас 60 боодол өвс авсан. Машин цасанд хий эргээд явахгүй байсан болохоор нь өвс ачсан гэв.

        

 Хохирогч Б.Э-н “...2020 оны 11 дүгээр сарын 16-нд хадлангаас буусан юм. Хадлангаас буухдаа 2300 боодол өвс татаж амжаагүй, хөдөө хээр үлдээгээд буусан  бөгөөд маргааш нь өвсөө татах гэж яваад цасанд боогдоод чадаагүй. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвсөө татаж авахаар очиход 2300 боодол өвснөөс 2000 боодол өвс нь хулгайд алдагдсан байна. Би хадлан дээр байсан өвсөө Сүхбаатар аймгийн өвсний нөөцөд 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр худалдахаар тохирсон байсан. Тиймээс 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр үнэлнэ. Б миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15х/,

 

   Гэрч А.Б-н  “...2020 оны 11 дүгээр сарын 22-нй өдөр манай төрсөн ах над руу утсаар залгаад ТС гэдэг газраас ахдаа өвс ачаад өг гээ хэлэхээр нь мотоциклтой очоод өвсийг нь ачилцсан. Б надад авах ёстой өвс юм гэж хэлсэн. Б нүүдлийнхээ үлдэгдэл ачааг ачаад буцахдаа машин нь хий эргээд явахгүй байгаа тул өвс ачиж байна гэж ярьж байсан. Тэгээд 60 боодол өвс ачиж очоод Б-н гэрийн гадаа буулгаж чулуун хашаанд нь оруулж хураасан .” гэх мэдүүлэг /хх-ийн 19/ ,     

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Дөрвөлжин худгийн г гэх газарт байх А.Б-н гэдэг айлын өвөлжөө байх бөгөөд өвөлжөөн дээр 2 гэр байна. Гэрээс ертөнцийн зүгээр хойд талд нь 25 метр зайд чулуун хашаа байх байна. Уг хашааны зүүн хойд буланд өвс хураалттай байна. Хураалттай өвсийг 1 бүрчлэн тоолж үзэхэд 60 ширхэг 2 мяндсаар боосон жижиг боодолтой 20 кг жинтэй өвс байсныг зургаар баталгаажуулав... гэх тэмдэглэл /хх-ийн 3-4/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7х/

 

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 09х/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-31х/,

              

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35-38х/,

 

Шүүгдэгч А.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 51х/

              Хохирогч Б.Э-т хохирол төлсөн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55х/

 

Шүүгдэгч А.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн Засаг даргын А.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/

 

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны толлогын баримт / хх-ийн 61-62х/

            Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 70х/

 

   Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар  сарын 03-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 75 х /

 

Шүүгдэгч А.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 74х/

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 14 дугаартай санал /хх-ийн 76-77х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ТС гэх газраас иргэн Б.Э-н хадлангаас 60 тооны өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 520 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч  Б.Э, гэрч А.Б нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б-н хохирогч Б.Э-н 60 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Б-г бусдын эд  хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

А.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.Э-т 520 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Э нь  “А.Б миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч А.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч А.Б-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Э-тай эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч А.Б-д зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Б-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР