| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0046/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Хорлоо,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ш-д холбогдох 2130000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Дөрвөлжийн .... тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:/.............../, Б.Ш.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн хамтран амьдрагч Э.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний эргэн тойронд, зүүн бугалгад цус хуралт, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Ш-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Э.Б-н “...202 оны 08 дугаар сараас миний хамтран амьдрагч Ш нь архи ууж байнга намайг доромжилж дарамталдаг болсон. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бид гэртээ маргалдаж намайг зодсон. Тэгээд би айгаад ахындаа амьдарч байгаа гэтэл миний байгаа газрыг мэдчихээд гэрт ирээд хаалга үүд балбаад тайван амраахгүй байна. Бид 2 дундаасаа хүүхэдгүй, миний зүүн нүд хөхөрч хавдсан, хөлийн 2 шилбэ хавдаж хөхөрсөн, зүүн гарын бүдүүн булчин хавдсан, зүүн талын хавирга их хөндүүр байгаа...Бид 2 хамтран амьдарсан цагаас эхлэн намайг зодож, янхан хүүхэн, явдалтай хүүхэн, банзал, гичий гэх зэргээ байнга доромжилдог...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 х / ,
Яллагдагч Б.Ш-н “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр гэр орноо янзлаагүй сууж байхаар нь гэрээ янзал гэхэд өөдөөс маргалдсан. Тэгээд Б-г үгэнд орохгүй зөрүүдлээд байхаар нь баруун гараараа цээж рүү нь түлхсэн чинь унахдаа зүүн нүдний чамархай хэсгээрээ гал тогооны тавилгын тавцан мөргөчихсөн. Өөр зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 х/,
Шүүх эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаартай “...Э.Б-н биед зүүн нүдний эргэн тойронд, зүүн багалганд цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 х/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 03-05 х/
Шүүгдэгч Б.Ш-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 30х/
Шүүгдэгч Б.Ш-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 31 х/
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-37 х/
Шүүгдэгч Б.Ш-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 47х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 24 дугаартай санал /хх-ийн 48 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн хамтран амьдрагч Э.Б-г нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний эргэн тойронд, зүүн бугалгад цус хуралт, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Э.Б-н мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хамтран амьдрагч Э.Б-тэй маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ш-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Ш-н үйлдлийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Б нь “миний бие гомдол санал байхгүй. Бид ямар ч асуудалгүй хамт амьдарч байгаа ” гэх хүсэлт прокурорт гаргажээ.
Иймд шүүгдэгч Б.Ш-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Б.Ш-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Ш-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч Б.Ш-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Ш-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.Ш энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР