Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Э-т  холбогдох 213000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ..... тоотод оршиг суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 5 хоногийн баривчлах  ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар ..............., С.Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Э нь  Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1523 тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулахдаа энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

  Хохирогч  Э.А-н  “..2021 оны 01 дүгээр сарын 18- ны орой 19.00 цагийн үед манай нөхөр С.Э гэртээ согтуу орж ирсэн. Хоол унд хийсэн үү гээд хийсэн гээд хоол, цай хийж өгсөн. Хамт ирээд гадаа байсан найз О, хуурай ах Э хоёр нь машинтай хөдлөөд явсан чинь чи миний ах дүү нарыг үргээлээ, чамаас айгаад явчлаа, үхсэндээ ярвалзаад байгаа юм гичий минь гээд хэл амаар доромжлоод байж байтал найз О, хуурай ах Э нар нь ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүнд хандаж та нар манайд орж ирээгүй биз дээ, би та нарыг хөөгөөгүй байхад манай нөхөр чамаас боллоо гээд уурлаад байна гэхэд Э ах юу яриад байгаа юм гээд манай нөхрийг чи юу гэж эхнэрээ дарамтлаад байгаа юм, ах нь гэртээ унтуулаад аваад ирье гээд гэрээс
аваад гарсан. Удалгүй 1 цаг орчмын дараа ганцаараа ирээд “чи яадаг гэнээ, гичий минь
чамайг би алчихы л даа гээд заамдаж аваад, толгой руу гараараа хоёр, гурван удаа цохиод, хацар руу олон удаа алгадаад, алаад чамайг арьсыг чинь цэцэг шиг дэлбээлүүлнэ гээд гуталтайгаа өшиглөх гэснээ гутлаа тайлаад өшиглөн чамайг яргална гээд миний гэдэс, нуруу хэсэг рүү өшиглөсөн, гараа зангидаж байгаад нүүр рүү цохисон. Намайг цохиод унагааснаа над руу утас бариад май чи ах руугаа ярь, дүүгээ дуудаад ир дүүтэй чинь хамт алаад өгнөө гээд миний утас нэгжгүй болчихсон дүүтэй ярьж чадаагүй. Тэгээд би цагдаа дуудах гэтэл утсыг минь аваад шидчихсэн. Одоо чи цагдаагаа дууд, ах дүү нар хамаатан садангаа дууд гээд нүүр рүү алгадаад янхан минь чи уржигдар хаагуур явсан гээд хэл амаар доромжлоод байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, нэхэмжлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг  /хх-ийн 5-6, 19-20 х /

 

            Гэрч  Ц.Г-н   “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай хүргэн Э А согтуу ирж зодсон гэж охиноосоо сонссон. Охин намайг хүрээд ир гэхээр гэрт нь очсон. Би охиноо дагуулж гараад Хүүхдийн төлөө төв дээр очоод 3 хоног хамгаалалтад байлгаад хамтарсан баг хуралдаад надад хүлээлгэж өгсөн. Сүүлийн үед ажлаасаа орой тарлаа, хаагуур юу хийгээд янхандаад яваад байна гэж хардаж, маргалдаж мууддаг гэж манай охин хэлсэн ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 22-23 х /

 

            Гэрч  Э.Б-н  “... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд хүргэн Э-н гэрт байж байхад манай хүргэн О,Э нарын хамт орж ирсэн. Э нь машинаа асаагаад хөдлөх үед Э нь манай эгч А “чи манай ахтай дуугарсангүй, хөөлөө, хүн үргээлээ” гээд хэл амаар доромжлоод ална шүү гичий минь гэж хэлсэн, О нь Э-г хамт хоноё гээд аваад явсан. Би хоол идчихээд явахдаа Э-г шөнө ирээд зодож цохивол цагдаа дуудаарай гээд гэж хэлээд явсан. Тэгсэн шөнө нь Э ирээд манай эгчийг зодсон байсан. Өглөө нь манай эгч над руу танихгүй дугаараас залгаад такси дуудаад өг гэж хэлэхээр “та зүгээр үү“ гэсэн чинь согтуу ирсэн, тэгээд дарамталсан гэж хэлсэн, хүний утсаар ярьж байгаа болохоор өөр зүйл хэлж чадаагүй байх...” гэх мэдүүлэг  /хх-ийн 27 х /

 

            Гэрч  Э.Б-н  “...Маргааш өглөө нь А хоёр хүүхдээ дагуулаад манайд ирэхэд уруул нь хөхөрч хавдсан, зүүн гарын тохой хавьцаа хазсан бололтой шархтай байсан.би юу болсон талаар асуухад манай нөхөр зодсон гэж хэлсэн. Манай ээж А дагуулаад Хүүхдийн төлөө төв рүү явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 25 х /

 

            Гэрч  С.О-н   “...манай гэрт Э гэдэг ах, Э бид гурав 2.5 литрийн 5 ширхэг нийслэл пиво уугаад сууж байхад Э-н эхнэр хоол ид гэж нөхөр рүүгээ яриад бид гурав гэрт нь очсон. Тэднийд хоол идээд би гэртээ ганцаараа байсан учир цуг хононо гээд Э-г аваад явсан. Өглөө сэрсэн чинь Э байгаагүй. А тэр хоёр архи дарс уулаа гээд маргалдаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 29 х /

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 69 дугаартай  “.... Э.А-н биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт.... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 2-4х /

  

Шүүгдэгч С.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 х /

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-44х/

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-49х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-51х/

 

Шүүгдэгч С.Э-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56/

Шүүгдэгч С.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71/

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 72-73 /

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 23 дугаартай санал /хх-ийн 74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь  Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1523 тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулахдаа энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Э.А, гэрч Ц.Г, Э.Б-Э, Э.Б, С.О нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдох бөгөөд тэрээр гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч С.Э нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохих болон өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Э.А алгадаж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ”-ийг “ гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч С.Э-н эхнэр Э.А хэл амаар доромжилж, зодсон үйлдэл нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.

 

Шүүгдэгч С.Э-н, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.А зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

С.Э-н үйлдлийн улмаас хохирогч Э.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч Э.А гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Шүүгдэгч С.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч С.Э-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5,  6.6-д  заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч С.Э-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Э-т талсан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч С.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч С.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР