Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Т сумын .... дугаар баг ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............., Г.Н

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 01 сарын 02-ны өдөр оройн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Т сумын 3 дугаар баг .......... тоотод байх өөрийн гэрийн гадна иргэн Д.Ц-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “ хамар, духанд няцралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед манай хаалгыг хүчтэй цохиод байсан. Тэгээд хаалгаа нээхэд гараа дайлаагаад байхаар нь хоёр удаа цохисон. Д.Ц манай цонхыг хагалчихаар нь 2 цохисон. Манай цонхыг шиллэж өгсөн. Хохирогч гомдолгүй гээд нотариатаар батлуулсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.

- Яллагдагч Г.Н-н: 2021 оны 01 сарын 02-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Т сумын 3 дугаар баг ............ тоотод байх гэртээ найзуудтайгаа хэдэн пиво ууж дуусаад Б гэх хүний хамт байж байтал манай гэрийн хаалгыг нэг хүн хүчтэй балбаад байхаар нь уур хүрээд гэрийнхээ хаалгыг нээж өгөхөд Д.Ц нь байхаар шууд нүүр рүү нь 2 удаа цохиод гэр рүү гээ яв гэж хэлсэн. Би тухайн үед нэлээн халамцуу байсан. Гэтэл урд талын вакум цонхыг хүн хагалчихаар нь гэрийн гадаа гараад хартал Д.Ц нь байхаар нь уур хүрээд дахин 2 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд Д.Ц-н хамраас цус гарч байсан. Би Д.Ц-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Маргааш нь буюу 2021 оны 01 сарын 16-ны өдөр Д.Ц нь манай гэрийн цонхыг янзалж өгнө гэсэн. Тухайн үед бид хоёрын хажууд өөр ямар нэгэн хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-24-25/,     

 

- Хохирогч Д.Ц-н: 2021 оны 01 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед гэртээ ганцаараа “Н” нэртэй 0.5 гр лаазтай пивыг ууж дуусгачхаад орой Н гэх айл руу 18 цагийн үед хаалгыг нь балбасан чинь гарч ирээд намайг цохиод авсан юм. Тэгээд буцаад гэр рүүгээ орсон юм. Би байшингийх нь цонхыг гараараа цохиж хагалсан юм. Тэгтэл Н гэрээсээ гарч ирээд намайг цонх хагаллаа гээд намайг гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон юм. Миний нүд хөхөрсөн, хамар жаахан мурийсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх- 6-9/,

 

- Сүхбаатар аймгийн Т сумын эрүүл мэндийн төвийн эмч Э-н тодорхойлолт /хх-11/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 38 дугаартай “ Д.Ц-н биед хамар, духанд няцралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- 12-13/

 

- Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хх-33/ Г.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/

 

  • Г.Н-н Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-29-30/

 

- Г.Н, Д.Ц нарын эвлэрсэн талаарх Тойргийн нотариатч Г.Д-н гарын үсгийн баримт /хх-32/

 

- Г.Н, З.А нарын .............. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-34/

 

- Г.Н-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-41/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 06 дугаартай санал /хх-44-45/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 01 сарын 02-ны өдөр оройн 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Т сумын 3 дугаар баг ............ тоотод байх өөрийн гэрийн гадаа иргэн Д.Ц-н нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж эрүүл мэндэд нь “ хамар, духанд няцралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед манай хаалгыг хүчтэй цохиод байсан. Тэгээд хаалгаа нээхэд гараа дайлаагаад байхаар хоёр удаа цохисон. Д.Ц манай цонхыг хагалчихаар нь 2 цохисон. Манай цонхыг шиллэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй ” гэх,

хохирогч Д.Ц-н “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны  орой 17 цагийн үед гэртээ ганцаараа “Н” нэртэй 0.5 гр лаазтай пивыг ууж дуусгачхаад  18 цагийн үед Н гэх айл руу очоод хаалгыг нь балбасан чинь гарч ирээд намайг цохиод авсан юм. Би байшингийх нь цонхыг гараараа цохиж хагалсан юм. Тэгээд Н гэрээсээ гарч ирээд намайг цонх хагаллаа гээд намайг гараараа цохисон юм. Миний нүд хөхөрсөн, хамар жаахан мурийсан ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 38 дугаартай “ Д.Ц-н биед хамар, духанд няцралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Г.Н нь байшингийн цонх хагаллаа гэх  шалтгаанаар үүссэн маргааны улмаас Д.Ц-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Г.Н-н хохирогч Д.Ц-г цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Г.Н-н үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж Г.Н-тэй эвлэрсэн  болох нь тус аймгийн нотариатч Г.Д-н гарын үсгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Г.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Г.Н-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн  ” гэдгээ илэрхийлж нотариатаар батлуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Г.Н-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

Шүүгдэгч Г.Н-н зүгээс торгох шийтгэлийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй, нотлох баримт өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Г.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Г.Н-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Н-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН