Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох 2130000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл .., эцгийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар баг оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:/................/ Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б  нь  2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 2 дугаар багийн иргэн Э.Ө-н өмчлөлийн 15 тооны хонийг завшиж, 1 689 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв..

 

Хохирогч Э.Ө-н “...Хонио хайж явж байгаад Б-нд очиход шуурганд уруудсан хониудын 3 хонь маань байхаар нь үлдэгдэл хонь хаана байна гэж асуухад Б.Б нь 10 гаруй хоног хүлээгээд  ирэхгүй болохоор чинь хүнд зарчихсан гэж хэлсэн.  Тэгэхээр нь зарсан малаа хурдан төлж өгөөрэй гэж хэлээд 3 хонио аваад явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө Б 15 эм хонь өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй  ”  гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 х/ ,

 

Яллагдагч Б.Б-н “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд шуургатай өдөр  хонин дээрээ байж байхад ертөнцийн зүгээрээ баруун талаас 10 гаран хонь уруудаад манай хонинд  ирж нийлсэн.  Би тухайн үед яг хэдэн хонь байсныг тоолж чадаагүй. Тэр хонинууд манайд 10 гаруй хоног байсан. Уг хонинууд манай хонь ойр хавийн айлын хонь биш байсан...Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагаан өнгийн Маяти маркийн машинтай хүмүүс мал авч явна гэхээр нь манай хонинд ирж нийлсэн хониноос 15 хонийг тус бүрийг нь 85000 төгрөгөөр тооцож төлсөн. Уг хонинууд ихэнх нь эм хонь байсан. Нийт 1.275.000 төгрөг болсон. Би Өсөхбаярт 15 хонь өгч хохирлыг бүрэн барагдуулсан  ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/03/029 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-24 х/

 

Шүүгдэгч Б.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 х/

 

Шүүгдэгч Б.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн  Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40/

 

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 х/

 

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 44-45 х/

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 47-48 х/

 

Шүүгдэгч Б.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 54 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 55 х /

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 28 дугаартай санал /хх-ийн 56 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 2 дугаар багийн иргэн Э.Ө-н өмчлөлийн 15 тооны хонийг завшиж 1 689 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Э.Ө-н мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны  2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/03/029 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Б нь ижил сүргээсээ тасарч явсан 15 тооны бог малыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, 15 хонийг бусдад худалдан ашиг олж завшсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогдсон хийгээд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр зарж борлуулан ашиг олох зорилгоор бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан байна.

 

Шүүгдэгч Б.Бийг, хохирогч Э.Ө-н 15 тооны хонийг завшсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Өсөхбаярт учирсан  1 689 000 төгрөгийн хохиролд   15 хонь  өгч хохирол барагдуулсан болох нь  хохирогч Э.Ө-н “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө Б 15 эм хонь өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Өсөхбаярт хохирол төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Б.Бид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Бид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Өсөхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР