| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0059/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.А-д холбогдох 2130000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 2, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй регистрийн дугаар:.............., Т.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн С.Ч-н халааснаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, дансанд байсан мөнгөнөөс 630 000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч С.Ч-н “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд би дэлгүүр ороод 2.5 литрийн Сэнгүр пиво 4 ширхгийг авсан. Г-н гэрт очоод дэлгүүрээс авсан пивоо уусан. Н, А бид гурав тасраад унтсан байсан. Маргааш өглөө нь би даараад байхаар нь гал түлээд сууж байхад Г гаднаас ээжийндээ хоноод ирлээ гээд ирсэн. Тэгээд би өөрийн өмсөж явсан гадуур хувцасныхаа баруун талын халаасанд байсанд хар ногоон өнгийн ХААН банкны виза карт байхгүй байхаар Н-г чи миний виза картыг тоглоод авсан уу гэхэд Н би юу гэж чиний картыг авах юм гэхээр нь А-с асуухад А би аваагүй гэсэн... Тэгээд манай эхнэр Түмэн сумын ХААН банкин дээр очоод миний картыг хаалгахад миний картанд байсан 700 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг сумын ХААН банкны АТМ-ээс авсан байсан. ИУ дэлгүүрээс 30 000 төгрөгийн бараа авсан байсан... А-с 630000 төгрөгөө бүрэн авсан гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч Б.Т-н “... Манай нөхөр Ч над руу залгаад миний ХААН банкны виза картыг хаалгаарай картаа алга болгочихлоо гэсэн. Тэгээд би Т гэх хүн рүү залгаад шалгаад өг гэхэд ХААН банкны АТМ-ээс 600 000 төгрөг авсан байсан. Тэгээд би нөхрөө дагуулж очоод шалгуулахад ИУ гэх дэлгүүрээс 30 000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/ ,
Гэрч Б.Н-н “...Ч, А, Г бид дөрөв 2.5 литрийн пиво 4 ширхгийг аваад Г-н гэрт очсон. Тэгээд авч очсон пивоо 4-үүлээ ууж байгаад би тасарсан. Өглөө Г-нд сэрэхэд Ч миний ХААН банкны виза карт алга болсон байна гэж байсан. Тэгээд Г А-г хүргэж өгөхөө явсан. Намайг Г гэх залуу үнс асгалцаад өгх гэхээр нь би яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/ ,
Гэрч П.Г-н “... Ч, А, Н бид дөрөв 2.5 литрийн пиво 4 ширхгийг аваад манай гэрт очиж уусан... Өглөө нь Ч миний ХААН банкны виза карт алга байна би өглөө танай гэрийг галлахдаа хамт шатаачихсан юм байхдаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ ,
Яллагдагч Т.А-н “...Тэгээд маргааш өглөө нь 06 цагийн үед босоод Н Ч 2 дахиад ууна гэхээр нь би Ч-н халааснаас виза картыг нь хэлэхгүй авсан. Би Ч-н виза картаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 11 цагийн үед Мөнххаан сумын ХААН Банкны АТМ-ээс 630000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
Хохирогч С.Ч-н ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 04-05 х/
Шүүгдэгч Т.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 43 х/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын Т.А-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45/
Шүүгдэгч Т.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 х/
Хохирогч С.Ч-н гомдол саналгүй гэх хүсэлт /ххз-ийн 56 х/
Шүүгдэгч Т.А-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 57х /
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 58 х /
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 34 дугаартай санал /хх-ийн 59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн С.Ч-н халааснаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, дансанд байсан мөнгөнөөс 630 000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч С.Ч, гэрч Б.Т, Д.Н, П.Г нарын мэдүүлэг, Хохирогч С.Ч-н ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Т.А-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.А-н хохирогч С.Ч-н эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, дансанд байсан мөнгөнөөс 630 000 төгрөгийг авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас Т.А-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.А-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Т.А-н үйлдлийн улмаас хохирогч С.Ч-т 630 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Ч нь “Би Т.А-с 630 000 төгрөгөө бүгдийг нь авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Т.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Т.А-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч С.Ч-тэй эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.А-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Т.А-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Т.А-д зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.А-д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.А-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР