Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0027/З |
Дугаар | 221/МА2023/0317 |
Огноо | 2023-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0317
“М т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2023/0027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М т” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “М т” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал, эзэмшил газарт хүнсний ногооны тарьж байгаагүй бөгөөд шүүхийн үзлэгээр тогтоогдсон.
Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу тариалан эрхлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээрээ цахилгаан татаж, хашаа барьж, худаг гаргаж, зам талбай, агуулах зэргийг барьж бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байхад зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 358 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолыг 1.10 дахь хэсгийг зөрчиж, буруу үнэлсэн.
Нэхэмжлэгчийг “...дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд 802 222 541 төгрөгийн зардал гаргажээ” гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн нь газрыг төмс, хүнсний ногооны зориулалтын дагуу ашигласан байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараах цаг хугацаанд хамаарч байгаа нь хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй болохыг анхаараагүй.
Харин газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2020 онд 592 192 төгрөг төлөхөөс тухайн онд огт төлөлгүй 592 192 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “М т” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн байх бөгөөд мөн Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчлүүдийг гаргаагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна” гэж илт хууль бус дүгнэлт хийж, хууль зөрчсөн.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх шилжсэн тохиолдолд дуудлага худалдааны үнийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмшигчийн эрх, үүрэг хамт шилжих нөхцөл үүссэн байхад дуудлага худалдааны үнийг нөхөж төлөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн ажиллагааг үгүйсгэж, шүүхээс “Маргаан бүхий тохиолдолд дээрх хуулийн заалтуудыг хэрэглэж нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч “М т” ХХК нь уг маргаан бүхий газрыг анх Газрын тухай хуульд заасан журмын дагуу шинээр аваагүй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйл .... гэж заасны дагуу иргэн М.Т-аас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байх тул газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй юм” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.
3.2. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/555 дугаартай мэдэгдлээр олгосон боломжит хугацаанд дуудлага худалдааны анхны үнийг төлөх арга хэмжээ аваагүй байхад шүүх “...иргэн М.Т-аас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байх тул газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй юм” гэсэн дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөсөн үйлдэл болсон.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “М т” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “М т” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар багтсан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар иргэн М.Т-т 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн, улмаар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч “М т” ХХК-д шилжүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 18663300198151 дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулан “Төмс хүнсний ногоо”-ны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эзэмших эрхийн 000323085 дугаар гэрчилгээг олгосон байна.
2.4. Нэхэмжлэгч компанийн хувьд 2011 оноос 2021 оны хагас жил хүртэл маргаан бүхий газрын төлбөрт 9 504 384 төгрөг төлсөн, 253 102 төгрөгийн илүү төлөлттэй болох нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №420160240 тоот актаар тогтоогдож байх төдийгүй маргаан бүхий газар дээрээ хашаа болон цахилгааны дэд станц барьж, агуулахын зориулалттай барилгын суурийн цутгалт хийж, худаг гаргасан, зам талбайг тохижуулсан гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн буюу бодитоор хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан Төмс хүнсний ногооны агуулах хашаанд хийгдсэн ажлын жагсаалт, үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргагдсан фото зургуудаар тогтоогдож байна.
2.5. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн атлаа дуудлага худалдааны анхны үнэ болох 162 852 800 төгрөгийг төлөөгүй талаарх маргааны үндэслэлд “Нэхэмжлэгч “М т” ХХК нь уг маргаан бүхий газрыг анх Газрын тухай хуульд заасан журмын дагуу шинээр аваагүй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэж заасны дагуу иргэн М.Т-аас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байх тул газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй” гэх дүгнэлт хийсэн нь буруу байна.
2.6. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компанид төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхдээ гагцхүү дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр байсан ба нэхэмжлэгч компани нь уг газрын эзэмших эрхийг иргэн М.Т-аас шилжүүлж авсан нь нь тус компанийг дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
2.8. Гэвч хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнд тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.9. Тодруулбал, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаснаар нэхэмжлэгчээс гаргасан зөрчлөө арилгах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой байж болохоор байжээ.
2.10. Нэгэнт захиргааны байгууллага анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар газрыг эзэмшүүлээгүй төдийгүй анхны эзэмшигч иргэн М.Т-аас нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх шилжихэд ч дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх арга хэмжээ аваагүй байх тул дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэж дан ганц газар эзэмшигчийг буруутгах боломжгүй.
2.11. Харин хариуцагчаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан байгаа энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зөв бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаад нэхэмжлэгч компаниас дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй буюу зөрчлөө арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хүчингүй болгоход энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН