Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

өмгөөлөгч Ж.Д,

шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол улсын иргэн, 19.... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар  .........., П.Д

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн БУ сумын 9 дүгээр баг ............... тоот өөрийн гэртээ иргэн Б.У-н нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь 2 нүдний эргэн тойрон, хамарт, зүүн хөхний дээд хэсэгт, 2 өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр хүүхдээ дагуулаад өөр өрөөнд унтах гэхээр нь би “ чи энд унтвал яах гээд байгаа юм” гэж том дуугараад хэрэлдсэн чинь хадам дүү “ намайг боль “ гэж хэлэхээр “ чамд ямар хамаатай юм “ гэж хэлээд Уг цохисон. Хохирогчоос уучлалт гуйсан. Эхнэрээ байнга дарамталдаггүй. Тухайн үед архи уусан байсан болохоор маргалдсан. Эхнэртэйгээ хэвийн харилцаатай байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл, ялыг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Хохирогч Б.У-н: 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой охин ОЭ, нөхөр Б-н хамт төрсөн эгч Н-нд хамт очсон. А, Д, Б нар Н нэртэй 2.5 литрийн 4-н ширхэг гар айргийг хувааж уугаад дууссаны дараа А гэр рүүгээ явсан юм. Би нөхөр Б-н хамт Д-н том өрөөнд унтаж байтал манай эгч Н нь “ Д-г хазаж чимхээд байна “гээд том өрөөндөө унтахаар орж ирсэн, Тэгсэн Д араас нь орж ирээд “ чи дандаа олон юм ярьдаг “ гээд гараараа Н-г цохихоор нь би Д-г “ чи одоо унтаж амраадах, яагаад дандаа ингэж эхнэр хүүхдээ тамлаж агсарч байдаг юм “ гээд гараараа Д-г цааш нь түлхсэн чинь зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, мөн боож унагаад цээж рүү цохихоор нь цагдаа дуудсан. Дуудлага өгсний дараа миний баруун нүд рүү цохисон ...дахин хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-5-6/

 

- Гэрч Б.Н-н: 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед манай нөхөр Д гэртээ хөдөөнөөс ирсэн 2 найзтайгаа 4-н ширхэг 2.5 литрийн том пиво уугаад хоёр найз нь яваад өгсөн тэгээд унтах гэж байсан чинь унтуулахгүй энд тэндээс чимхээд  байхаар нь цуг унтахгүй гээд уурлаад дүүгийнхээ унтаж байсан өрөөнд орсон чинь араас хашхирч бархираад орж ирээд цохих гээд байсан тэгээд манай дүү унтах гээд хэвтэж байснаа босоод Д-г хорьсон чинь манай дүүгийн нүүрэнд нь цохисон тэгээд цагдаа дуудаад өгсөн. Д пиво уугаад согтсон байсан. Манай дүү У, нөхөр Б, хоёр найз нь миний бие нийлээд зургуулаа 4-н том пиво уусан. Надруу Д дайраад байхаар өмөөрч манай дүү маргалдсан. Манай дүүг урьд өмнө нь зодож, цохиж байгаагүй. Архи байнга уудаггүй сард нэгээс хоёр удаа л уудаг өөрөө архи хайж, худал ярьж явдаггүй ажил хийгээд олсон мөнгөө бүгдийг нь авчирч өгдөг хүн ирвэл архи уудаг тэрнээс бол найз нөхөд байхгүй, архи уусан үедээ бархирч хашхирдаг, эрүүлдээ дөлгөөн дуугүй томоотой.” гэх мэдүүлэг/хх-9/

 

- Яллагдагч П.Д-н:2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 19-н цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ............. тоот гэртээ байхад хөдөөнөөс манай хоёр найз Г, Б нар ирэхдээ 5-н ширхэг Н нэртэй 2.5 литрийн пиво авч ирээд манай гэрт уусан тэгээд унтаж амрах гэсэн чинь манай эхнэр хүүхдээ дагуулаад өөр өрөөнд унтах гэхээр нь би чи энд унтвал яах гээд байгаа юм гэж том дуугараад хэрэлдсэн чинь манай хадам дүү У хажуу өрөөнд унтаж байгаад үсэрч босож ирээд эгчийг та зодох гэж байна уу? гэхээр нь баруун гараараа нүүр рүү нь алгадсан тэгээд эргээд дайраад байхаар нь цээж рүү нь түлхсэн тэгсэн чинь цагдаа дуудаж өгнө гэхээр нь дууд гэж хэлсэн тэгээд цагдаа дээр ирсэн. Би эхнэртээ гар хүрээгүй хэрэлдэж маргасан. Хажууд унтахгүй босоод явчихсан байхаар нь чи энд унтахгүй юм уу гээд хэрэлдсэн чинь дүү нь эгчийгээ өмөөрөөд маргалдсан. У-н нүүр, цээж рүү нь гарынхаа алгаар цохисон. 2018 онд эхнэрээ алгадсан гээд 7 хоног баривчлагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-25-26/

           

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай  “... Б.У-н биед 2 нүдний эргэн тойрон, хамарт, зүүн хөхний дээд хэсэгт, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-12-13/

 

  • Г.Н-н Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-29-30/

 

- Г.Н, Д.Ц нарын эвлэрсэн талаарх Тойргийн нотариатч Г.Д-н гарын үсгийн баримт /хх-32/

 

- Г.Н, З.А нарын 0132082 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-34/

 

- Г.Н-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-41/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 06 дугаартай санал /хх-44-45/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ........... тоот өөрийн гэртээ иргэн Б.У-г зодож эрүүл мэндэд нь “ 2 нүдний эргэн тойрон, хамарт, зүүн хөхний дээд хэсэгт, 2 өвдгөнд цус хуралт “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Манай эхнэр хүүхдээ дагуулаад өөр өрөөнд унтах гэхээр нь би “ чи энд унтвал яах гээд байгаа юм” гэж том дуугараад хэрэлдсэн чинь хадам дүү “ намайг боль “ гэж хэлэхээр “ чамд ямар хамаатай юм “ гэж хэлээд Уг цохисон” гэх,

хохирогч Б.У-н “ төрсөн эгч Н-нд А, Д, Б нар Н нэртэй 2.5 литрийн 4-н ширхэг гар айргийг хувааж уугаад дууссаны дараа А гэр рүүгээ явсан юм. Би нөхөр Б-н хамт Д-н том өрөөнд унтаж байтал манай эгч Н нь “ Д-г хазаж чимхээд байна “гээд том өрөөндөө унтахаар орж ирсэн, Тэгсэн Д араас нь орж ирээд “ чи дандаа олон юм ярьдаг “ гээд гараараа Н-г цохихоор нь би Д-г “ чи одоо унтаж амраадах, яагаад дандаа ингэж эхнэр хүүхдээ тамлаж агсарч байдаг юм “ гээд гараараа Д-г цааш нь түлхсэн чинь зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, мөн боож унагаад цээж рүү цохихоор нь цагдаа дуудсан. Дуудлага өгсний дараа миний баруун нүд рүү цохисон ” гэх ,

гэрч Б.Н-н “2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед манай нөхөр Д гэртээ хөдөөнөөс ирсэн 2 найзтайгаа 4-н ширхэг 2.5 литрийн том пиво уугаад хоёр найз нь яваад өгсөн. Тэгээд унтах гэж байсан чинь унтуулахгүй энд тэндээс чимхээд  байхаар нь цуг унтахгүй гээд уурлаад дүүгийнхээ унтаж байсан өрөөнд орсон чинь араас хашхирч бархираад орж ирээд цохих гээд байсан. Тэгээд манай дүү У босоод Д-г хорьсон чинь манай дүүгийн нүүрэнд нь цохисон ” гэх мэдүүлгүүд, 

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай  “... Б.У-н биед 2 нүдний эргэн тойрон, хамарт, зүүн хөхний дээд хэсэгт, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч П.Д нь согтуурсан үедээ эхнэртэйгээ гэр бүлийн маргаан үүсгэн, уг маргааныг хорьсон Б.У-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч П.Д-н, хохирогч Б.У-г цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

П.Д-н үйлдлийн улмаас хохирогч Б.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн  талаараа хэрэгт мэдүүлсэн /хх- 7/ тул шүүгдэгч П.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос П.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч П.Д-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн” гэдгээ илэрхийлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Иймд П.Д-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-н “  Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хангасан учраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос тохирсон ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх дүгнэлтийг хангах боломжтой гэж үзлээ.

 

Учир нь П.Д эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх болох нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/533 дугаартай  “ Баруун- Урт сумын ... дугаар багийн иргэн П.Д нь / ............/ өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 256.37 оноотой доод түвшний нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнээр үнэлэгдсэн болно“ гэх тодорхойлолтоор нотлогдох бөгөөд  П.Д-н дээрх хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.

 

Шүүгдэгч П.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч П.Д-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч П.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН