Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2019/0005/З |
Дугаар | 13 |
Огноо | 2019-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 13
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Г би 2017 оны 11 дүгээр сард төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад өрсөлдөн шалгарч, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргаар томилогдохоор нэр дэвшиж, Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ хянуулсан. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн намайг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/116 дугаар захирамжаар Ховд аймгийн Хөгжимт Драмын театрын даргаар томилсон. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хангалттай үнэлгээтэй ажилласан.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар намайг ажлаас чөлөөлөхдөө ямар учир шалтгааны улмаас чөлөөлсөн талаар урьдчилан мэдэгдээгүй, нотлох баримт танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олголгүйгээр чөлөөлсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч миний бие нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжид дурдсан “... их хэмжээний орлогыг авлагын дансанд бүртгэлгүйгээр зарцуулсан, бэлэн мөнгийг зарцуулсан, салбарын яамны жуух бичгийн нэрийг дур мэдэн өөрчилж, өөр хүнд өгсөн..” гэх зөрчил гаргаагүй, уг асуудал надтай ямар ч хамааралгүй болно. Мөн Ховд аймгийн Засаг даргаас Д.Г миний 2018 оны үр дүнгийн гэрээг үнэлж, илтгэх хуудасны дүнг танилцуулаагүй атлаа ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хууль бу захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлөхдөө Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын байгууллагын төв байгууллагатай зөвшилцөж, аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөхөөр заасан.
Харин нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдтай зөвшилцсөн эсэхийг шүүхээс шалгахад тус яамны сайдтай зөвшилцөөгүй болох нь нотлогдсон. Иймд аймгийн Засаг даргын захирамжид Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримталсан нь захиргааны актын алдаа гэж үзэж байна.
Мөн маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 заалт буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заалт баримталсан. Гэтэл Д.Г тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталсан нь захиргааны актын алдаа юм.
Ажлын хэсгийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Гэтэл уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн нэр дурдагдаж, түүнд холбогдох нэг л заалт байдаг.
Мөн ажлын хэсгийн дүгнэлтийн 1 дэх заалтад дурдагдсан Төсвийн хуультай холбоотой зөрчил нь аймгийн аудитын байгууллагын шалгалтын дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Аймгийн Хөгжимт драмын театр нь төрийн аудитад 2017, 2018 оны санхүүгийн баримтуудаа гаргаж өгч, шалгуулахад зөрчил, дутагдалгүй гэх дүгнэлт авсан ба жилийн эцсийн дүнгээр нягтлан бодогч нь бүх орлого, зарлагаа тайландаа тусгасан байдаг. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчид арга хэмжээ авсан нь бодит байдалд нийцэхгүй байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт заасан салбарын яамны “Жуух бичиг”-ийн нэрийг хусаж, сольж олгосон гэх асуудал яригддаг. Гэхдээ баримт бичигт буруу зөрүү бичигдэх андуурал гардаг боловч үүнийг нөхөж хийх боломжтой. “Жуух бичиг”-ийн эзэн дуучин Н.Цэнд-Аюуш нь салбарын яамнаас нөхөөд “Жуух бичиг”-ээ авсан байгаа. Баримт бичгийн алдаанаас болж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй юм.
Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог ба төвийг нэг жилээр баталж тайлагнадаг. Нягтлан бодох бүртгэлд орлого, зарлагыг бүртгээгүй нь нягтлан бодогчийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нягтлан бодогч нь тухайн жилдээ санхүүгийн баримтад тусгаж, үүнийг нь аудитын байгууллага шалгаж, зөрчилгүй гэх үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. Төсвийн жил нь дууссан байхад уг зөрчлүүдийг ярьж хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй юм.
Д.Г нь нягтлан бодогчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төсвийн жил дуусаж, тайлан гарсан бөгөөд энэ үед бүх алдаа засагдсан бөгөөд үүнийг нь аудитын байгууллага шалгаж, зөрчилгүй гэх дүгнэлт өгсөн. Төсөвт хохирол учруулсан зүйл байхгүй. Уг зөрчлүүдийг засах бололцоотой байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын оны Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан. Аймгийн Засаг даргын захирамж гарахдаа их хэмжээний орлого бүртгэлд тусгаагүй, бэлнээр мөнгө зарцуулсан гэх 2 үндэслэлээр гарсан байдаг. Энэ нь Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Мөн салбарын яамны “Жуух бичиг”-ийн нэрийг дур мэдэн өөрчилж, өөр хүнд өгсөн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж байгаа боловч ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудас хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлт, илтгэх хуудсыг үндэслэж ажлаас нь халсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь ажлын хэсгийн ахлагчид дүгнэлттэй холбогдуулан тайлбар хүргүүлсэн мөртлөө надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь хууль бус юм.
Нэхэмжлэгч нь ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тайлбар гаргахдаа тайлбарын 3 дахь хэсэгт санхүүгийн зөрчлүүд нь үнэн бөгөөд цаашид уг зөрчлийг дахин давтахгүй, төсөв санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөж ажиллах болно гэж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл одоо би ямар нэгэн алдаа гаргаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар үндсэн үйл ажиллагааны орлогоос 8191000 төгрөгийг нэр бүхий албан байгууллага, иргэнээс авах ёстой боловч үүнийг орлогод тооцож, авлагын баримтад тусгаагүй байгаа. Нэхэмжлэгч нь уг орлогын мөнгийг тусгаагүй нь цаана нь ямар зорилго агуулагдаж байсан бэ гэх зүйл яригдахаар байгаа.
2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хар ус нуурын сав газрын уулзалт зохион байгуулсны орлого 200000 төгрөгийг данс бүртгэлд тусгаагүй байдаг. Мөн хүүхдийн киноны орлого болох 50000 төгрөгийг мөн дансны бүртгэлгүйгээр чихэр жимсэнд зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт байдаггүй. Мөн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглосон хүүхдийн жүжгийн орлого 1234000 төгрөгийг бэлэг дурсгал, шатахуун, урсгал засвар, санхүүгийн программ зэрэгт зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч ямарч санхүүгийн анхан шатны баримт байдаггүй. Мөн өөрөө Улаанбаатар хотод явж байхдаа 200000 төгрөгийг зарцуулсан гэх боловч ямар баримт байдаггүй. 2018 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болсон ЭМОЦИ продакшны тоглолтын орлогыг бэлнээр нь нэхэмжлэгч Д.Г өөрөө авсан байдаг. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаар данс бүртгэлд тусгаагүй, анхан шатны баримтгүйгээр зарцуулсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дээрх орлогын үлдэгдэл 869000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан байдаг. Гэхдээ 2018 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдөр тус байгууллагад хяналт шалгалт очиход 869000 төгрөгийг түүний нөхөр нь төрийн сангийн дансанд хийсэн байдаг. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Христийн сүмийн үйл ажиллагаа явуулсны орлого болох 1200000 төгрөгийг мөн Д.Г нь бэлнээр авсан байдаг. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр уг мөнгийг аваад 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн дансанд өөрөө тушааснаас үзэхэд Д.Г нь уг мөнгийг нийт 5 сарын хугацаанд ашигласан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар бэлнээр орж ирсэн мөнгийг 24 цагийн дотор дансанд тушаах ёстой байдаг. 2018 онд нийт 93 үйл ажиллагаа явагдсанаас 2018 оны 10 дугаар сарын байдлаар 16 удаагийн үйл ажиллагаанаас орлого тооцож аваагүй байдаг. Хэрвээ орлого тооцож авахгүй байх тохиолдолд журамд заасны дагуу шийдвэр гаргаж, албажуулах шаардлагатай байдаг. Гэтэл энэ талаар ямар ч баримт байдаггүй.
Мөн дуучин Н.Цэнд-Аюушид олгохоор ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ийг дур мэдэн нэрийг нь өөрчилж, бүжигчин н.Болормаад өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ийм алдаа байдаг ба нөхөж олгодог гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн нөхөр нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 869000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан, мөн 1200000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаасан байгаа. Эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
Д.Г нь төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан ба ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдлүүд гаргасан учир ажлаас нь халах шийдвэр гаргах үндэслэл болсон юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдтай зөвшилцөөгүй гэж тайлбарлаж байна. Ажилтныг ажлаас халж байгаа тохиолдолд соёл урлаг хариуцсан төв байгууллагатай зөвшилцөх асуудал байхгүй. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т ажлаас чөлөөлөх, эсхүл ажилд томилох гэсэн 2 тохиолдолд зөвшилцөх ёстой гэж заасан. Гэхдээ захирамж дээр ажлаас чөлөөлөх гэж бичигдсэнээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч М.П шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсэгт Хөгжимт драмын театрт үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ тус байгууллагын 45 хүний гарын үсэгтэй өргөдөлд дурдсан төсөв санхүүтэй холбоотой болон шагналын нэрийг сольж олгосон зэрэг асуудлыг шалгаж, тус байгууллагын бүх ажилтнуудтай биечлэн уулзсан. Яамны “Жуух бичиг”-ийн нэрийг хусаад зогсож байхыг харсан, хамт хуссан хүмүүс нь үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байгаа.
Хөгжимт драмын театр нь байнгын үйл ажиллагаа явуулж, орлого олж байдаг байгууллага учраас орлогоо заавал төсөвт оруулж байж дансаар шилжүүлж гаргаж авдаг хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбогдуулан санхүүгийн хяналт аудитын газрын хяналт шалгалтын улсын байцаагч ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд зөрчсөн хуулийн зүйл заалтыг тодорхой гаргаж өгсөн байгаа.
Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6, 3.8.5, 3.13, 8.3 дахь заалтуудыг, Сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тушаалаар батлагдсан журмын 6.1.4, 7.2, 7.5, 8.1 дэх заалтуудыг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 35 дугаар зүйлийн 35.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь заалтуудыг хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М аас Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан “Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар[1] Д.Г г Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас халжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ[2] “... их хэмжээний орлогыг авлагын дансанд бүртгэлгүйгээр зарцуулсан, бэлэн мөнгийг зарцуулсан, салбарын яамны жуух бичгийн нэрийг дур мэдэн өөрчилж, өөр хүнд өгсөн гэх зөрчил гаргаагүй, уг асуудал надтай ямар ч хамааралгүй. Ховд аймгийн Засаг даргаас 2018 оны үр дүнгийн гэрээг үнэлж, илтгэх хуудасны дүнг танилцуулаагүй атлаа ажлаас халсан нь хууль зөрчсөн.” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“ Нэхэмжлэгчийг ажилд томилохдоо аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдтай зөвшилцсөн атлаа ажлаас чөлөөлөхдөө зөвшилцөөгүй нь Соёлын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчсөн. Ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн нэр дурдагдсан нэг л заалтаас бусад нь хамааралгүй. Нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгтэй холбоотой зөрчлийг залруулснаар 2017, 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар зөрчил, дутагдалгүй гэх дүгнэлт авсан тул уг үндэслэлээр нэхэмжлэгчид арга хэмжээ авсан нь бодит байдалд нийцэхгүй байна. гэж тус тус тайлбарлан маргана.
Нэг. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Аймгийн Засаг дарга 2018 оны 11 сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилжээ. Ажлын хэсэг 2018 оны 11 сарын 13-наас 14-ний өдрүүдэд Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын дүнг 2018 оны 11 сарын 15-ны өдөр тус газрын хамт олны хуралд танилцуулж[3], хяналт шалгалтын илтгэх хуудас, дүгнэлтийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргад танилцуулсан байна.[4]
Ажлын хэсгийн дүгнэлт гаргасан 6 асуудал тус бүрээр авч үзвэл:
Ажлын хэсгийн дүгнэлтийн 1-т: Хөгжимт драмын театрын дарга Д.Г нь Сангийн сайдын 2012 оны 12 сарын 21-ний өдрийн “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны тухай” 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6, 3.8.5, 3.13, 8.3 дахь заалтууд, Сангийн сайдын 2017 оны 06 сарын 22-ний өдрийн 216 тоот “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах хяналт тавих журам”-ын 6.1.4, 7.2, 7.5, 8.1 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 35 дугаар зүйлийн 35.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь заалтуудыг хангалтгүй хэрэгжүүлж байна гэжээ.
Дүгнэлтийн үндэслэлийн дэлгэрэнгүйг илтгэх хуудасны долоо дахь хэсэг /Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт/-ийн 1-ээс 11-д тодорхойлсон байна.
Хөгжимт драмын театр нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д тодорхойлсноор баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус байгууллага бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4.18-д зааснаар дарга нь тус байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагч байна.
Нэхэмжлэгч Д.Г нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.4.төсвийн байгууллагын үйл 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах төсвийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөрчил гаргаж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна, 44 дүгээр зүйлийн 44.3.Үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн болох нь ажлын хэсгийн илтгэх хуудсаар болон хэрэгт авагдсан тус байгууллагын санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Г нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмыг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгч нь ажлын хэсгийн дүгнэлтийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан[5], зарим зөрчлийг хяналт шалгалтаар залруулсан талаар талууд маргахгүй байх тул дүгнэлтийн 1 дэх хэсэгтэй холбоотой санхүүгийн зөрчил тус бүрээр дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М аас дүгнэлтийн 2, 3, 4 дэх хэсгийг нэхэмжлэгчийн нэр дурдаагүй учир түүнд хамааралгүй, маргаан бүхий актын үндэслэлд дурдагдаагүй гэж маргаж, хариуцагчаас агуулгын хувьд байгууллагын удирдлагад хамаарах заалт гэж тайлбарласан ч тус бүрийн үндэслэлийн талаар тодорхой тайлбарлаж маргаагүй байна.
Хөгжимт драмын театрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай /2002он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаал,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д төсвийн шууд захирагч, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 -д зааснаар соёлын үйл ажиллагаа эрхлэх байгууллагын удирдлагад хамаарна.
Хөгжимт драмын театрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод[6] ажлын байрны үндсэн зорилтын 1-т “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг удирдлага болгон Засаг дарга болон Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан гэрээний хүрээнд үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажил үйлчилгээг хянах; 2-т “Аймгийн Засаг дарга болон БСГ-ын даргатай байгуулсан гэрээ, байгууллагын ажил, уран бүтээлийн төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, удирдлагаар хангах, шийдвэр гаргах, биелэлтийг хангах гэж, аймгийн Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний 2.1-т төсвийн шууд захирагчийн хувьд хэрэгжүүлэх эрх, үүргийг тусгасан нэгжийн буюу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг болох талаар заажээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийн 2-т: Соёлын тухай хуулийн 22.1.2-д заасан соёлын ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, мэргэжлийн онцлогтой холбоотой нэмэгдэл хөлс олгох талаар заалтын хэрэгжилт хангалтгүй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.”, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Соёлын ажилтан нь хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогийг харгалзан нэмэгдэл цалин, урамшил, эрдмийн зэрэг, цолны болон ур чадварын нэмэгдэл хөлс олгоно; гэж заасан тул ажил олгогч нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудалд хамаарна.
Ажлын хэсгийн дүгнэлтийн 3-т: Хамт олны төлөөллөөс хамтын гэрээний төслийг боловсруулж удирдлагад танилцуулсан байх ч хамтын гэрээ хийгдээгүй байна гэжээ. Энэ талаар илтгэх хуудсын 12-т хамт олны төлөөллөөс хамтын гэрээний төслийг 4 сарын өмнө байгууллагын удирдлагад танилцуулсан гэж тодруулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“ хамтын гэрээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо”, 12 дугаар зүйлийн 12.4.Хэлэлцээ хийх тухай мэдэгдэл хүлээн авсан тал дор дурдсан хугацаанд хэлэлцээг эхлэх үүрэгтэй: 12.4.1.хамтын гэрээ байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор; гэж заасан тул хамтын гэрээг хуульд заасан хугацаанд байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийн 4-т, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаарын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэжээ.
Уг журмын 1.10-д ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
Хяналт шалгалтын хүрээнд Хөгжимт драмын театрын ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа, ганцаарчилсан ярилцлагын үр дүнд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагын арга барил, хамт олонч байдал зэргийг тодорхойлж дээрх дүгнэлт хийж хамт олны хуралд танилцуулсан болох нь ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунчимэгийн мэдүүлэг, хурлын тэмдэглэлээр[7] тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ын ажлын хэсгийн дүгнэлтийн 2, 3 , 4 дэх хэсэг нь нэхэмжлэгчид хамааралгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Дүгнэлтийн 5-т: Дуучин Б.Цэнд-Аюушд ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг” –ийн нэрийг дур мэдэн хусч арилган бүжигчин М.Болормаад өгсөн гэжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/661 дүгээр тушаалаар Хөгжимт драмын театрын дуучин Б.Цэнд-Аюушийг 4-2018-149 дугаар бүхий соёлын хүндэт жуух бичгээр шагнажээ.
Сайдын тушаалын дагуу 4-2018-149 дугаартай жуух бичигт дуучин Б.Цэнд-Аюуш нэр бичигдэн ирснийг нэрийг хусч арилган бүжигчин М.Болормаад олгосон болох нь гэрч Ц.Алтанхишиг[8],Б.Ариунзаяа[9], М.Борлормаа[10] нарын мэдүүлэг болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[11] тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ын ажлын хэсгийн дүгнэлтийн 2,3,4 дэх хэсэг нэхэмжлэгчид хамааралгүй, 5 дахь хэсгийг хяналт шалгалтаар шалгаж тогтоогоогүй гэх тайлбар нь дээрх үйл баримтууд болон хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, ажлын хэсгийн дүгнэлтийн 6 асуудал нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллах байгууллагын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой байх тул түүний нэрийг дурдаагүй гэх үндэслэлээр гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Иймд ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүд нэхэмжлэгчид хамааралтай бөгөөд хяналт шалгалтаар тогтоогдсон ,маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч маргаан бүхий актыг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гаргасан. Шүүхээс ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж тогтоосон тул энэ талаар дахин нотлохыг шаардахгүй зөвхөн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Г гийн эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаал тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж зааснаар хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.
Маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална.” гэх үндэслэлийн тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.5-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.”,
15.5.2-д “Мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан“ гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.
Эндээс үзвэл маргааны талууд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтанд хамаарах ,Төсвийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар байна.
Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлэх ажилладаг .
Иймд хариуцагчаас нэхэмжлэгч нь байгууллагын төсөв, санхүүгийн талаар хэрэгжүүлэх чиг үүргийг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг зөрчсөн талаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцсоныг буруутгахааргүй байна.
Хариуцагчаас актад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах заалтыг давхар баримталсан хууль хэрэглээний хувьд буруу боловч энэ нь нэхэмжлэгч Д.Г гийн гаргасан зөрчлийг зөвтгөх, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “... аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө... гэх үндэслэлийн тухайд:
Соёлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэж тодорхойлжээ.
Эндээс үзвэл уг хуулиар соёлын байгууллагын удирдлага, ажилтны соёлын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, уг үйл ажиллагаанд оролцогчид хоорондын харилцааг зохицуулах ба соёлын байгууллагын удирдлагын томилж, чөлөөлөхтэй холбоотой заалт нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар соёлын байгууллагыг удирдах тухайн салбарын мэргэжил, туршлагын шаардлага хангасан хүнийг сонгож ажиллуулахтай холбоотой удирдлага зохион байгуулалтын шинжтэй зохицуулалт юм.
Харин төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн тухайд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарч байх тул дээрх хуулийн зохицуулалтыг заавал шаардахгүй.
Учир нь “зөвшилцөх” гэдэг нь хууль зүйн хувьд “эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэлээр холбогдох албан тушаалтантай санал солилцох, саналын хариуг хүргүүлэх” гэсэн агуулгаар тайлбарлагдах ба төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан нь эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, хууль болон нэхэмжлэгч Д.Г гийн эрхийг зөрчөөгүй гэж үзлээ .
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарласан, хэрэгт авагдсан захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсох ажиллагаа явуулах мэдэгдэлд[12] нэхэмжлэгч Д.Г гарын үсэг зурсан байх тул захиргааны үйл ажиллагааны талаар Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим зөрчигдөөгүй байна.
Иймд маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл, баталгаа зөрчигдөөгүй байна гэж дүгнэж, Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г гийн “Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 сарын 06- ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх” Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
[1] хх I-ийн 1-2 дахь тал
[2] хх I-ийн 4 дэх тал
[3] хх II-43-51 дэх тал
[4] хх I-ийн 175 дахь тал
[5] хх I-ийн 19-20 дахь тал
[6] хх II –ийн 38 дахь тал
[7] хх II-ийн 43-51 дэх тал
[8] хх I -ийн 177-178 дахь тал
[9] хх I- ийн 182-183 дахь тал
[10] хх I-ийн 191-192 дахь тал
[11] хх I-ийн 194-195 дахь тал
[12] хх I-ийн 21 дэх тал