Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 609

 

  Б.М-д  холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч Б.М,  түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-д  холбогдох 1709013800118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Б-н М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ............. дүүргийн ...... дугаар хороо, .......... гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Б.М нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Х.А-г зодож, эрүүл мэндэд нь цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, баруун алганд арьс хууларсан өнгөц шарх, баруун мөрөнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөншайгайд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Б.М-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Б.М-г  ажлын байрандаа байх үед Х.А ирж, өөрийн нөхөр Е.Ж-тэй хардаж, шууд үсдэж дараад цохиж, өшиглөж, зодож эхэлсэн бөгөөд Б.М гарыг нь тавиулах гэж хуруу гарыг нь маажихаас өөр юу ч хийж чадахгүй, мултарч чадахгүй байх үед дэргэд нь байсан Е.Ж эхнэр Х.А-г цохиж, толгой руу нь тохойлдож, гарнаас нь татаж байж зодооныг зогсоож салгах үед Б.М гарч зугтаасан байдаг. Х.А-н  биед хөнгөн гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Гэмтэл нь Х.А-н  цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, баруун алганд арьс хууларсан өнгөц шарх, баруун мөрөнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг бүгдийг Б.М учруулсан гэж дүгнэжээ. Хохирогч Х.А Б.М-г  үсдэж доош нь дараад цохиж, өшиглөж өөрийнхөө биед ойртуулахгүй хөндий байлгаж зодож байхад зодуулж байгаа Б.М Х.А-г цохиж, зодох, тэр тусмаа дагзанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтлүүдийг үүсгэх боломжгүй юм. Харин шуу, баруун сарвуунд цус хуралт, сарвуунд зулгаралт, баруун алганд арьс  хууларсан өнгөц шарх гэх гэмтлүүдийг маажих, гарыг нь тавиулахаар оролдохдоо гэмтэл учруулсан байх боломжтой юм.

            Шинжээч эмч Д.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Х.А-н  биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт орно. Биеийн гадаргуугийн 1 хувь буюу хүний гарын алгатай тэнцэх хэмжээний талбай бүхий гэмтлийг нийт гэмтэл үүсгэсэн байвал хөнгөн гэмтэл гэж үзнэ гэж тайлбарласан. Х.А-н  биеийн бүх гэмтэл нийлээд хөнгөн зэрэг болох юм бол түүнийг нөхөр нь болох Е.Ж толгой, дагз, бие рүү нь цохиж, тохойлдож байсан тухай, нийлж зодсон гэж хохирогч Х.А мэдүүлж байсныг шүүх үл ойшоож, түүний мэдүүлгийг зөвхөн Б.М-г  яллах нотлох баримтад үнэлж дүгнэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж яллах чиг үүрэгтэй тогтоол гаргасан гэж үзэхээр байна.

     Хохирогч Х.А-н  “... би шууд хүүхнийг үстээд авсан. Манай нөхөр хажуунаас цохиод байсан, миний гар шалбарсан, толгой өвдөж байна, би эмнэлэгт үзүүлнэ...” /хх-13/ гэх, “... Ж араас тохойгоороо цохиод байсан ...” /хх-14/ гэх, “... Ж салгах гэж байгаа сэтгэгдэл төрүүлсэн, би Ж-г цохичихлоо гэж андуурч мэдүүлсэн байх, Ж-г би түлхсэн чинь унахдаа хүзүү маажсан. Би цагдаа дуудаж өгч явуулсан” гэж мэдүүлсэн нь яалт ч үгүй нөхөр Ж нь түүнийг зодсон тухай мэдүүлснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхгүй байгаад гомдолтой байна.

    Гэрч Ж “... Х.А нь Мөнгөншагайг үсдсэн. Б.М гарыг нь маажсан. Б.М явсны дараа Х.А намайг зодож, цамц урсан. Б.М Х.А-н цээж рүү цохиж, өшиглөхийг хараагүй. Би эхнэртэйгээ хэвийн харилцаатай байгаа, эхнэр уучилсан ...” гэж мэдүүлснээс харвал Б.М хохирогчийн гарыг маажсанаас өөр үйлдэл хийгээгүй болох нь илт байна. Харин гэр бүлийн 2 хүн хоорондоо зодолдож үүсгэсэн гэмтлийг Б.М бүгдийг үүсгэсэн гэж шүүх үзэж байгаа нь буруу юм.

     Б.М Х.А-г цохиж зодоогүй, үсдсэн гарыг нь тавиулаад зугтаж гарсан. Нөхөр болох Ж нь тохойлдож цохиж, маажиж эхнэрийнхээ биед зарим гэмтлүүдийг учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн М-н гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

  Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харилцан зодолдоогүй. Би нөхөртэй нь хамт ажилладаг, надтай хамт ажиллаад 3 хоносон байсан. Тэр хугацаанд нөхөр нь гэртээ очоогүй байсан учраас нөхрөө хайж, асууж явж байгаад ажил дээр ирж, буруу ойлгож хардалт үүсч зодоон болсон. Хохирогч үгийн зөрүүгүй над руу дайрч, зодсон...” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М-д  оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Г.Энхтүвшингийн давж заалдах гомдолд дурдагдсан хохирогч Х.А-н  нөхөр болох Ж-г энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж болон хохирогч Х.А нар оролцсон. Хохирогч Х.А анх цагдаагийн байгууллагад гомдол гаргах болон анхны мэдүүлгээрээ нөхөр Ж-г энэ хэрэгт оролцсон мэтээр мэдүүлсэн боловч биед нь учирсан гэмтлийг яаж хэрхэн учруулсан талаар тодорхой зүйлийг гомдол болон мэдүүлэгтээ дурдаж байгаагүй. Дахин өгсөн мэдүүлгээрээ андуурч мэдүүлсэн, нөхөр Ж миний биед халдаж, ямар нэгэн гэмтэл учруулаагүй талаар мэдүүлдэг. Үүнийг Ж гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ давхар нотолдог. Хохирогч Х.А-н  биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад “зодооныг салгах явцад цээжинд учирсан гэмтлийг би учруулсан” гэж ярьсан. Өмгөөлөгч Г.Энхтүвшингийн асуултад шинжээч эмч “дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж хариулсан. Түүнээс аль нэг гэмтэл нь байхгүй тохиолдолд шууд гэмтлийн зэрэгт хамаарна гэж мэдүүлэг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.М-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас зөрүүтэй буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан ба тухайн үед байсан шүүгдэгч Б.М,  хохирогч Х.А, гэрч Е.Ж нараас мэдүүлэг авч, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж хохирогч Х.А-н  биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоожээ.

Хохирогч Х.А-д  учирсан хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч Б.М учруулсан болох нь хохирогч Х.А-н  “нөхрөө хайгаад ажиллаж байгаа барилга дээр нь очоод хүмүүсээс асуухад 9 давхарт эхнэртэйгээ ажиллаж байгаа гэхээр нь 9 давхарт очиход манай нөхөр Ж нэг танихгүй эмэгтэйтэй тэврэлдээд ундаа уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр намайг харангуутаа гар зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нөхрийгөө түлхээд тэр цаана нь байсан эмэгтэйг нь би шууд үсдээд авсан. Тэгтэл тэр эмэгтэй зөрүүлээд намайг түлхээд, гарыг маань маажаад, курткыг маань урсан. Гэтэл манай нөхөр хажуунаас “надад чи наад үснээс нь тавь, чи одоо зүгээр гэртээ харь, би араас чинь очоод хоёулаа ярилцая” гэж хэлсэн” /хх 13/, гэрч Е.Ж-н “би тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Юнион” нэртэй барилгын 9 давхарт ажлаа хийгээд байж байхад манай эхнэр Х.А ороод ирсэн. Тэгээд хамт ажиллаж байсан Б.М руу дайраад үсдэлцээд ноцолдоод байхаар нь Х.А-г барьж байгаад Мөнгөншагайг явуулсан” /хх 19/, яллагдагч  Б.М-ийн “би Юнион нэртэй барилга дээр 9 давхарт таазны замаска татаж байсан. Би хамт ажилладаг Ж-тэй байсан. Түр амсхийгээд тамхи татаад зогсож байтал үл таних эмэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй үснээс зулгааж, хоёр хөл рүү өшиглөж, газар унагааж чирсэн. Миний гар мөр рүү тохойгоороо цохиж байсан. Энэ үед Ж салгасан. Би тэндээс гараад зугатаасан” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 11229 дүгээр дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд, хохирогч Х.А нь өөрийн нөхөр Е.Ж-г шүүгдэгч Б.М-тай хардсны улмаас Б.М руу дайрч үснээс нь зулгааж, Б.М нь тавиулахаар харилцан зууралдах явцад гэрч Е.Ж тэднийг салгасан, энэ явцад хохирогч Х.А-н  биед шүүгдэгч Б.М хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч Б.М-ийн дээрх үйлдэл нь хохирогч Х.А-н  хууль бус довтолгооны эсрэг хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “хэргийг аргагүй хамгаалалт гэж хэрэгсэхгүй болгуулах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.