| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0035/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
хохирогч С.Д,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., аав, ээж, ахын хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................., Т.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн БУ сумын ....дугаар баг ЗЧ гэх газарт машины гадна болон дотор иргэн С.Д-н үснээс зулгаах, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн урд хэсгийн үс халцралт, няцралт, дух, хамар, 2 нүдний зовхи, зүүн шанаа, зүүн өгзөгний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Д-тэй хамт Сүхбаатар сум руу хамт явсан. Явах замдаа намайг хэл амаар доромжилсон. Тэгээд Д-г үсэдсэн. Уучлалт гуйхаар очиход гарч ирэхгүй байсан. Хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй...гэв.
-Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг видео чатаар хүнтэй ярьж байхад “ чи ямар өвгөн хүнтэй яриад байгаа юм бэ “ гэхэд нь “ би чамд ямар хамаатай юм бэ” гэхэд “ чи дүүтэйгээ хамт янхан биз дээ “ гэж хэлсэн. Тухайн үед миний бие өвдөөд хэвтэж байсан учраас гарч очиж чадаагүй. Э-тай уулзах гээд Х-с утасны дугаарыг авч залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Цагдаагийн байгууллагаас над руу Э-г асуугаад байсан. Тэгээд өчигдөр уулзсан. Өмнө нь уулзаагүй. Эмчилгээ хийлгээгүй. Тухайн үйл явдал болсноос хойш олгойны мэс засалд орсон. Одоо толгой өвдөөд дотор муухайрдаг. Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй ...гэв.
- Яллагдагч Т.Э-н: Д-г аваад аймгаас Сүхбаатар сум руу 21 цагийн орчим гараад 10 гаран км газарт очиж зогсоод бид нар 2.5л “Н” нэртэй пиво уугаад байж байтал Д нь “намайг гичий, янхан “гэх мэтээр хэл амаар доромжлоод үгээр дайраад байхаар нь миний уур хүрч Д-н үснээс зулгааж нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгсэн машин дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед бол Д нь миний мөр рүү 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-34-35/,
- Хохирогч С.Д-н: 2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө найз Т-нд байхад над руу Х яриад би найзуудтайгаа Сүхбаатар сум явах гэж байна, чи цуг явах уу, явна гэвэл би очоод авъя гэхээр нь зөвшөөрсөн. 20-30 минутын дараа Приус-20 маркийн .......... улсын дугаартай машинтай Х, Т, мөн танихгүй 4-н залуугийн хамт ирээд аймгаас 22 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар сум руу гарсан. Замдаа З-н овооны зүүн талд зогсож бид нар 2.5 литрийн Н нэртэй пиво 3-н савыг уусан. Тэгсэн Т нь “ намайг янхан, гичий, хөгшин хүүхэн, чи надтай харьцдаг хүн биш, чи дүү охинтойгоо 5000 төгрөгөөр биеэ үнэлээд явдаг биз дээ” гээд миний үснээс зулгааж машинаас татаж буулгаад газарт унагаан нуруу руу 3-4 удаа өшиглөсөн, мөн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй, цуг явж байсан залуучууд нь Т-г “ чи хүн зодож болохгүй “ гээд надаас салгаж машин руу оруулсан. Би араас нь машин руу ороод суутал Т нь машин дотор дахиж үснээс зулгаан аймхай руу өвдөглөсөн, би тэр үед амьсгаа авч чадахгүй байдалтай байсан. Машины жолооч Т-г боль хүн алах нь гэж хэлснийг сонссон, Т нь би энийг гүйцээ чихье гээд дайраад байсан. Машиных нь жолооч “ наад хүн чинь үхлээ, чи урагшаа суу “ гэхээр нь би урд нь суусан. Тэгсэн Т, Х хоёр “ чи машины урд суулаа, хаан юм муу хаашаа юм “ гээд Х эхэлж үснээс зулгаан Т нь залгаад ерөөсөө тавихгүй байсан. Мөн л цуг явж байсан хүмүүс салгаж болиулсан. Тэрнээс хойш би болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн шөнийн 04 цагийн үед аймагт орж ирээд гэртээ буусан, бусад хүмүүс нь хаашаа явсныг мэдэхгүй байна. Миний толгой өвдөж байна. Үс туг тугаараа унасан хамар хавдсан байдалтай байна. Би нэлээн их пиво уусан түүндээ болоод тэр үү зарим зүйлээ санахгүй байна. Х хань болоод Сүхбаатар сум явчих гэсэн, Сүхбаатар сум очсон үгүйг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-5-7/
- Гэрч Т.Х-н: Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд өөрийн найз болох Т, Б, Б, О, Э нарын хамт Сүхбаатар сум руу О гэх хүний машиныг чирч авчрахаар явсан. Би аймгаас гарахынхаа өмнө Д-тэй утсаар яриад “ хамт Сүхбаатар сум явчхаад ирье, манай найзууд бас байна “гэхэд Д нь зөвшөөрсөн. Д-г 60 айлаас очиж аваад Б-н Приус 30 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид нар аймгаас Сүхбаатар сум руу 22 цагийн орчим гарсан. Аймгаас зүүн тийш 10 гаруй км-т “З” гэх газарт зогсож бид нар 2.5 л Н нэртэй пиво 3 ширхгийг бүгдээрээ хувааж уусан ба Б нь машин барина гээд бараг уугаагүй. Намайг бие засчхаад ирэхэд Д нь Т-г “ янхан гичий, банзал, би чамайг мэдэх юм байна “ гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байсан ба Т нь машин дотор шууд Д-н үснээс зулгаагаад гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Д нь эсэргүүцэл үзүүлж Т-н хөл рүү нь өшиглөснийг бас харсан. Бид нарыг тэр хоёрыг арай гэж салгаад Д-г урд талын суудал дээр суулгахад Д нь эргэж хараад “ чи намайг алчих л даа “гэж агсан тавьж байснаа гэнэт над руу “ танай нөхөр чинь шоронд яваа биз дээ, би чамайг мэднэ шүү “ гэж хэлэхэд Т нь намайг өмөөрөөд “ нөхөр нь шоронд яваа л биз, чи ер нь яах гээд байгаа юм “ гээд мөн л Д-н үснээс зулгаагаад тавихгүй байсан юм. Би болон цуг явж байсан хүмүүс тэр хоёрыг салгаад болиулсан. Би Д-г цохиж зодсон асуудал бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-8/,
- Гэрч Т.О-н: 2020 оны 12 сарын 21-ний шөнө Сүхбаатар сумын төвөөс өөрийн аавын эзэмшлийн Сани-15 маркийн ........ дугаартай асахгүй болсон машиныг аймгийн төв рүү авч ирэхээр найз Бийн Приус-30 маркийн ........ Улсын дугаартай машинаар найз Э, Б, найз охин Х нарын явах гэж байхад Х-н найз гэх үл таних 2 эмэгтэй Х руу залгаж “намайг ирээд авчих, бид 2 залуутай архи ууж байна “ гэж дуудаад байсан.Тэгээд найзыгаа авъя гэхээр нь аваад явсан юм. “З” гэх нэртэй өндөр дээр гарч 3 сав том пиво хувааж уугаад цааш хөдөлсөн чинь сүүлд суусан 2 эмэгтэй согтож хоорондоо маргалдаж эхэлсэн. Сүхбаатар сум арай ороогүй байхад тэр 2 хоорондоо машины урд, арын суудал хоёроос зодолдож үстэлцээд байсан юм. Тэгээд сумаас гарахдаа чирүүлж яваа машиндаа салгаж суулгаад аймагт ирж нэгийг нь 5-н шард буулгасан зодуулсан эмэгтэйг өөрөөр нь заалгаж гэрийнх нь гадна буулгаж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-10-12/,
- Гэрч Т.Э-н: Т, Д хоёр хоорондоо маргалдаад хоёр биеэ үсдэлцээд байсан тэгэхээр нь салгаад Д-г урд суудалд суулгаад Сүхбаатар сум руу очоод машинаа чирээд шөнө БУ суманд ирсэн. Өмнө нь Х-г Д нь зодож байсан гэсэн, тиймэрхүү юм яриад хоорондоо маргалдсан. Т, Д хоёр бид нарын ууж байсан 3-н пивоноос хамт уусан. Хоролсүрэн Д-г зодож цохиогүй. Намайг харж байхад Т Д-гийн үснээс зулгаагаад байсан...гэх мэдүүлэг /хх-13/,
- Гэрч Б.Б-н: Өмнө нь Д нь Х-г зодож байсан юм гэсэн тиймэрхүү юм яриад хоорондоо маргалдаж байгаад тэр нь зодоон болсон, Харин Д нь өөдөөс нь янз бүрийн юм яриад Эын уурыг нь хөдөлгөөд муудсан Д-г урд суудалд суулгаад Сүхбаатар сум руу очоод машинаа чирээд буцахдаа арын машинд Э-г нь суулгаад өглөөгүүр 4-н цагийн үед аймагт ирсэн. Э, Д хоёр нь бид нарын ууж байсан 3-н пивоноос уусан, Д нь өмнө нь архи уучхаад ирсэн юм шиг байна лээ нэлээн согтсон. Д нь Э-г хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаад, Э нь Д-г үстээд байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-14/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай “...С.Д-н биед зулайн урд хэсгийн үс халцралт, няцралт, дух, хамар, 2 нүдний зовхи, зүүн шанаа, зүүн өгзөгний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-18-19/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай “...Т.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-20/,
- Т.Э-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн БУ сумын 8 дугаар баг ЗЧ гэх газарт болон машин дотор иргэн С.Д-н үснээс зулгаах, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зулайн урд хэсгийн үс халцралт, няцралт, дух, хамар, 2 нүдний зовхи, зүүн шанаа, зүүн өгзөгний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би Д-тэй хамт Сүхбаатар сум руу хамт явсан. Явах замдаа намайг хэл амаар доромжилсон. Тэгээд Д-г үсэдсэн” гэх,
хохирогч С.Д-н ” З-н овооны зүүн талд зогсож бид нар 2.5 литрийн Н нэртэй пиво 3-н савыг уусан. Тэгсэн Т нь намайг янхан, гичий, хөгшин хүүхэн, чи надтай харьцдаг хүн биш, чи дүү охинтойгоо 5000 төгрөгөөр биеэ үнэлээд явдаг биз дээ гээд миний үснээс зулгааж машинаас татаж буулгаад газарт унагаан нуруу руу 3-4 удаа өшиглөсөн, мөн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Цуг явж байсан залуучууд нь Т-г надаас салгаж машин руу оруулсан. Би араас нь машин руу ороод суутал Т нь машин дотор дахиж үснээс зулгаан аймхай руу өвдөглөсөн ” гэх,
гэрч Т.Х-н “ Д нь Т-г янхан гичий, банзал, би чамайг мэдэх юм байна гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байсан ба Т нь машин дотор шууд Д-н үснээс зулгаагаад гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Д нь эсэргүүцэл үзүүлж Тын хөл рүү нь өшиглөснийг бас харсан. Бид тэр хоёрыг арай гэж салгаад Д-г урд талын суудал дээр суулгахад Д нь эргэж хараад чи намайг алчих л даа гэж агсан тавьж байснаа гэнэт над руу танай нөхөр чинь шоронд яваа биздээ би чамайг мэднэ шүү гэж хэлэхэд Т нь намайг өмөөрөөд нөхөр нь шоронд яваа л биз чи ер нь яах гээд байгаа юм гээд мөн л Д-н үснээс зулгаагаад тавихгүй байсан юм ” гэх,
гэрч Т.О-н “ З гэх өндөр дээр гарч 3 сав том пиво хувааж уугаад цааш хөдөлсөн чинь сүүлд суусан 2 эмэгтэй согтож хоорондоо маргалдаж эхэлсэн.Сүхбаатар сум арай ороогүй байхад тэр 2 хоорондоо машины урд, арын суудал хоёроос зодолдож үстэлцээд байсан юм ” гэх,
гэрч Т.Э-н “ Э, Д хоёр хоорондоо маргалдаад хоёр биеэ үсдээд байсан. Тэгэхээр нь салгаад Д-г урд суудалд суулгаад явсан. Өмнө нь Х-г Д нь зодож байсан гэсэн тиймэрхүү юм яриад хоорондоо маргалдсан. Намайг харж байхад Э, Д-гийн үснээс зулгаагаад байсан ” гэх,
гэрч Б.Б-н “ Э, Д хоёр хоорондоо маргалдаад өмнө нь зодолдож байсан юм шиг юм яриад Э нь Д-г үсдээд байсан. Харин Д нь өөдөөс нь янз бүрийн юм яриад Эын уурыг нь хөдөлгөөд муудсан ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 22 дугаартай “ С.Д-н биед зулайн урд хэсгийн үс халцралт, няцралт, дух, хамар, 2 нүдний зовхи, зүүн шанаа, зүүн өгзөгний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх,
шинжээчийн 24 дугаартай “Т.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд хохирогч С.Д нь согтуурсан үедээ урьд өмнөх таарамжгүй харилцааны улмаас Т.Э-г хэл амаар зүй бусаар доромжлон, маргаан үүсгэж, улмаар хоорондоо зодолдох явцад Т.Э нь С.Д-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтаглан нүүрэнд гараараа цохих, үсдэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Т.Э-н хохирогч С.Д-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Т.Э-н зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэм хор, хохирлын талаар:
Т.Э-н үйлдлийн улмаас хохирогч С.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Д шүүх хуралдаанд “ гомдолтой “ гэж мэдүүлсэн боловч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой тодорхой тооцоотой нэхэмжлэл, нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүгдэгч Т.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч С.Д нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Э нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хохирогч С.Д-н, шүүгдэгч Т.Т-г “янхан гичий, банзал, би чамайг мэдэх юм байна “ гэх зэргээр зүй бусаар хэлж, доромжилсон үйлдлийн улмаас тэдгээр нь хоорондоо хэрэлдэж, зодолдсон болохыг гэрч Т.Х, Б.Б нар тодорхой гэрчилж, мэдүүлсэн байгааг дурдья.
Шүүгдэгч Т.Э-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Т.Э-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Т.Э нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Д гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН