| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0019/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,
Хохирогч Б.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А,
Шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ч-т холбогдох 2130000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны ... сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн БУ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг “БӨ” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дугаар баг “БӨ” гэх газар оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь зүүн чамархайн урд хэсэгт шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы ар дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр хониндоо явахдаа манайхтай ойрхон байдаг З гэх айлаар очсон. Намайг очиход хөрзөнгөө гишгэж байхаар тусалсан. Хоол идчихээд яв гээд, пиво уусан. Орой гэртээ ирэхэд манай эхнэр маргааш Г ахынх хөрзөнгөө гишгэнэ гэж байна чи явах юм уу гэхээр юм хэлээгүй. Тэгээд бид хоёр маргалдсан. Жаазны модыг авч эхнэр рүүгээ шидэхэд нь зүүн талын нүдийг оносон. Одоо эвлэрсэн. Гомдол санал байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
-Хохирогч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр эхэлж би хэрүүл өдсөн. Урьд талын айлтай таарамж муутай байдаг. Миний хажууд сав байхаар нь Ч руу шидсэн. Тухайн үед Ч орон дээр хэвтэж байсан. Хананд байсан хатгамлын шил нь хагарсан. Тэгээд Ч чи над руу юм шидлээ гээд босож ирээд жаазыг буцаагаад над руу шидсэн. Миний хувьд айлын ганц охин болохоор шартай. Бид хоёр бие биеийнхээ үгийг даахгүй мууддаг. Одоо эвлэрсэн, гомдол санал байхгүй...гэв.
- Яллагдагч С.Ч-н: Би өглөөний 11 цаг гээд гэрээсээ гарч З гэх айлынд очиж хөрзөн гишгэж өгөөд явах гэтэл З нь хоол хийж, хөрзөн гишгэж өгсөн хүмүүст жижиг лаазтай пиво өгөхөөр нь уугаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд байж байтал эхнэр А нь надад “ хэд хоногийн өмнө нь манай урд айлын Г ах чамайг ажлынхаа зав чөлөөгөөр хөрзөн гишгээд өгөөрэй гэж хэлсэн “ гэхээр нь юм хэлээгүй юм. Тэгтэл надад хэлсэн үгээ дахин уурлангуй хэлэхээр нь “ нэг юмаа хэдэн удаа давтаж хэлдэг юм бэ “ гээд уурлахад миний өөдөөс ундааны савтай юм аваад шидэхэд миний толгойг онож, гэрийн хананд байсан жаазтай Мөнгөний модны шилийг хагалчихаар нь би уурандаа тухайн жаазыг эвдээд жаазны хэлтэрхийг модыг эхнэр Б.А руу шидэхэд нь зүүн талын нүдийг оносон. Тэгээд би Б.А-н зүүн гарнаас нь татаж газар унагаагаад айлгах гээд гараараа далайтал “ чамд зодуулаад байж чадахгүй танайхаас явлаа “гэхээр нь цамцнаас татаж чиртэл “ эхнэр би чамаар гэрээсээ хөөлгөж гармааргүй байна. Би өөрөө гэрээсээ гараад явна “ гэж хэлээд гэрээс гараад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшээд эхнэр Б.А-с уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Бид хоёр одоо хамт амьдарч байна. гэх мэдүүлэг /хх-4-5/,
-Хохирогч Б.А-н: 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед хоолоо хийгээд сууж байтал, манай нөхөр Ч нь саахалт айлын З гэх айлд хөрзөн гишгэж ирэхдээ пиво уучхаад ирлээ гэсээр орж ирсэн юм. Би нөхөртөө хандан “ маргааш Г ахынх руу хөрзөн гишгэхээр явах юм уу “ гэж асуухад “ чамд ямар хамаатай юм бэ “ гээд уурлаад элдвээр хэлээд хараагаад байсан тул би уурлаад сандал аваад толгой дээгүүр чулуудсан чинь хананд байсан зураг ойчоод өгсөн юм. Гэтэл манай нөхөр уурандаа унасан жаазны хүрээ аваад над руу чулуудсан чинь миний нүүрэнд оносон юм. Дараа нь намайг орон дээр унагаагаад нүүр рүү болон хөл рүү цохисон юм. Намайг босоод иртэл цамцнаас зулгаагаад чирч гаргаад “ манайхаас яв зайл “ гээд загнаад байсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 2012 онд анх гэр бүл болсон, тэгээд хүний эхнэр болоод удаагүй, нас бага, айлын эрх охин байсан болохоор үг гээхгүй хэрэлдэж муудаж байсан маргалдаж байгаад хоёр биенээ цохих зүйл гардаг байсан. Гэмтэл учирмаар цохиж зодож байгаагүй. Үхмээр санагдаад оролдлого хийж байгаагүй. Би өөрөө хурц ааштай шар хүрээд нэг удаа бодож байсан. Одоогоос 5-н жилийн өмнө байх тэрнээс хойш тийм бодол төрж байгаагүй. 2020 оны 05 дугаар сард “ гэртээ ирэхгүй айлд суулаа “ гээд загнасан юм. Тэр үед айлд очоод хэвтээд байхаар нь хэлсэн чинь “ айлын авгайтай хардаад байгаа юм уу “ гэхээр нь “ дандаа ганцаараа байх хэцүү байна “ гээд уур хүрээд өөдөөс нь дайрсан чинь миний гарын хоёр шуун дээрээс бариад тавихгүй базаад гар хөхөрсөн. Тэрнээс өөрөөр бол намайг зодож цохисон зүйл байхгүй. Манайх ганц гэрээр нутагладаг бид хоёрын муудаж маргалдах асуудлыг мэдэх хүн байхгүй, эмнэлгийн тусламж авахаар муудаж маргалдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-7-8, 15-16/
- Гэрч Б.А-н: 2020 оны 12 дугаар сарын 17-ны 17 цагийн үед манай эгч А хөдөөнөөс над руу утсаар яриад “ нөхөртэйгөө муудсан ,эгчийн дүү ирээд аваач “ гэхээр нь цагдаа руу утсаар мэдэгдээд, гурван цагдаагийн хамт аймгаас баруун хойш 70-н км-т байх БӨ гэх газар руу очиж авчирсан. Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан, сайн мэдэхгүй байна. Архи үнэртээгүй. Манай эгчийн нүд нь хөхөрсөн байсан. Өмнө нь зодож цохиж байгаагүй, надад сонсогдсон зүйл байхгүй. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-17/,
- Шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай “ Б.А-н биед зүүн чамархайн урд хэсэгт шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-21-22/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-9-11/
-С.Ч-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/
- Сүхбаатар аймгийн БУ сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 8/982 дугаартай тодорхойлолт /хх-28/
- С.Ч-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/
-С.Ч-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-40/
-2021 оны 01 сарын 19-ний өдрийн 03 дугаартай Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэгтэй тухай Прокурорын санал /хх-43-44/
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг “БӨ” гэх газар оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.А-г жаазны хэлтэрхий модоор чулуудах, гарыг нь базаж барих зэргээр зодож эрүүл мэндэд нь “ зүүн чамархайн урд хэсэгт шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы ар дунд хэсэгт цус хуралт бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч С.Ч-н мөрдөн байцаалт болох шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Тухайн өдөр хониндоо явахдаа манайхтай ойрхон байдаг З гэх айлаар очсон. Намайг очиход хөрзөнгөө гишгэж байхаар тусалсан. Хоол идчихээд яв гээд, пиво уусан. Орой гэртээ ирэхэд манай эхнэр маргааш Г ахынх хөрзөнгөө гишгэнэ гэж байна чи явах юм уу гэхээр юм хэлээгүй. Тэгээд бид хоёр маргалдсан. Жаазны модыг авч эхнэр рүүгээ шидэхэд нь зүүн талын нүдийг оносон. Одоо эвлэрсэн. Гомдол санал байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,
хохирогч Б.А-н “Тухайн өдөр эхэлж би хэрүүл өдсөн. Урьд талын айлтай таарамж муутай байдаг. Миний хажууд сав байхаар нь Ч руу шидсэн. Тухайн үед Ч орон дээр хэвтэж байсан. Хананд байсан хатгамлын шил нь хагарсан. Тэгээд Ч чи над руу юм шидлээ гээд босож ирээд жаазыг буцаагаад над руу шидсэн. Одоо эвлэрсэн, гомдол санал байхгүй “ гэх,
гэрч Б.А-н “ 2020 оны 12 дугаар сарын 17-ны 17 цагийн үед манай эгч А хөдөөнөөс над руу утсаар яриад “ нөхөртэйгөө муудсан, эгчийн дүү ирээд аваач “ гэхээр нь цагдаа руу утсаар мэдэгдээд, гурван цагдаагийн хамт аймгаас баруун хойш 70-н км-т байх БӨ гэх газар руу очиж авчирсан. Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан, сайн мэдэхгүй байна. Архи үнэртээгүй. Манай эгчийн нүд нь хөхөрсөн байсан..гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 12 дугаартай “ Б.А-н биед зүүн чамархайн урд хэсэгт шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтаар С.Ч нь хоорондын үл ойлголцлоос эхнэр Б.А-н өөр рүү нь юмаар шидсэн зүй бус үйлдлээс шалтаглан маргаан үүсгэн, түүнийг жаазны модоор шидэж нүүрэнд нь онож, бугалаас базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,
3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ”-ийг “ гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,
6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.
Энэ хэргийн шүүгдэгч С.Ч, хохирогч Б.А нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2012 оноос хамт амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан дээрх шинжүүдээр авч үзвэл тэдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч Б.А гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хийгээд шүүгдэгч С.Ч-н, хамтран амьдрагч Б.А-г зодсон үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.
Шүүгдэгч С.Ч-н, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.
Шүүгдэгч С.Ч-н, хамтран амьдрагч Б.А-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ шүүхийн хуралдаанд мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч С.Ч-н энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ч-н хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, энэ хэргийн хохирогч Б.А нь ахуйн асуудлаас, ялимгүй зүйлээр шалтаглан С.Ч руу юм шидэж зүй бус үйлдэл гарган маргааныг эхлүүлсэн ба энэ хууль бус үйлдлээс шалтаглан тэрээр хохирогчийг жаазны модоор шидэх, гарыг базах зэргээр зодож гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос С.Ч-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч С.Ч-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг татгалзаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Ч-тод холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхдээ шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар үзэж төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.
Шүүгдэгч С.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан С.Ч-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН