| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00413/И |
| Дугаар | 00654 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00654
2017 оны 05 сарын 31 өдөр Дугаар 142/ШШ2017/00654 Орхон аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Эгшиглэнт солонго” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1976 онд төрсөн, 41 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-20-110 тоотод оршин суух Боржигон овгийн Магсарын Цэдэн-Ишэд холбогдох 5 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч М.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Цэдэн-Иш нь тус компаний оруулж ирж худалдан борлуулдаг Кирби Сентра хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2015.11.20-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “Нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 5 250 000 төгрөгний 1 650 000 төгрөгнөөс татгалзаж, 3 600 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч М.Цэдэн-Иш төлөхийг зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 300 000 төгрөг төлөхөөр эвлэрсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК нь хариуцагч М.Цэдэн-Ишээс 5 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Эгшиглэнт Солонго ХХК нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 650 000 төгрөгнөөс татгалзаж 3 600 000 төгрөг болгосныг хариуцагч М.Цэдэн-Иш төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Эгшиглэнт солонго” улсын тэмдэгтийн хураажид төлсөн 98950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Цэдэн-Ишээс 72550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цэдэн-Ишэд холбогдох 5 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1 650 000 төгрөгнөөс татгалзаж 3 600 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч М.Цэдэн-Иш төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 72550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК-нд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА