| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00437/И |
| Дугаар | 00646 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00646
2017 оны 05 сарын 31 өдөр Дугаар 142/ШШ2017/00646 Орхон аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Очиртөв зам” ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 602 866 673.90 төгрөг, алданги 301 433 336.95 төгрөг, нийт 904 430 010.85 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очир Төв Зам ХХК нь гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж 120 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн байна. 2017 оны 02 сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 602 866 673.90 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Очир Төв Зам ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 602 866 673,90 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Очир Төв Зам ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 602 866 673.90 төгрөг, алданги 301 433 336.95 төгрөг, нийт 904 430 010.85 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Очиртөв зам” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл болох 602,866,673.90 төгрөг алданги 301,433,336.95 нийт 904,300,010.85 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал болох “Очиртөв зам” ХХК-тай харилцан ойлголцож алданги болох 301,433,336.95 төгрөгөөс татгалзах үндсэн төлбөр болох 602,866,673.90 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах болсон тул харилцан эвлэрч байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Очиртөв зам” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 602 866 673.90 төгрөг, алданги 301 433 336.95 төгрөг, нийт 904 430 010.85 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагынхаа алданги болох 301,433,336.95 төгрөгнөөс татгалзаж 602,866,673.90 төгрөг болгосныг хариуцагч “Очиртөв зам” ХХК төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 1 585 691,5 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Очиртөв зам” ХХК-нд холбогдох 904 430 010.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 301,433,336.95 төгрөгнөөс татгалзаж 602,866,673.90 төгрөг болгож бууруулсныг хариуцагч “Очиртөв зам” ХХК төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 1 585 691,5 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА