| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0044/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Э
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б, Я.Ө, Б.Б нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох 2030003230008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн /................/ Я.Б
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /...................../ Я.Ө.
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19... оны .... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /......................./ Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газраас бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Э-н хадлангаас 153 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 326 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нарыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлын төлж барагдуулсан гэв.
Шүүгдэгч Я.Б нарыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлын төлж барагдуулсан гэв.
Шүүгдэгч Я.Ө нарыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлын төлж барагдуулсан гэв.
Хохирогч Б.Э-н “...2020 оны 11 дүгээр сарын 16-нд хадлангаас буусан юм. Хадлангаас буухдаа 2300 боодол өвс татаж амжаагүй, хөдөө хээр үлдээгээд буусан бөгөөд маргааш нь өвсөө татах гэж яваад цасанд боогдоод чадаагүй. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвсөө татаж авахаар очиход 2300 боодол өвснөөс 2000 боодол өвс нь хулгайд алдагдсан байна. Би хадлан дээр байсан өвсөө Сүхбаатар аймгийн өвсний нөөцөд 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр худалдахаар тохирсон байсан. Тиймээс 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр үнэлнэ. Б ахын хүүхдүүд байна гэж над руу 1 хүн утасдаад танайх өвсөө зарж байгаа юмуу гэхэд нь үгүй гэхэд танай хадлан дээрээс машинтай хүмүүс өвс ачаад байна гэж хэлсэн. Я.Б, Я.Ө, Б.Б нар нь миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 х/,
Гэрч Ө.Т-н “...2021 оны 11 дүгээр сарын 20-д гаргаад анхны цас орсны дараа нагац ах Я.Б намайг өвсөнд хамт явалцаад өгчих гэж гуйхаар нь би цуг явсан. ТС гэх газарт очиход хураалттай өвс байгаагүй газраа боогоод тавьсан байсан өвснөөс 85 боодол өвс ачсан. Тэгээд буцаж ирээд Б ахын гэрийн гадаа буулгасан. Би яг хэний хадлан гэдгийг мэдэхгүй .” гэх мэдүүлэг /хх-ийн 45 х/,
Гэрч Б.Б-н ТС гэх газарт хадлан дээр ажиллаж байгаад анхны цас ороод бууцгаасан. Хадлан дээр 2 хэсэг газар өвснүүдээ бөөгнүүлсэн байсан. Хадлан руу Э өвснүүдээ үзэхээр очиход тус газарт байсан өвснүүд хулгайд алдагдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 60 х/
Гэрч Б.М-н “... 2020 оны 011 дүгээр сарын 20-ны орчимд ТС гэх газарт байх Б.Э-н хадлан дээрээс Маяти маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өвс ачиж байхад Я.Ө, манай хамаатнууд болох Я.Ө, Я.Б, Б.Б нар ирсэн. Тэгээд тэр хэд надтай уулзаад өвсний эзэн нь хаана байна, 1 боодол өвс хэдэн төгрөгийн үнэтэй байна, энэ өвснөөс худалдаж авахаар ирлээ гэж байсан. Би урьд нь авахаар ярьж тохирсон гэж хэлээд яваад өгсөн намайг байхад тэд нар өвс ачаагүй...” /хх-ийн 48-49 х/
Гэрч Я.Э-ы “...Я.Ө, Б.Б нар нь ТС гэх газар руу өвсөнд явъя гэж хэлээд хоорондоо тохиролцож Б өвсөнд явна гээд эхнэрээсээ 600 0000 төгрөг гаргаад өг гэж хэлээд мөнгө аваад явсан. Тэгээд тэр хэд өвсөнд явсан хойно нь О-н гэдэг айлд очоод гадаа гэгээ тасарч байхад эргээд Б-нд ирэхэд гэрийнх нь гадаа өвс хураасан байсан. Тэгээд өвс худалдаж аваад ирж дээ гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 х/
Яллагдагч Я.Б-н “...Тухайн хадлангаас өвс зөвшөөрөлгүй авч байгааг Т мэдээгүй. Би 85 боодол өвс ачсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Э-т өвсний мөнгийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-144 х/
Яллагдагч Я.Ө-ы “...Би өөрийн эзэмшлийн Пронтер маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад машиндаа ганцаараа явсан. Цуг Б, Т, Б нар явцгаасан. Тэгээд байж байтал 1 мотоциклтой залуу ирэхээр нь энд өвс зарж байгаа хүн байгаа юмуу гэхэд тэрээр байхгүй гэсэн. Тэгээд бид нар нэгэнт ирсэн юм чинь өвс аваад явъя эзэн нь ирвэл дараа мөнгийг нь өгье гэж яриад ачаад явсан. Би өөрийнхөө машинд 38 боодол өвс ачсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна хохирол төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 156-159/
Яллагдагч Б.Б-н “... Би тухайн хадланг Э-нх гэж мэдэж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн171-174 х/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-16 х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 02, 03 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 28-29, 34-35/
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 65-73, 92-100,х/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-80, 84-87, 105-108, 111-114, 117-120 х/,
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193, 203, 213 х/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын Я.Б, Я.Ө, Б.Б нарын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 195, 205, 215 х/
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 196, 206, 216 х/
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын хохирогч Б.Э-т хохирол төлсөн баримт /хх-ийн 201, 211, 221 х/
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 10 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 11-12 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 21 дугаартай санал /2-р хх-ийн 13-14х /
“Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” Прокурорын 21А, 21Б дугаартай санал / 2-р хх-ийн 15-18 х/
Эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг цуцлах тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01, 02 дугаартай Прокурорын тогтоол зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газраас бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Э-н хадлангаас 153 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 326 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.Э, гэрч Ө.Т, Б.Б, Я.Э, Б.М нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ны эд зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь хохирогч Б.Э-н 153 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд 1 326 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас Я.Б, Я.Ө, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Эт 1 326 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Э нь “ Я.Б, Я.Ө, Б.Б нар нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Э-тай эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Я.Б, Я.Ө, Б.Б нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарыг зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Б, Я.Ө, Б.Б нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР