Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э,                                                                                                                    

улсын яллагч Д.Хорлоо,­

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

шүүгдэгч П.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ж-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол улсын иргэн, 19.. оны .. сарын...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын 4 дүгээр баг ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............., П.Ж

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.Ж нь 2021 оны 01 сарын 03-ны шөнийн 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн М сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт ИШ-т гэх газарт оршин суух Б.Б гэх айлд иргэн О.А-н нүүрэн тус газарт гараараа зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны цусан хураа, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Н-н хүүгийн ажил явдалд очсон. Тэгээд Б.Б гэх айлд Б, Г.С, А бид дөрөв очсон. Машинд байсан 0.5 литрийн шилний талаас доогуур спиртийг найруулж уусан. С, Б, Б, А, О бид нар 6 талын тавил хөзөр тоглоод хожигдсон нь талаа духдахаар тоглосон. Манай тал эхэлж хожоод би Б-г нэг удаа духадсан. Дараа нь Б-н тал хожоод А миний дух болон нүүрний хэсэгт 3 удаа цохисон. Тэгэхээр 1 удаа цохисон. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжилсэн зүйл байхгүй. Уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч П.Ж-ы: Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Б.Б гэх айлд  Б, Г.С, А бид дөрөв очсон юм. Би өөрийн машин дотор байсан 0.5 литрийн шилний талаас доогуур байсан спиртийг БЭ-н гэрт оруулж найруулаад С, Б, А бид хувааж ууж дуусгаад 6 талын тавил хөзөр С, Б, Б, А, О бид нар тоглоод хожигдсон нь талаа духдахаар тоглосон. Тэгээд тоглоод манай тал хожоод би Б 1 удаа духадсан. Дахин тоглоход Б-н тал хожсон. А миний дух болон нүүрний хэсэгт 3 удаа цохисон. Тэгэхээр 1 удаа цохисон. А нь намайг та эмэгтэй хүнийг зодлоо гэж ярьж байгаад амарсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан байна. Би тухайн үед О.А-тай маргалдаж муудсаны улмаас миний баруун нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан байсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй. А надаас нэхэмжилсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-33-34/

 

- Хохирогч О.А-н: .Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цагийн үед Т, С, О, Ж бид нар тус багийн ИШ-т гэх газар оршин суух Б.БЭ-н гэрт очсон юм. БЭ-н гэрт юм яриад сууж байхад Ж ах гэрээс гараад машин дотроосоо 1 литрийн ундааны савтай спирт оруулж ирсэн. Ж ахын оруулж ирсэн спиртийг Т, С, Б, О, Ж бид зургаа хувааж ууж дуусгаад гурав гурваараа хуваагдаад талын хөзөр тоглосон юм. Манай тал эхлээд хожигдоход Ж ах Т гэх хүнийг хожигдсон тал дух ав гээд нэг удаа гараа атгаж байгаад Тгийн духны хэсэгт цохисон. Дахин тоглоод манай тал хожсон. Би Ж ахын дух руу баруун гараараа нэг удаа цохиод Ж ахын дээрээс дарж унахад Ж ах гараараа миний зүүн талын нүдний хэсэгт нэг удаа цохисон. Одоо миний биед гэмтэл зовуурь байхгүй. Би хөдөө байдаг болохоор нааш, цааш явж чадахгүй болохоор шүүх хуралд оролцмооргүй байна. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- 4-6, 10-11/,

 

-Гэрч Ц.Б-н: Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ИШ-т гэх газар байх өөрийн хүрэн Б.БЭ-н гэрт байж байхад орой 22 цагийн үед манай хүргэн Б.БЭ-н гэрт Ж, О, Б, С, А нар талийгаач Н.О-н ажил явдлаар ирсэн юм. Хүргэний гэрт юм яриад сууж байхад П.Ж нь гараад машинаасаа спирт авч орж ирсэн. Тэгээд Ж-ы оруулж ирсэн спиртийг Ж, О, Б, С, А бид зургаа хувааж уусан юм. Маргааш өглөө эрт ажил явдалд явах юм чинь хэдүүлээ хуваагдаад талын хөзөр тоглоё гээд Ж хэлсэн. Тэгээд дахин тоглоход А-н тал хожиход О.А нь Ж-ы духны хэсэгт гараараа цохиод Жы дээрээс унасан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Маргааш өглөө нь нь О.А-н нүд хөхөрч хавдсан байсан. Тэгэхэд О.А нь та намайг өчигдөр шөнө тоглож байхдаа цохисон байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/

 

- Гэрч Ц.О-ы: Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед Б-н машинтай Ж, О.А, С, Б бид тав талийгаач Н.О-н ажил явдал дээр юм хийж байгаад хүргэн Б.БЭ-н гэрт ирсэн юм. Манай хүргэн Б.БЭ-н гэрт манай нөхөр Ц.Б болон манай хоёр ач хүргэн дөрөв байсан. Хүргэний гэр юм яриад байж байхад Ж нь гэрээс гараад машинаасаа спирт авч орж ирсэн. Тэгээд Ж-ы оруулж ирсэн спиртийг Ж, Б, С, А болон манай нөхөр Ц.Б бид зургаа хувааж уусан юм. Тэгээд талын хөзөр тоглоё гээд Ж хэлсэн. Тэгээд дахин тоглоход манай тал хожиход А нь Ж-ы духны хэсэгт гараараа цохиод Ж-ы дээрээс унасан тэгтэл А та намайг цохичихлоо ш дээ гээд Ж-д хэлж байсан. Тэгээд одоо хэдүүлээ тоглохоо больё гэж хэлээд бүгд амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь А-н нүд хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-16-18/

 

- Сүхбаатар аймгийн М сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-21/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 43 дугаартай “О.А-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны цусан хураа, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- 22/

 

-Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр багийн Засаг даргын 2021.01.22-ны өдрийн 4/45 дугаартай тодорхойлолт /хх-40/

 

-П.Ж-ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/

 

-П.Ж-ы Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-43/

 

-Хохирогч О.А-н Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан  “Сүхбаатар аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ИШ-т гэх газар оршин суух О овогтой А намайг 2021.01.03-ны шөнө тус багийн иргэн БЭ-н гэрт БУ сумын 4 дүгээр багийн иргэн П.Ж нь зодож миний биед гэмтэл учруулсан гэх хэрэгт миний зүгээс гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлт /хх-48/

 

- П.Ж-ы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-49/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 12 дугаартай санал /хх-53-54/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Ж нь 2021 оны 01 сарын 03-ны шөнийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ИШ-т гэх газарт оршин суух Б.БЭ-н гэрт иргэн О.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “ зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны цусан хураа, духанд зөөлөн эдийн няцрал бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б гэх айлд Б, Г.С, А бид дөрөв очсон. Машинд байсан 0.5 литрийн шилний талаас доогуур спиртийг найруулж уусан. С, Б, Б, А, О бид нар 6 талын тавил хөзөр тоглоод хожигдсон нь талаа духдахаар тоглосон. Манай тал эхэлж хожоод би Бг нэг удаа духадсан. Дараа нь Б-н тал хожоод А миний дух болон нүүрний хэсэгт 3 удаа цохисон. Тэгэхээр 1 удаа цохисон ” гэх,

гэрч Ц.Б-н ”...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед манай хүргэн Б.БЭ-н гэрт Ж, О, Б, С, А нар ирсэн юм. Ж-ы оруулж ирсэн спиртийг Ж, О, Б, С, А бид зургаа хувааж уусан юм. Маргааш өглөө эрт ажил явдалд явах юм чинь хэдүүлээ хуваагдаад талын хөзөр тоглоё гээд Ж хэлсэн. Дахин тоглоход А-н тал хожиход О.А нь Ж-ы духны хэсэгт гараараа цохиод Жы дээрээс унасан. тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь нь О.А-н нүд хөхөрч хавдсан байсан. Тэгэхэд О.А нь та намайг өчигдөр шөнө тоглож байхдаа цохисон байна гэж хэлж байсан” гэх,

гэрч Ц.О-ы “...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед Б-н машинтай Ж, О.А, С, Б бид тав хүргэн Б.БЭ-н гэрт ирсэн юм. Талын хөзөр тоглоё гээд Ж хэлсэн. Дахин тоглоход манай тал хожиход А нь Ж-ы духны хэсэгт гараараа цохиод Ж-ы дээрээс унасан. Тэгтэл А та намайг цохичихлоо ш дээ гээд Ж-д хэлж байсан. Тэгээд одоо хэдүүлээ тоглохоо больё гэж хэлээд бүгд амарцгаасан. Маргааш өглөө нь А-н нүд хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 43 дугаартай “О.А-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны цусан хураа, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч П.Ж нь хөзөр тоглох явцдаа хохирогч О.А-н дээрээс нь унаж цохисон гэх үйлдлээс шалтаглан түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч П.Ж-ы хохирогч О.А-г цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

П.Ж-ы үйлдлийн улмаас хохирогч О.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэрэгт мэдүүлсэн /хх- 11,48/ тул шүүгдэгч П.Ж-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос П.Ж-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч П.Ж-ы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй “ гэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд П.Ж-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

П.Ж-ы зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч П.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч П.Ж-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч П.Ж-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч П.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.А гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН